Өмгөөлөгч Д.Пүрэвбаатар ЦЕГ-ыг гүтгэсэн гэв

2016 оны 3 сарын 17

УИХ-ын гишүүн Х.Баттулга тэргүүтэй хэд хэдэн хүнийг “Шинэ төмөр зам” төслийн 55 тэрбум төгрөгийг угаасан хэрэгт холбогдуулан Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар хамтран шалгаж эхэлсэн. Гэхдээ өчигдөр өмгөөлөгч Д.Пүрэвбаатар Х.Баттулгыг хуулийн байгууллагынхан хууль бусаар шалгаж байна гэж мэдэгдсэн. Харин өнөөдөр /2016.03.17/ ЦЕГ мэдээлэл хийж, өмгөөлөгч Д.Пүрэвбаатар огт нотлогдоогүй, баримтгүй мэдээлэл цацаж, цагдаагийн байгууллагын нэр хүндэд халдаж байна гэж үзэн түүний эсрэг мэдэгдэл гаргалаа. Өмгөөлөгч Д.Пүрэвбаатар “Өмнө нь энэ хэрэг дээр хуулийн байгууллага ажиллаад Л.Оюунбат үнийн дүнг нэмэгдүүлж, Засгийн газрыг залилсан байх магадлалтай тул шалгах хэрэгтэй гэсэн шийдвэр гаргасан. Гэтэл Р.Чингис тэргүүтэй цагдаагийн удирдлагууд ямар үндэслэлээр сэжигтнээр татагдан хоригдож байсан Л.Оюунбатыг сулласан нь мэдэгдэхгүй байна. Эндээс харахад энэ хэрэгт цагдаагийнхан оролцсон” гэж үзэж болно гэх тайлбарыг өчигдөр сэтгүүлчдэд өгсөн юм. Мөн тэрбээр ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар Р.Чингисийг албан ажлаа өгөөд,  өөр хүн томилж шалгуулахыг хүсэж байна гэж мэдэгдсэн юм.

АТГ, ЦЕГ-аас хамтран гарсан ажлын хэсэг төмөр замын хэргийг шалгаж, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж байна. Гэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөх ажиллагаа, хэнийг, хэдэн хүнийг сэжигтнээр татаж байцааж эхэлсэн бэ гэдгээ цагдаагийнхан мэдээлэх боломжгүй гэлээ. Мөн өмгөөлөгч хүн зөвхөн хэрэгт сэжигтнээр татагдсан үйлчлүүлэгчийнхээ эрх зүйн байдлыг хангаж ажиллах ёстой ч Д.Пүрэвбаатар энэ жишгийн дагуу ажиллаж чадахгүй, хуурамч баримт, мэдээлэл цуглуулж хуулийн байгууллагыг гүжирдэж байна гэж ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү ярилаа.

Д.Пүрэвбаатар өмгөөлөгч “2013 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр ажлын хэсгийн дүгнэлт гарахдаа төслийн хэрэгжилтэд  93,6 тэрбум төгрөг шаардлагатай гэж дүгнэлт гаргасан тул энэ хөрөнгийг шилжүүлсэн. Гэтэл 38 тэрбум төгрөг л "Энержи Ресурс Рэйл" компани зарцуулсан байдаг. Үлдсэн 55 тэрбум төгрөгийн ажил одоо хүртэл байхгүй.   Үүнээс үзвэл 55 тэрбумыг “Энержи Ресурс Рэйл” компани нь авсан болж таарч байгаа аж. Гэтэл тус компанийн авсан мөнгийг Х.Баттулга “идсэн” мэтээр ярих боллоо” гэсэн тайлбарыг өчигдөр сэтгүүлчдэд өгсөн юм. 

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна