Сүнстэй бодлогыг тайлбарлав

2016 оны 3 сарын 17

Математик, байгалийн ухааны хичээлийн багш нар өнөөдөр ЕБС-ийн сургалтын хөтөлбөрийн талаар сэтгүүлчдэд зарим мэдээллийг өглөө. Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр голлон тархсан дунд сургуулийн сурах бичигт таагүй жишээ олон байгаа талаарх мэдээлэлд хариу өгөх зорилгоор багш нар ийнхүү олон нийтэд ханджээ.

Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан А.Энхтогтохын хэлснээр “ЕБС-ийн Математик, байгалийн ухааны боловсролын сургалтын хөтөлбөр, сурах бичгийг БСШУЯ-ны сайдын тушаалаар баталгаажуулсан баг боловсруулсан. Математикийн болон байгалийн ухааны үндэсний цөм хөтөлбөрт шинжлэн судлан арга барил эзэмших, нотолгоо баталгаанд үндэслэн шийдвэр гаргах чадвар эзэмших, асуудлыг судлан шийдэх арга ухаанд суралцахад чиглэсэн агуулга, арга зүйн шинэчлэл хийгдсэн. БСШУЯ-ны гаргасан математикийн болон байгалийн ухааны сурах бичигт шашин, сүнс, улс төрийн өнгө аястай агуулга огт байхгүй. Байгаа мэтээр олон нийтэд буруу ташаа ойлголт өгч байна. Хувь хүний хэвлэн борлуулсан номыг бидний зохион сурах бичиг мэтээр ярьж, бичиж байгаад харамсч байна” гэсэн юм.

Олон нийтийн сүлжээгээр тарсан “сүнстэй бодлого”-ын тухайд энэ жишээ нь олон улсын математикийн “Кенгуру” уралдааны дасгал ажлын номонд байсан аж. Түүнээс биш дунд сургуулийн сурах бичиг биш ажээ.

“Кенгуру” нь дэлхийн 64 орны зургаан сая хүүхэд оролцдог уралдаан. Бусад орны дасгал ажлын номонд ч мөн сүнс гэдэг үгээр орсон байдаг аж. “Сүнстэй холбоотой энэ жишээнээс хүүхэд айх зэрэг ямар нэгэн асуудал гараагүй гэдгийг олон улсын уралдаан зохион байгуулах холбооны захирал надад хэлсэн. Дэлхийн хэмжээнд хүүхдүүд айгаагүй байхад Монгол хүн айж байгаа юм болов уу гэж хошигнон ярьж байна лээ” хэмээн МУИС-ийн багш О.Итгэл хэвлэлийн хурлын үеэр хэлсэн.

Математик, байгалийн ухааны боловсролын сургалтын хөтөлбөрийн баг уриалга гаргаж байгаагаа хурлын төгсгөлд мэдэгдсэн юм. Уг уриалгад “Үр хүүхдээ чанартай боловсрол эзэмшиж сайхан амьдралтай болно гэсэн Монголын мянга мянган эцэг эхийн итгэл үнэмшлийг алдуулах оролдлого хийж улс төр хийхээ болих хэрэгтэй байна. Жирийн эрдэмтэн багш нарын зохиосон сурах бичигт байхгүй зүйлийг байгаа мэтээр ойлгуулах арга хэлбэрийг сонгож боловсролоор улс төр хийхгүй байхыг уриалж байна. Монголын залуусыг мэргэжил боловсролтой болж улс орноо хөгжүүлж авч явна гэсэн олон түмний итгэл үнэмшлийг хөсөрдүүлж, шинэ итгэл үнэмшил бий болгох бэлтгэл ажил хийх, улмаар бид сайжруулах гэж байна гэсэн өнгө аястай улс төрийн сурталчилгаа хийхэд боловсролыг ашиглахгүй байхыг уриалж байна. Боловсролыг тогтвортой, улс төрөөс хараат бус байлгая” гэжээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна