“Зүүн хойд Азийн эрчим хүчний хэлхээ холбоо” уулзалт эхэллээ

2016 оны 3 сарын 17

Зүүн хойд Азийн орнуудын шинжээчдиийн түвшний “Зүүн хойд Азийн эрчим хүчний хэлхээ холбоо” сэдэвт II уулзалт 2016 оны гуравдугаар сарын 17-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна.

Монгол Улсын Гадаад хэргийн яам, Эрчим хүчний яамны ивээл дор Стратегийн судалгааны хүрээлэн, Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгээс хамтран зохион байгуулж байгаа энэ удаагийн уулзалтыг нээж Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт нар үг хэллээ.

Тэд хэлсэн үгэндээ “Эрчим хүчний хангамж, аюулгүй байдлын асуудал нь хөгжил дэвшил, улс орны хэтийн бодлого төлөвлөлтөд үндсэн үүрэг гүйцэтгэгч тулгуур хүчин зүйлийн нэг юм. Зүүн хойд Ази нь газрын тос, байгалийн хий, нүүрс болон сэргээгдэх эрчим хүчний нөөц ихтэй бүс нутгийн нэг бөгөөд эрчим хүч экспортлогч болон хэрэглээгээрээ тэргүүлэгч орнууд энэ бүс нутагт оршиж байна. Бүсийн хүрээнд эрчим хүчний нягт хамтын ажиллагаа, бодлогын нэгдмэл байдлыг сайжруулах нь тус бүсийн бүх орнуудад олон талын үр ашигт байдлыг бий болгох явдал юм. Зүүн хойд Азийн орнуудад хил дамнасан эрчим хүчний хамтын ажиллгааг хөгжүүлснээр бүсийн хэмжээнд эрчим хүчний системийн тогтвортой байдал, үр ашгийг сайжруулах бөгөөд оролцогч орнуудын эдийн засгийн хөгжлийн үндсэн тулгуур хүчин зүйл болох дотоодын эрчим хүчний аюулгүй байдал, найдвартай хангамжийг сайжруулж бүс нутгийн орнуудын нийгэм, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжихэд оршино” гэж онцлон тэмдэглэлээ.

Зүүн хойд Азийн бүс нутгийн орнуудтай олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх, яриа хэлэлцээг идэвхжүүлэх зорилтын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачлагыг (Ulaanbaatar Dialogue on Northeast Asian Security) 2013 онд анх дэвшүүлсэн. Энэ санаачилгын хүрээнд Монгол Улс 2014, 2015 онд “Зүүн хойд Азийн орнуудын эмэгтэй парламентчдын чуулга уулзалт”, “Зүүн хойд Азийн орнуудын хотын дарга нарын Форум”, Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, судлаачдын түвшний “Зүүн хойд Азийн Эрчим хүчний хэлхээ холбоо” уулзалтуудыг амжилттай зохион байгуулсан билээ.

Монгол Улсын Гадаад хэргийн яам, Эрчим хүчний яамны ивээл дор Стратегийн судалгааны хүрээлэн, Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн хамтран зохион байгуулсан “Зүүн хойд Азийн эрчим хүчний хэлхээ холбоо” анхдугаар уулзалтаас гаргасан “Улаанбаатарын тунхаглал” баримт бичигт уг уулзалтыг жил бүр Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тохирсон. Энэ дагуу ээлжит уулзалт 2016 оны гуравдугаар сарын 17-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна.

Энэ удаагийн уулзалтын зорилго нь Зүүн хойд Азийн орнуудын эрчим хүчний судалгаа шинжилгээний хүрээлэн, эрдэмтэн судлаачид хоорондын хэлхээ холбоог бэхжүүлж хамтын ажиллагааг хөгжүүлээ бүсийн хэмжээнд эрчим хүчний хамтын ажиллагаа, хил дамнасан эрчим хүчний хэлхээ холбоог хөгжүүлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг бууруулахад чиглэгдэнэ.

Түүнчлэн бүс нутгийн хэмжээнд тулгамдаад буй асуудлыг тодорхойлон улс орнууд өөр өөрийн боломж давуу талыг ашиглан хамтын ажиллагаагаа хөгжүүлэх талаар санал солилцож харилцан туршлагаа хуваалцах юм.

Уулзалтын хүрээнд бүс нутгийн эрчим хүчний нөхцөл байдлын ирээдүйн зураглалыг гаргах “2040 он хүртэлх Зүүн хойд Азийн эрчим хүчний хэтийн төлөв” (Northeast Asian Energy Outlook beyond 2040) хамтарсан судалгааны товхимлыг гаргахаар төлөвлөж байна.

Уулзалтад Монгол Улс, БНХАУ, БНСУ, БНАСАУ, ОХУ, Япон зэрэг Зүүн хойд Азийн орнуудын эрчим хүчний судалгааны хүрээлэн, мөн олон улсын байгууллагуудын төлөөлөгчид, эрдэмтэд судлаачид, гадаад, дотоодын хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөл оролцож байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна