“Альянс Тех Харцага” II байраа баталгаажуулав

2016 оны 3 сарын 17

МҮСБХ-ны Үндэсний супер лигийн гуравдугаар тойргийн ээлжит хоёр тулаан өчигдөр СТО-д боллоо.

Одоогоор Супер лигийг "Төв аймаг Төв ургац" 13 хожилтой тэргүүлж байгаа бол "Альянс Тех харцага" 11, "Баянгол Сентоза Ирвэс" 10, "СБЛ Хасын хүлгүүд", "Дархан Гарьд" тус бүр 9 хожилтой удаалж байна. Харин "Дундговь Мон-Алтиус Смарт", "Баянзүрх Их өргөө аравтууд" 8 хожилтой байгаа бол "Архангай Лидер" ээлжит хожлоо авснаар плей-оффт шалгарах магадлалаа багасгаж орхилоо.


"Альянс Тех Харцага" - "Мон-Архангай Лидер" 102:94

“Лидер”-ийн хувьд энэ тоглолтод ялагдвал плей-оффт шалгарах магадлал улам бүр багасах байсан. Тиймээс тэд тоглолтыг тун хариуцлагатай эхлүүлсэн бөгөөд нэгдүгээр үед багаараа сайн тоглож, таван оноогоор илүү гарлаа. Ялангуяа Э.Дөлгөөн, Б.Батзолбоо нар хамгаалалт довтолгоонд багаа тэргүүлж байв. Гэхдээ хоёрдугаар үед Б.Одбаяр, П.Болортулга нарын шилдгүүд будагтай талбайд хамгаалалтаа сайн гүйцэтгэн эргээд довтолгоонд идэвхтэй байж тооны зөрүүг арилгасан юм. Улмаар “Харцага” хоёрдугаар үед тун үр дүнтэй тоглосоор эхний хагасыг 53:47-гоор дуусган зургаан оноо илүү авав. Гуравдугаар үед аваргууд формоо хадгалж, сайн тоглолт үзүүлсэн бөгөөд онооны тэргүүллээ 11 болголоо. Шийдвэрлэх үед “Лидер”-ийн залуус тооны зөрүүг ойртуулах гэж хичээсэн ч “Харцага” тэдэнд боломж олгосонгүй. Улмаар аваргууд өрсөлдөгчөө 102:94-өөр буулган авч, хүснэгтийн хоёрдугаар байраа баталгаажуулав. Тэд ийнхүү улирлын 11 дэх хожлоо байгуулсан нь энэ. “Харцага” багаараа 47 хувьтай довтолсон бөгөөд тэд тун сайн хамгаалсан нь “Лидер” 36 хувьтай довтолсоноос харагдаж байна. Мөн аваргууд будагтай талбай, самбар дор илүү байж, багаараа 53 самбар авчээ. Харин “Лидер”-ийн том залуус 38 самбар авсан байх юм. Тус тоглолтод “Харцага”-аас Т.Акол 22 оноо, П.Болортулга 19 оноо, долоон самбар, К.Блэйр 14 оноо, Б.Одбаяр 13 оноо, 13 самбар тус тус авчээ. Харин “Лидер”-ээс Б.Батзолбоо 23 оноо, Э.Дөлгөөн 23 оноо, 11 самбар, Чу 17 оноо, Цэлмэг 14 оноо авлаа. “Лидер” өдгөө долоон хожил, 12 хожигдолтой хүснэгтийн сүүлд явна.

“Сентоза Ирвэсүүд” – “Мон-Алтиус Смарт”  98:120

Хоёрдугаар тойргийн сүүлээс эхлэн уналтад ороод буй “Ирвэсүүд” плей-офф эхлэхээс өмнө эргэн формоо олохгүй бол амжилт гаргаж чадахгүй байдалд ороод буй. Тэд өчигдөр плей-оффт орохын төлөө зүтгэж буй “Смарт”-тай нүүр туллаа. Тоглолтын эхнээс “Смарт”-ын Моррис жинхэнэ утгаараа төгс тоглолт үзүүлсэн юм. Тэрбээр зөвхөн эхний үед 17 оноо ганцаараа авлаа. Улмаар баг нь эхний үед 31:19-ээр давамгайлав. Тэд хоёрдугаар үед багаараа хамгаалалтад сайн ажилласан бөгөөд “Ирвэсүүд” шидэлт, оролт хийсэн тун хүнд байдлаас довтолж байсан нь “Смарт”-ын хамгаалалт сайн байсныг илтгэх юм. Улмаар “Смарт”-ын залуус тэргүүллээ 15 болгон холдуулав. Гуравдугаар үед “Смарт” 20 оноогоор тасарч тоглолтын хувь заяаг бараг шийдчихсэн гэхэд хилсдэхгүй. Сүүлийн 12 минутад “Ирвэс” эцсийн дайралтаа хийсэн “Смарт”-ын хамгаалалт хэмнэлээ алдсангүй. Улмаар тэд өрсөлдөгчөө 120:98-аар бутниргэв. Энэ үдэш “Смарт”-ын легионер тоглогч Моррисийнх байлаа. АНУ-ын Хьюстоны их сургуульд хүчин зүтгэж явсан тэрбээр энэ үдэш 41 оноо, найман оновчтой дамжуулалт, найман бөмбөг таслалт, долоон самбар авч гайхалтай жигд тоглолт үзүүлэн багаа ялалтад хөтлөв. Түүнд А.Браун, А.Гансүх нар 16 оноогоор тусалжээ. Харин “Ирвэсүүд”-ээс Т.Санчир 28 оноо, Д.Брьювер 21 оноо, Э.Дорж-Арилд 17 оноо авлаа. “Ирвэсүүд” улирлын ес дэх хожигдлоо ийнхүү амссан бол “Смарт” найм дахь хожлоо байгуулсан юм. “Ирвэсүүд” яагаад уналтад орсон бэ? Энэ асуултыг хариултыг тэдний тоглолтоос хайж үзлээ. Гол учир Майк Андерсон байх магадлал өндөр байна. Учир нь тэрбээр баг нь довтолж байх үед будагтай талбай, самбар дорж шахах бус гурвын шидэлтийн зураасны гадна бөмбөг нэхэн зогсож байх юм. Төвийн тоглогч гурвын зураасны гадна зогсох эсрэг багийн хамгаалалтыг сарниулах үүргэтэй ч тоглолтын турш ингэж болохгүй. Тэрбээр гурвын шугамны арл зогсохдоо авсан бөмбөгөө цагаригт хийж, өндөртэй хувьтай шиддэг бол багт ашигтай. Гэтэл түүний шидэлтийн хувь муу. “Ирвэсүүд” одоо түүний тоглох минутыг багасгаад жижиг тавтаар үзвэл эргээд хуучин формоо олох боломжтой.

 

Дундговь Мон-Алтиус Смарт Vs Баянгол Сентоза Ирвэсүүд 120:98

Posted by Mongolian National Basketball Association on Wednesday, March 16, 2016

 

 

Алтан Дорнод Монгол Архангай Лидер - Альянс Тех Харцага -94:102Харцагууд улирлын 11 дэх хожлоо авч, хүснэгтийн 2-р байр руу дэвшин орж ирлээ

Posted by Mongolian National Basketball Association on Wednesday, March 16, 2016

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна