“Морь харсан” хөлбөмбөгчид уучлал гуйв

2016 оны 3 сарын 17

Англид Челтенхэмийн хурдан морины уралдааны үеэр хүний аягатай ундаанд шээсэн хоёр хөлбөмбөгчний зураг камерын хараанд өртөж, олон  нийтэд цацагджээ.

Английн хөлбөмбөгийн МК Донс клубын  хагас хамгаалагч Самир Каррутерс, Нортхэмптоны хагас хамгаалагч Жеймс Коллинз нар хийсэн үйлдлийнхээ төлөө уучлал гуйсан байна.

Коллинз "Би орчин үеийн хөлбөмбөгчний буруу үлгэр дуурайл үзүүлчихлээ” гэсэн бол Каррутерс “Би бусдад үлгэр дуурайл болох ёстой байтал багийнхнаа, шүтэн бишрэгчдээ бүгдийг нь гутаан доромжилсон. Одооноос би алхам бүрээ цэгнэх болно” гэсэн юм.  Дээрх ёсгүй үйлдлийн төлөө Каррутерсийн тоглох эрхийг түр цуцалж, хоёр долоо хоногийн цалингаар торгосон аж.

Мягмар гаригт болсон дээрх хэргийн дараа тэднийг Челтенхэмийн морины уралдаанд очихыг нь хориглосон байна.

Морин уралдааны үеэр ийм бүдүүлэг явдал гарсанд бухимдсан тэмцээнийг зохион байгуулагч хэлэхдээ “Морины уралдаан бол тэдний гутаан доромжилдог газар биш” хэмээн уурссан гэнэ.

Челтенхэмийн уралдаан нь улирлын хамгийн нэр хүндтэй наадмуудын нэг ажээ. Энэ удаад морин уралдааны үзэхээр Их Британи, Умард Ирландын хатан хаан II Элизаветагийн удмын язгууртнууд очсон байсан гэнэ.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна