АСЕМ-ын хүрээнд зургаан зам, 13 гудамжийг засварлана

2016 оны 3 сарын 17

Улаанбаатар хотын менежер Б.Бадрал, Нийслэлийн замын газрын дарга Д.Нанзаддорж, АСЕМ-ын БАА-ны орлогч дарга Б.Баясгалан нар АСЕМ-ын уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд нийслэлд хийж буй зам засвар, тохижилт, дэд бүтцийн ажлын талаар өнөөдөр /2016.03.17/ мэдээлэл хийлээ.

Авто замын засвар, шинэчлэлтийн чиглэлээр зургаан төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Үүнд:

-Гандийн гудамжны 1.6 км авто зам шинэчлэлт, Баянмонгол хорооллын 1.1 км авто зам шинэчлэлт, Их монгол улсын гудамжны 2.1 км авто замын өргөтгөл шинэчлэлт, Зайсангийн гудамжнаас Жапан таун хүртэлх 0.75 км авто замын өргөтгөл шинэчлэлт, Энхтайваны гүүрний зүүн талын туслах авто замаас Сөүл ресторан хүүхдийн паркын дундуур Олимпын гудамж, Гэндэнгийн гудамж хүртэлх 0.98 км авто замын зураг төсөл, барилгын ажил, Яармагийн гүүрнээс Чингэс хаан ОУНБуудал хүртэлх авто замын гэрэлтүүлэгчийг солих болон Богд уулын арын 17.5 км авто замын гэрэлтүүлгийг шинээр тавих

Дээрх ажлын гүйцэтгэтгэгч шалгаруулах ажлыг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар гуравдугаар сарын 20-ноос өмнө зохион байгуулах аж. Ингээд гуравдугаар сарын 25-наас эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байгаа хэмээн мэдээлэлдээ дурдлаа.

Зөвхөн зам засварын ажил хийхээс гадна гудамж, талбайн тохижилт, засвар үйлчилгээний ажил хийхээр төлөвлөөд байгаа. Үүнд нийтдээ 13 гудамж тохижуулахаар төлөвлөөд байгаа төдийгүй энэ долоо хоногийн даваа гаригаас эхлэн Гэндэн, Жамъян гүний гудамжинд байрлуулсан нүхтэй хавтанг хуулах, хэрэггүй хайс хашлагуудыг буулгах гэх мэт ажлуудыг гүйцэтгээд эхэлжээ. Харин үлдсэн 12 гудамжинд хариуцсан ажлын хэсэг томилоод ажиллаж байгаа юм байна.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна