Хаваржилт хүндэрсэн ч малчид өөдрөг байна

Хуучирсан мэдээ: 2016.03.17-нд нийтлэгдсэн

Хаваржилт хүндэрсэн ч малчид өөдрөг байна

Улсын 800 орчим тэргүүний малчид оролцож буй зөвлөгөөн өнөөдөр /2016.03.17/ Улаанбаатар хотноо эхэллээ. 2015 оны эцэст Монгол Улсын нийт мал сүргийн тоо 56 саяд хүрч, хамгийн олон мал, түүний дотор хамгийн олон адуу, хонь, ямаа тоологдсон түүхэн амжилт гаргасан нь малчдын гавьяа гэж тодорхойлох хүн олон байна. Иймээс улс малдаа анхаарах биш малчдадаа анхаарах цаг болсныг анхааруулах нэгэн байлаа. Жишээлбэл, халуун, хүйтнийг ажралгүй малынхаа араас явдаг малчдынхаа эрүүл мэндэд онцгой анхаарах шаардлагатайг Дорнод аймгийн Баян-Уул сумын III багийн малчин Д.Долгормаа онцолсон юм. Тэрбээр 600 гаруй километрийн цаанаас Улаанбаатар хотыг зорин ирж, тэргүүний малчдын зөвлөгөөнд сумынхаа малчдыг төлөөлөн оролцож, бусад малчидтайгаа мал аж ахуйн салбарынхаа хөгжил, шийдвэрлэх ёстой арга замуудыг хэлэлцэн, тодорхойлж сууна. Харин Завхан аймгийн Их-Уул сумын малчдаа төлөөлж буй Г.Батнасан сүүлийн жилүүдэд мал болон түүхий эд үнэд хүрэхээ байж, ханш нь унасан. Ялангуяа арьс, шир нь үнэгүй болчихоор малчдын орлого муудсан тухай өгүүллээ. Мөн Завхан аймгийн Их-Уул суманд цас ихтэй цагаан зудархуу байгаа учраас мал төлөлт энэ сарын 25 наас эхэлнэ. Гэхдээ тус нутгийн цас дөрөвдүгээр сар гартал хайлахгүй юм байна.

Булган аймгийн Сайхан суманд нутаглан, 50-иад жил мал маллан амьдарч буй Д.Баасансүрэн өнөөдрийн зөвлөгөөнд гэргий Д.Лхагваатай хамт иржээ. Сайхан суманд бэлчээрийн даац муу, дээрээс нь цас ихтэй, хаваржилт хүндхэн эхэлсэн учир Д.Баасансүрэн малчин аймгийнхаа Хутагт суманд хоёр хүүгийн хамтаар малтайгаа отрын нүүдэл хийж яваа юм байна. Мөн Сайхан суманд үлийн цагаан отгон нүүдлэн ирснээс өнгөрсөн зун ногоо сайн ургаагүй аж. Иймээс тус сумын малчид зэргэлдээх сумд руугаа оторлох болжээ.

Бичин жилийн хавар ихэнх нутагт цас ихтэй хүндхэн байгаа ч малчид болно, бүтнэ гэсэн өөдрөг үзэлтэй байна. Малчдын өөр нэг дуу нэгтэйгээр хөндсөн сэдэв нь малын бэлчээр, малын түүхийн эдийн үнийн уналтад төр анхаарлаа хандуулах цаг ирснийг сануулсан юм.  Зарим эх сурвалжууд зөвлөгөөн нэр дор малчдыг олноор цуглуулах нь сонгууль дөхсөний шинж гэж шүүмжилж байлаа. Гэхдээ салбар яамнаас нь ингэж малчидтайгаа тойрч суугаад ярилцах нь мал аж ахуйн талаар Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг тэдэнд таниулах хамгийн дөхөм арга харжээ. Мөн малчдын санал, санаачилгыг сонсож төрийн бодлогод тусгах, мал маллагааны болон мал аж ахуйг эрхлэн хөтөлж буй туршлага, сургамжаа малчид харилцан солилцоход тохиромжтой гэж тооцоолжээ.  

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж