УИХ-ын дарга “Цэвэр нүүрсний технологи” семинарт оролцов

Хуучирсан мэдээ: 2016.03.17-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга “Цэвэр нүүрсний технологи” семинарт оролцов

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2016.03.17/ Монгол Улсын Уул уурхайн яам, Япон Улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамнаас хамтран зохион байгуулж буй “Цэвэр нүүрсний технологи” семинарт оролцов. 

 

 

Уул уурхайн сайд Р.Жигжид семинарыг нээж хэлсэн үгэндээ, Монгол Улс нүүрсний салбарыг хөгжүүлэхдээ байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт техник технологийг ашиглан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьж байгааг онцлов. Түүнчлэн  нүүрс боловсруулалтыг бодлогоор дэмжиж, боловсруулах үйлдвэрийн технологийн тоног төхөөрөмжийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийг Улсын Их Хурал баталсан талаар тэмдэглэлээ. Нүүрсний үйлдвэрлэл нь манай улсын эдийн засгийн тулгуур салбарын нэг учир олборлолт, баяжуулалт, боловсруулалтын бүхий л үе шатанд тэргүүний техник, технологийг нэвтрүүлэх нь чухал болохыг Уул уурхайн сайд тэмдэглэн хэлж байв. 

 

Мөн Япон Улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамны Худалдаа, эдийн засаг, хамтын ажиллагааны газрын орлогч захирал Андо Харухико, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын хэргийг түр хамаарагч Кичүчи Минорү нар үг хэлж, семинарын үйл ажиллагаанд амжилт хүссэн юм. 

 

Семинарын эхэнд Япон Улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамны Байгалийн нөөц, эрчим хүчний агентлагийн Нүүрсний хэлтсийн дарга Какудо Такафүми “Япон Улсын нүүрсний бодлого” сэдвээр илтгэл танилцууллаа. Мөн Монгол Улсын Уул уурхайн яамны Түлшний  бодлого зохицуулалтын газрын дарга Л.Раднаасүрэн “Монгол Улсын нүүрсний салбарын өнөөгийн байдал” сэдэвт илтгэлийг семинарын оролцогчдод танилцуулав.

 

 

Манай улсын нүүрсний эрэл хайгуул, шахмал түлш, чанар муутай нүүрсний хэрэглээ, мастер төлөвлөгөө, агаарын бохирдол, нүүрсний хуурай баяжуулалтын төслүүд дээр хамтран ажилладаг Японы Нүүрсний эрчим хүчний төв /JCOAL/-ийн Монгол дахь үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж, нүүрсийг хуурайгаар баяжуулах, хийжүүлэх технологийн талаар холбогдох байгууллагуудын мэргэжилтнүүд мэдээлэл танилцуулсан юм. 

 

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд тус арга хэмжээнд оролцох үеэрээ хэлсэн үгэндээ, Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр /ЕРА/ ирэх сараас хэрэгжиж эхэлнэ. Тус хэлэлцээртэй холбоотой хуулиудыг Улсын Их Хурал батлаад дууссан. Энэ хэлэлцээрийн ачаар цэвэр нүүрсний чиглэлээр технологи дамжуулах, хөрөнгө оруулахтай холбогдсон олон асуудлыг хялбаршуулж, шийдэхэд дөхөм болж байгаа гэв. Түүнчлэн манай нүүрсний ордууд 100 хувь ил уурхайн аргаар зардал багатайгаар олборлодог. Энэ давуу талаа ашиглан хий, бензин шатахуун, бусад түүхий эдийг үйлдвэрлэж, дотоодынхоо хэрэгцээг хангах, улмаар экспортод гаргах өргөн боломж байгааг тэмдэглэн хэлсэн. Үүний тулд “Clean Coal Technology”-ийн чиглэлээр сайн инженерүүдтэй болох хэрэгцээтэй байгаа талаар дурдаад монголын инженерүүдийг сургаж, дадлагажуулахад Японы мэргэжилтнүүдийн туслалцаа, дэмжлэг чухал хэмээсэн. 

 

Семинар үргэлжилж байгаа бөгөөд “MHPS AQCS /агаарын чанарын хяналтын систем/ технологи”, “Монголын нүүрсний салбарын хөгжлийн хүлээлт, хэтийн төлөв” сэдвээр Япон Улсын мэргэжилтнүүд илтгэл танилцуулах бол Ашигт малтмалын газраас нүүрсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл-эдийн засгийн боломжийн талаар судалгаа, мэдээлэл танилцуулж, Монгол Алт компани  үйлдвэрлэлдээ нэвтрүүлж буй нүүрсний цэвэр технологийн талаар мэдээлэл хийнэ. 

 

Монгол Улсын Уул уурхайн яам, Япон Улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам хамтран зохион байгуулж буй тус арга хэмжээнд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд, их сургуулиуд, судалгаа шинжилгээ явуулдаг компаниуд, уул уурхайн үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл оролцож байна.

 


 

УИХ-ын дарга З.Энхболдын “Clean Coal Technology” семинарт хэлсэн үг

 

2016 оны 3 сарын 17

 

Япон Улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам, Монгол Улсын Уул уурхайн яамнаас хамтран зохион байгуулж буй “Цэвэр нүүрсний технологи” семинарт оролцож буй Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. 

 

Монгол Улс нүүрсний нөөцөөрөө дэлхийд тэргүүлдэг цөөн улсын нэг. Харин Япон Улс нь цэвэр нүүрсний технологид их хөрөнгө оруулж, арвин туршлага хуримтлуулжээ. Тиймээс хоёр улс өөрсдийн давуу талаа ашиглан цэвэр нүүрсний үйлдвэрлэлийн салбарт урт хугацаанд, үр бүтээлтэй хамтран ажиллах өргөн боломжтой юм. 

 

Өнгөрсөн 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Токио хотод болсон “Азийн ирээдүй” чуулган дээр Ерөнхий сайд Шинзо Абэ, Монгол-Японы хамтын ажиллагаанд их ач холбогдол өгч байдгаа маш тодорхой илэрхийлсэн. Тэрээр, Монгол Улс Японы Улсын хийжүүлэх технологийг ашиглан хүрэн нүүрсний нөөцөө дундаршгүй их баялаг болгож чадна гэдгийг онцлон дурдсан. Энд хүрэлцэн ирсэн Японы зочид, төлөөлөгчид маань Ерөнхий сайд Абэгийн адил манай нүүрсний салбарт ач холбогдол өгч байгаа гэдэгт итгэлтэй байна.

 

 

Өнгөрсөн 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс хойш тэр үед дөнгөж гарын үсэг зурагдаад, парламентуудаар соёрхон батлагдах гэж байсан Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр /ЕРА/-т дууссан. Ирэх сараас хэрэгжиж эхлэхээр болж байгаа. Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр /ЕРА/-тэй холбоотой хуулиудыг Улсын Их Хурал бүгдийг батлаад дууссан. Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр /ЕРА/-ийн ачаар цэвэр нүүрсний чиглэлээр технологи дамжуулах, хөрөнгө оруулахтай холбогдсон олон асуудлыг хялбаршуулж, шийдэхэд дөхөм болж байгаа. Цэвэр нүүрсний технологиор дэлхийд тэргүүлж яваа орны хувьд ийнхүү санаачлага гаргаж,  2015 оны 10 дугаар сарын 22-нд Ерөнхий  сайд Ш.Абэгийн Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр үзэглэсэн “Япон Монголын Засгийн газрын хооронд хамтран ажиллах санамж бичиг”-ийн дагуу энэхүү уулзалт семинарыг зохион байгуулж байгаад баяртай байна. Энэхүү семинар нь бидний хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, олон шинэ бодитой санаачилгын эхлэлийг тавина  гэдэгт итгэж байна. 

 

Нүүрсийг хувиргаж, өгөөж сайтайгаар хэрэглэх технологийн талаар их судалсан байгаа, миний хувьд. Энэ технологи нь Монгол орны маань ирээдүй, эдийн засгийн хөгжилд ач холбогдолтой гэдэгт огтхон ч эргэлздэггүй. Дэлхий даяараа цаг агаарын өөрчлөлттэй тулгарч байгаа өнөө үед уламжлалаараа “бохир” гэж хэлэгдсэн нүүрсийг дэлхийн дулаарлыг өсгөхгүйгээр хэрэглэх энэ шинэ технологи бол дэлхий нийтийн цаг агаарын өөрчлөлтийн эсрэг тэмцэж байгаа тэмцэлд ч чухал ач холбогдолтой. Нүүрсийг цахилгаан эрчим хүч болгон хувиргах, хийжүүлэх, шингэрүүлэх, коксжуулах, бензин түлш, нефть-химийн үйлдвэрлэл, хуванцар зэрэг олон чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломжтой. 

 

Монгол Улсын нүүрсний ордуудын онцлогийг цөөн үгээр хэлье. Манай нүүрсний ордууд гүний бус, 100 хувь ил уурхайн аргаар зардал багатайгаар олборлодог. Энэ давуу талаа ашиглан хий, бензин шатахуун, бусад түүхий эдийг үйлдвэрлэж, дотоодынхоо хэрэгцээг хангах, улмаар экспортод гаргах өргөн боломж байна. 

 

Энэ бүхнийг хэрэгжүүлэхэд бид Япон нөхдөөсөө сайтар суралцаж, харилцан ашигтай ажиллах хэрэгтэй. “Clean Coal Technology”-ийн чиглэлээр сайн инженерүүдтэй болох хэрэгцээтэй байна. Монголын инженерүүдийг сургаж, дадлагажуулахад бидэнд  туслалцаа үзүүлэхийг Япон нөхдөөсөө хүсч байна.

 

Дэлхий нийтээрээ удахгүй дуусах нефтийн нөөцийн тухай ярьж байгаа энэ үед нефтийн аж үйлдвэрийн түүхий эдийг яваандаа орлуулах хүрэн нүүрс бол хангалттай нөөцтэй байгаа. Хүрэн нүүрсийг орлуулж чадах технологи бол энэ “Clean Coal Technology” юм. Үүний тулд дэд бүтцээ өргөтгөх, ялангуяа цахилгаан станц, усны нөөцийг шийдсэн аж үйлдвэрийн цогцолбор, өмнөд бүс нутгийн үйлдвэрлэлийн кластеруудийг холбох Зүүн төмөр зам зэрэг олон том бүтээн байгуулалтын ажил бидний өмнө байна.

 

Xоёр улсын хамтын ажиллагааны санамж бичгийн дагуу, Та бүхэнтэй олон талаар хамтран ажиллахад бэлэн байна. Энэхүү семинарыг зохион байгуулсан Япон Улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамны Эдийн засаг, хамтын ажиллагааны газрын орлогч захирал ноён Андо, тус яамны Нүүрсний хэлтсийн дарга ноён Какудо, Монгол Улсын Уул уурхайняам, Р.Жигжид сайд, Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Японы парламентын бүлгийн дарга Д.Ганхуяг тэргүүтэй бүх хүмүүст гүн талархал илэрхийлье.

 

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж