Орон нутгийн театрын уран бүтээлчид хамрагдана

2016 оны 3 сарын 17

Сэтгүүлч:
Улаанбаатар

Улсын драмын эрдмийн театраас төв, орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагуудын уран бүтээлчид болон ажилтнуудын мэргэжил ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Театр 2016” онол, практикийн сургалтыг театрын 85 жилийн ойн хүрээнд энэ сарын 18-22-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Уг сургалтанд УДБЭТ, ХЦДБЧ болон Дархан, Сэлэнгэ, Дундговь, Сүхбаатар, Ховд, Увс, Баянхонгор зэрэг 15 аймгийн 20-иод театр чуулгын 120 гаруй уран бүтээлчид болон ажилтнуудад “Театрын удирдлага, менежмент”-ийн сургалтыг ХБНГУ-ын театрын мэргэжилтэн доктор Фолкер Баллвег, “Найруулагч-Жүжигчин”-ын УДЭТ-ын найруулагч УГЗ Ч.Найдандорж, “Театрын зураач-сценограф”-ийн сургалтыг УДЭТ-ын ерөнхий зураач СТА Т.Ганхуяг, “Театрын гэрлийн найруулга”-ын сургалтыг УДЭТ-ын гэрлийн найруулагч СТА Ц.Эрдэнэбат, “Театрын дууны найруулга”-ын сургалтыг  УДЭТ-ын дууны найруулагч СТА Т.Ганхуяг нар удирдан явуулна.

1931 онд орчин цагийн мэргэжлийн урлагийн байгууллага болох Улсын төв театрыг үүсгэн байгуулахад хуучнаар ЗХУ-аас мэргэжилтэн сургагч багш А.Ефремов, А.Борейшо нар урилгаар хүрэлцэн ирж театрын уран бүтээлчидэд сургалт явуулж мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэн өгч байсан түүхтэй. Тэр цагаас хойш УДЭТеатр Олон Улсын Театрын Институтын Монголын төвтэй хамтран ОХУ, Герман, Швед, Солонгос зэрэг улсуудаас театрын мэргэжилтэн, сургагч багш нарыг урьж мэргэжлийн сургалт, семинарыг зохион байгуулж байсан билээ.

Энэ удаад Герман-Монголын сургагч багш нар хамтран театрын 85 жилийн ойн хүрээнд “Театр 2016” онол практикийн сургалтыг явуулж байна.

Нээлтийн үйл ажиллагаа 2016 оны 3-р сарын 18-ны 10 цагт Улсын хүүхэлдэйн театр болох тул эрхэм хүндэт хэвлэл мэдээллийн сэтгүүлчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТЕАТР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна