Барилгачдын олонх нь “гудамжинд” байна

2016 оны 3 сарын 17

Барилга хот байгуулалтын яам, АТГ, МХЕГ, Барилга хөгжлийн төв, барилгын чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд хамтран барилгын тусгай зөвшөөрөл тойрсон асуудлаар өнөөдөр /2016.03.17/ хэлэлцүүлэг өрнүүллээ. Барилгын зураг төсөл хийхээс эхлээд барилга барих, барилгын материал үйлдвэрлэх, өргөх байгууламж ажиллуулах гэхчилэн барилгын ажилд хэрэглэгддэг бүхий л тусгай зөвшөөрлийг тойрсон асуудлыг багцлан ярилцсан юм. Өдгөө улсын хэмжээнд барилгын чиглэлийн тусгай зөвшөөрөлтэй 4600 аж ахуйн нэгж, иргэд байдаг ажээ. Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгад /Барилгын шинэчилсэн найруулгыг УИХ-аас энэ оны хоёрдугаар сарын 5-ны өдөр баталсан/  ч тусгай зөвшөөрөл олгохдоо анхаарах зарим заалтыг багтаасан. Тиймээс хуулийг дагалдан үйлчлэх тусгай зөвшөөрлийн журмын талаар тал талаас нь хэлэлцлээ.

Хэдийгээр 4600 тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаа ч салбартаа идэвхтэй ажиллаж байгаа нь 700-800-гаас хэтрэхгүй гэдгийг Барилгачдын холбооны тэргүүн хэлж байлаа. Энэ нь барилгын салбар сүүлийн хоёр жил уналтад орсонтой холбоотой аж. Гэтэл шинэ хуулийг барилгын салбарын сэргэн мандалтын үед боловсруулж, тэр хувилбараараа батлагдсан. Өнөөдөр тус салбарын өнгө төрх 2-3 жилийн өмнөхөөс тэс өмнөө болсон тул дагалдах журмаа зөөлрүүлэн амьдралд нийцүүлж гаргаач ээ гэсэн саналыг аж ахуйн нэгжүүдийн зүгээс илэрхийлж байлаа. Харин нөгөө талд 2012 онд барилгын тусгай зөвшөөрөл олгох нөхцөлийг хөнгөлснөөс болж тусгай зөвшөөрөл хавтгайрсан, олонх нь лицензтэй ч  ажилгүй суух эхлэлийг тавьсан гэж тайлбарлаж байна. Тиймээс ажил үйлчилгээ эрхэлдэггүй, чанаргүй компаниудыг бууруулах гарц нь тусгай зөвшөөрлийн журамд бодитой заалт оруулах хэрэгтэй гэж байгаа юм. Барилгын тусгай зөвшөөрөл хүссэн бүхэнд олдохгүйгээс болж өмнө нь олж авсан хүмүүс нь үнэ хүргэн зарах тохиолдол гардаг. Үүнийг цэгцлэх  боломжийн талаар Барилгын хөгжлийн төвийн дэд захирал Д.Баттулга хэлэхдээ “Мэр сэр зар гарсан байдаг. Бид зарын дагуу шалгаж өгөх хүсэлтийг Эрүүгийн цагдаагийн газар, Авлигатай тэмцэх газар зэрэг холбогдох байгууллагуудад ханддаг. Түүнээс бид өөрсдөө мөрдөж мөшгөөд хэнд хэдэн төгрөг өгснийг нь шалгаад явах боломжгүй” гэсэн юм.

Хямрал дагасан сайн мэдээ гэвэл энэ жилээс эхлэн барилгын салбар дахь зохиомол үнэ, ханш, хөөсрөлт харьцангуй буурч байна гэсэн дүгнэлтийг зөвлөгөөнд оролцогчид хэлж байлаа. Гэхдээ өнөөг хүртэл барилгын салбарын үнэ өртгийг  боловсруулж гаргаагүйг буруутгаж байлаа.  5-6 жилийн өмнөөс мартагдсан үнийн индексийг дахин сэргээх, барилгын метр кв-ын үнэ, өртгийг баригдсан стандартад нь тулгуурлан гаргах цаг болсныг тодотгосон юм.

Дээрээс нь нэгэн ноцтой асуудал бол барилгын салбарын мэргэжилтэй ажилчны бодлого алдагджээ. Тусгай зөвшөөрөл бүхий 4600 аж ахуйн нэгж багадаа мэргэжлийн 10 хүн ажиллуулдаг гэж тооцвол хамгийн багадаа 46 мянган барилгачин ажил орлоготой баймаар. Гэтэл энэ тоо 25-38 мянгад хэлбэлзэж байгаа гэнэ. Барилгын мэргэжилтнүүдийн талаас илүү хувь нь гудамжинд гарч, бригад хэлбэрээр ажиллаж байгаа ажээ. Бригад байгуулан ажиллаж буй мэргэжилтэй ажилчдын хувьд хямд өртгөөр ажил хийдэг, хийсэн ажлынхаа цалин хөлсийг авч чадахгүй байх зэрэг хүндрэл гарах болжээ. Наад зах нь нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал төлдөггүйгээс гудамжны ажиллагсад гудамжны хуулиар л явсаар өнөөг хүрчээ. Эдэнд анхаарал хандуулах, эмх цэгцэнд оруулах, дахин сургаж эрэлттэй зах зээлд нийлүүлэхэд салбарын яам л санаа тавих учиртай юм. Сүүлийн үед барилгын бригадынхан цалин мөнгөө авч чадахгүйд хүрсэн гомдол тасрахаа байжээ. Өдөрт хэдэн 10 барилгачид гомдол мэдүүлэн ирдэг болсныг Барилгачдын холбооны тэргүүн М.Батбаатар хэлж байна. Аж ахуйн нэжгүүдийн хувьд ам.долларын зээлийн хүүнээс болж 2-3 тэрбумын алдагдалд орсон байх нь бий гэнэ. Тиймээс хууль, журмыг амьдралд нийцүүлэн хэрэгжүүлээсэй гэж тэрбээр тодотгосон.

Энэ жилийн хувьд барилгын салбар сэргэн мандана гэж амлахгүй ч хөдөө орон нутагт илүүтэй өргөжих боломжтой ажээ. Хаана ч ажилласан барилгачдын ганц хүсэл дараа төлбөрт үйлчилгээнээс татгалзах. Ялангуяа төр, засгийн зүгээс Концессийн гэрээ гэх мэт сайхан үгээр халхавч хийж барилга байшингаа бариулчихаад гүйцэтгэсэн хойно нь 1-2 жилээр луу унжаад суучихдаг нь барилгынхны хамгийн хүнд байдалд оруулдаг гэдгийг барилгачид хэлж байна.

Д.ЦЭЭНЭ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна