“Оюутан цэрэг” хөтөлбөрт 1000 оюутан хамруулна

2016 оны 3 сарын 17

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ “Оюутан цэрэг” хөтөлбөрийн хүрээнд энэ онд 1000 оюутан хамрагдах болсныг онцоллоо. Тодруулбал, нийслэлд 750, Ховд аймагт 150, Дорнод аймагт 100 оюутныг хамруулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд дээрх хөтөлбөрт 1500 орчим оюутан хамрагджээ.

Монгол Улс өнөөдрийн байдлаар дэлхийн 32 улстай батлан хамгаалах салбарт харилцаа тогтоон, хамтран ажиллаж, гадаадын таван улс Монгол Улсад цэргийн атташегаа байнга суулган, 16 улс БНХАУ-д суугаа Элчин сайдын яамдын цэргийн атташе нараа Монгол Улсыг хавсруулан ажиллуулж байгаа аж.

Мөн 2015 онд БНСУ, БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэргэд Батлан хамгаалахын атташегийн албаа шинээр нээн ажиллуулж эхэлжээ.

Монгол Улсын зэвсэгт хүчнээс НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцох оролцоо нэмэгдэж 2002 оноос хойш давхардсан тоогоор 12 мянга гаруй цэргийн албан хаагч үүрэг гүйцэтгэснээс одоогоор 1185 цэргийн албан хаагч үүрэг гүйцэтгэж буй аж.

Афганистан улсад хийж буй олон улсын цэргийн ажиллагаанд 346, АНУ-ын Төвийн командлалын төлөвлөлтийн бүлэгт 3, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 895, Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын цэргийн зөвлөх 1, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны газрын Цэргийн хэлтэст 1 нийт 1100 гаруй цэргийн албан хаагчид үүргээ амжилттай гүйцэтгэж байгаа юм байна.

Мөн сайд энэ үеэр УИХ-аар өнгөрсөн онд Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичиг батлагдсантай холбоотойгоор батлан хамгаалахын багц хуулиудыг шинэчлэх эрх зүйн үндэс тавигдсаныг онцоллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Батлан хамгаалах тухай хууль, Зэвсэгт хүчний тухай хууль, Цэргийн албаны тухай хууль, Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг  санаачлан боловсруулж УИХ-д өргөн барьсан. Зэвсэгт хүчнийг 2030 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийг боловсруулан Засгийн газраар шийдвэрлүүлэх, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох оролцоог нэмэгдүүлж, “Инженерийн рот”-ыг бэлтгэн илгээх асуудлаар шийдвэр гаргуулах зэрэг томоохон ажлууд хүлээгдэж буй юм байна.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна