Обама Кубад түүхэн айлчлал хийнэ

2016 оны 3 сарын 17

 

АНУ-ын улстөрчдийн эсэргүүцлийг үл тоон ерөнхийлөгч Барак Обама ирэх ням гаригт /III.20/ Куба улсад айлчлах гэж байна. Энэ нь сүүлийн 100 орчим жилд анх удаа АНУ-ын ерөнхийлөгч Кубад хөл тавих гэж буй түүхэн айлчлал юм. Барак Обама айлчлалынхаа хүрээнд Гавана хотын их театрт  Кубын ард түмэнд хандан үг хэлэх аж. АНУ-ын ерөнхийлөгчийн үгийг Кубын телевизүүд шууд дамжуулах гэнэ. Тэрбээр Даваа гаригт Кубын ерөнхийлөгч Раул Кастротой уулзаж, хүний эрх, улс төрийн эрх чөлөө гэх мэт зарим санал зөрөлдөөнтэй асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Харин түүний ах Кубын хувьсгалын удирдагч Фидельтэй уулзах төлөвлөгөөгүй аж. Түүнчлэн Барак Обама Куба болон АНУ-ын засгийн газрын хооронд нууц уулзалт яриа хийгдэхэд тусалсан Хайме Лукас номлогчтой уулзах гэнэ.

 

Үүний зэрэгцээ Обамагийн айлчлалыг тохиолдуулан АНУ болон Кубын бейсболын багийн хооронд нөхөрсөг тоглолт болох гэнэ. Сүүлд 1999 онд Куба болон АНУ-ын бейсболын багийн хооронд тоглолт болж байжээ. Барак Обама Кубын айлчлалд гэр бүлийнхнээ хамт авч явах аж.

 

АНУ нь Кубатай өнгөрсөн долдугаар сард дипломат харилцаагаа дахин сэргээснээр хоёр орны хооронд шууд нислэгийг дахин эхлүүлэх зэргээр олон дэвшил гарч байгаа юм.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна