PERFECT байх хүсэлтэй Амараа

2016 оны 3 сарын 17

УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд асан Р.Амаржаргалын өглөө хаанаас эхэлдэг вэ?

06.00 цаг. Хаврын өглөө хэдийнээ гэгээ оржээ. Хотын хөл хөдөлгөөн хараахан эхлээгүй нам гүм үеэр ажлаа эхлэх урамтай. Юун түрүүнд кофе, эсвэл нимбэгтэй цай найруулж аваад компьютерийн ард сууна. Хол ойроос ирсэн шинэ цахилгаан шуудан, захидалтай танилцаж, яаралтай хариу өгөх, хойшлуулж болох эсэхээр нь ангилна. Бөмбөрцгийн цагийн зөрүүг ашиглан гадаад харилцааны ажлуудаа амжууллаа.

Интернэтийн ачаалал бага энэ үеэр твийтэрт орж, шинэ тутам жиргээнүүдийг шүүрдэж үзнэ. Энэ орчинд түүний түлхүү сонирхдог аккаунтууд гэвэл тэр бүрий захиалж чадахгүй гадны хэвлэлүүд, судлаачид, сэтгүүлчдийн хаягууд. Тэдгээр хаягаас “жиргэсэн” мэдээлэл, холбоосуудаар дамжуулан дэлхийн хамгийн трендинг сэдвүүд юу болох, тэр талаар хэн юу гэж бодож, ярьж байгаатай танилцана. Хэрэв тухайн мэдээлэл хэтэрхий урт бол “дараа харах” цэс рүү дамжуулан хадгална. Уншсан мэдээлэлтэйгээ холбоотой тэмдэглэл хөтөлдөг нь түүний зуршил.


07.30 цаг. Компьютерийнхээ араас босох цаг болжээ. Угаалгын өрөө, дараа нь гал тогооны өрөөгөөр дамжина. Өглөөний цай хөнгөхөн, бас богинохон. Хүүтэйгээ болон гэрийнхэнтэйгээ өнөөдрийн ажлын хуваариа солилцож амжлаа.  Ажил руу гарахад хэдийнэ бэлэн болов. Гэхдээ түгжрэл хэр байгаа бол?

 

 


08.30 цаг. Төрийн ордон дахь ажлын өрөө. Туслахын бэлтгэсэн тухайн өдрийн ажлын хуваарьтай танилцана. Чуулганы хуралдаан эхлэхээс өмнө тогтмол хэвлэлүүдээ эргүүлэн үзнэ. Түүний онцгой зуршил: сонин уншихдаа тодотгомоор мэдээллүүдийн доогуур үзгээр зурна. Түүний хэвлэлүүд дунд заавал байдаг бусад зүйлс: статистикийн товхимол, энд тэндхийн судалгааны байгууллагуудын гаргасан статья, эмхэтгэл. Энэ өдөр тэдгээрийн дунд “Нээлттэй боловсрол” хэмээх нэг ижил гарчигтай хэд хэдэн эмхэтгэл харагдав. “Датаком”-ын гэгддэг Д.Энхбатын эрхлэн явуулж буй томоохон төслийн хүрээнд юу хийгдэж байгаатай тэндээс танилцаж болно. Интернэт орчинд сургалтын хөтөлбөр, программ, холбоотой бүх материалыг хэрхэн хангалттай байршуулж болох вэ. Боловсролыг хэрхэн хил хязгааргүй эүэмшиж болох вэ. Үүнд шийдэл, гарц нээж байгаа Д.Энхбатын төслийг тэрбээр эхнээс нь дэмжсэн. УИХ-ын гишүүний тэрбум төгрөгийн багцаа бүхлээр нь уг төсөлд зарцуулдаг байсан.

 


10.00 цаг. Ажлын өрөөний зурагт CNN суваг дээр зай завсаргүй шулганана. Мэдээний доогуур гүйх ханшийн мэдээллийг хэрэг болгон хараад “Азийн зах зээл өнөөдөр өсөлттай гарчээ” гэв. Түүний байнга үздэг суваг  CNN, Bloomberg TB.


11.00 цаг. УИХ-ын гишүүний тойрог дахь бие төлөөлөгчид долоо хоног бүрийн нэг өдөр энэ цагт ажлаа танилцуулна. Чуулганы завсарлага тул тэрбээр тойргийнхоо хороод дээр олон уулзалтууд төлөвлөжээ. Тойрогт түүний бие төлөөлөгч Ц.Гонгоржав, Д.Туваан нар тогтмол ажиллаж, хороо бүрт хүрч иргэдийн санаа бодол, тулгамдсан асуудлыг сонсохыг хичээдэг. Тойрогтоо 200, 300 хүн зэрэг цуглуулж, хоёр, гурван цагаар хурал хийх амаргүй тул бие төлөөлөгчдөөрөө дамжуулан сонгогч нэг бүрт хүрч ажиллахыг хичээдэг гэнэ.


11.30 цаг. УИХ-ын Тамгын газрын мэдээллийн төвд ярицлага өгөх ёстой байв. Саяхан батлагдсан Бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн талаар ажлын хэсгийн ахлагчийн хувьд үзэл баримтлалыг нь тайлбарлан ярихыг мэдээллийн ажилтан хүссэн ч татгалзав. Засгийн газраас орж ирсэн төслийг УИХ-аар хэлэлцэх үед тэрбээр өөрийн саналаар ажлын хэсгийн ахлагч болж, төслийн анхны хувилбар дээр 100 гаруй өөрчлөлт хийжээ. Улмаар төслийг санаачлагчид нь буцааж, УИХ-ын ажлын хэсгээс оруулсан өөрчлөлтүүдийг тусгуулжээ. Дахин УИХ-д өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төсөл анхны хэлэлцүүлгээр батлагдсан юм байна. Гэхдээ л Р.Амаржаргал гишүүний санасан хэмжээнд хүрээгүй учраас “яриа өгөхгүй” гэв. Тэрбээр өөрийнхөө хийсэн зүйлийг үргэлж  чамладаг зангаа мэддэг, үүнийг “perfect” байхыг хүсдэг шуналтайгаа холбонойлгодог аж.


12.00 цаг. Төлөвлөсөн уулзалтууд, гэнэтийн зочидыг хүлээн авах. Мөн Туркийн Элчин сайдын яамтай холбогдон эмгэнэл илэрхийлэх...


13.00 цаг. Үдийн хоолны цаг дээрээ ажил хэргийн уулзалт хийхээр товложээ. Энэ удаад уул уурхайн тоног төхөөрөмжийн борлуулалт эрхэлдэг компанийн захиралтай болзоо тогтоожээ.  Түүний уулзах бизнесмэний ярианаас уул уурхайн салбар ямар байдалд байгааг мэдэж болно. Тус компанийн борлуулалт уул уурхайн салбарын уналт, өсөлтийг харуулах индикатор юм. Яг энэ зорилгоор Р.Амаржаргал гишүүн долоо хоногийн нэг өдөр заавал аль нэг салбарын бизнесмэнтэй болздог.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна