Курдууд Сириэс салан тусгаарлах уу?

2016 оны 3 сарын 17

 

Сирийн курдууд хяналтаа тогтоосон хойд нутагтаа Холбооны муж байгуулахаар зэхжээ. Тэд Лхагва гаригт мэдэгдэл хийж, угсаатны бүлгүүдээс тогтсон загвар муж болно гэжээ. Гэвч курдуудын салан тусгаарлах тухай энэ амбиц нь Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассад болон сөрөг хүчний босогчдын аль алины эсэргүүцэлтэй тулгарчээ.

 

Сирийн курдуудын энэ алхам нь Сирийг хагалан бутаргана гэж сөргөлдөгч талууд үзэж байгаа юм. Сиритэй хиллэдэг бүс нутагт нь улам хүчтэй болж буй курдын нөлөө үндэстний цөөнх болсон курд угсаатнуудад муугаар нөлөөлнө гэж үзсэн Турк ч бас үүнийг эсэргүүцэж байгаа юм.

 

Сирийн хойд хэсэгт хяналтаа тогтоосон Курдын албаны нэгэн хүн Курдын гурван автономиос бүрдэх Холбооны муж бол үндэстний эв нэгдлийг хангаж, Сирийг хагарахаас сэргийлнэ гэж мэдэгджээ.

 

“Таван жил цус асгаруулсны дараа сиричүүд үүнээс өөр ямар ч саналыг хүлээж авахгүй “ гэжээ.

 

НҮБ-ын дэмжлэгтэйгээр Женевт болсон энхийн хэлэлцээний үеэр Сирийн Курдын фракц одоо тус бүс нутагт гол тоглогчдын нэг болохын тулд мэдэгдэл хийсэн боловч хэлэлцээнээс тэднийг хассан билээ.

 

Курдын Холбооны муж байгуулах санааг дэлхийн болон бүс нутгийн улс төрийн гол тоглогчид хямралаас гарах гарц байж мэднэ гэж хүлээж авчээ. ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров  хэлэхдээ “Сирийн иргэд зөвшөөрвөл Холбооны муж байгуулах нь байж болох хувилбар юм” гэжээ. АНУ ч мөн Курдын том ар тал байсаар ирсэн бөгөөд 2003 онд Саддам Хусейний дэглэмийг унагасны дараа Иракт тэмцэл явуулахад туслаж байсан билээ.

 

АНУ-ын Төрийн департментын төлөөлөгч Марк Тонер “Сирид улс төрийн зөвшилцөлд хүрэхийн оронд Холбооны автономит бүс байгуулахыг АНУ эсэргүүцэж байна. Бид Сирийн ард түмний эрх ашигт нийцэх бүх талын төлөөллөөс бүрдэх засгийн газар байгуулахын тулд яриа хэлэлцээг шинэ шатанд гаргахад анхаарч байна” гэсэн юм.

 

Исламын Шийт урсгалын төлөөлөл Башар аль Ассадын Засгийн газар Газар дундын тэнгисийн эрэг хавийн Дамаск болон бусад хотуудыг хяналтандаа байлгадаг бол курдууд тус улсын хойд хэсэгт өөрсдийн хэргийг хамаардаг ажээ.

 

Суннитийн исламчууд Сирийн нутаг дэвсгэрийн өмнөд дэх дийлэнх нутгийг хамаардаг бол Суннитийн бусад босогчид Сирийн умард болон өмнөд хэсгийг хянаж байгаа юм.

 

Сирийн хамгийн том угсаатан болох курдууд тус улсын 23 сая хүн амын 10 гаруй хувийг эзэлдэг бөгөөд Турктэй хиллэдэг бүс нутагт амьдардаг байна.

 

Курдууд 2013 онд орон нутгийн удирдлагыг Жазира, Кобани болон Африн гэсэн гурван тойрогт хуваасан билээ.

 

Курдын хамгийн том нам болох Ардчилсан холбоо нам болон цэргийн бүлэглэл  Ардын хамгаалалт ангийн төлөөлөгчдийг Женевийн энхийн хэлэлцээнд оролцуулахыг ОХУ дэмжсэн боловч Турк эсэргүүцсэн учраас  хөөн гаргасан байна. Учир нь, Анкарагийн эрх баригчид Курдын бүлэглэлүүдийг алан хядагчид гэж нэрлэсэн юм.

 

ОХУ Сирийн босогчдод агаараас цохилт өгч, цэргийн ажиллагаа явуулснаас хойш таван сарын дараа цэргээ татахад Курдууд Холбооны муж байгуулах тухай мэдэгдсэн билээ.

 

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна