Бургастайн боомтоор ирэх сард дахин мах экспортолно

2016 оны 3 сарын 17

Монгол Улс өнгөрөгч хоёрдугаар сард Бургастайн боомтоор БНХАУ-руу анх удаа мах экспортолж буйгаа зарласан. Эхний удаад 16 тонн махыг Увс аймгийн “Мон Тува” ХХК экспортолсон хэмээн мэдээлж байв. Тэгвэл үүнээс хойш махны экспортыг төдийлөн хийгээгүй байна. Энэ талаар ХХААЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболдын мэдээлж буйгаар өнгөрөгч хоёрдугаар сард цаг уур, замын нөхцөл тааруугаас төдийлөн хангалттай экспорт хийж чадаагүй гэлээ.

Бургастайн боомт тэгш саруудад ажилладаг. Тиймээс ирэх сард махны экспортыг эрчимжүүлнэ гэх мэдээллийг өгсөн юм. Ирэх сард цаг агаар дулаарч, замын нөхцөл ч дээрдэх учраас махны экспортыг хэвийн түвшинд аваачна гэж байна.

Мөн Бургастайн боомтыг байнгын ажиллагаатай болгох асуудлыг ХХААЯ, ГХЯ-ны төлөөлөгчид БНХАУ-ын талтай хэлэлцэж байгаа гэлээ.

Өнгөрсөн онд өмнөд хөршөөс мэргэжлийн баг ирж Монголд ажиллаад баруун таван аймаг болох Увс, Завхан, Хөвсгөл, Говь-Алтай, Баянхонгор аймгийн малыг шүлхий өвчингүй, эрүүл бүс хэмээн зарлаж, Бургастайн боомтоор экспорт хийхээр болсон. Тэгвэл дараагийн ээлжид тодорхой нутгийг эрүүл бүс болгон зарлаж, бусад боомтоор мах экспортлох талаар гэрээ, хэлэлцээр хийж байгаа аж. Албаны хүний мэдээлснээр ирэх зун гэхэд энэ асуудал шийдлээ олно гэж тайлбарлалаа.

Дашрамд дуулгахад, Монгол Улс 2015, 2016 оны эхний хагас жилд малын мах экспортлох зөвшөөрлийг 66 аж ахуйн нэгжид олгосон байна. 2015 онд 12 компани дөрвөн оронд 4714.6 тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолжээ. 2016 он гарсаар нийт 420 гаруй тонн мах экспортлосон байна.

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна