Х.Баттулга гишүүний туслахыг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2016.03.17-нд нийтлэгдсэн

Х.Баттулга гишүүний туслахыг баривчилжээ

УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах Л.Түвшинжаргал гэгчийг өчигдөр ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан баривчилжээ. УИХ-ын гишүүн Х.Баттулга болон УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа нарыг шинэ төмөр замын төсөл болон Сайншандын Аж үйлдвэрийн паркийн төслийг хэрэгжүүлэх явцад улсад их хэмжээний хохирол учруулсан хэргээр шалгаж эхлээд байсан юм.

Энэ хэргийг мөрдөхөөр ЦЕГ болон АТГ-аас хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллаж буй бөгөөд өчигдөр Х.Баттулгын өмгөөлөгч Д.Пүрэвбаатар мэдээлэл хийж ЦЕГ-ын дарга Р.Чингисийг “Энержи Ресурс” компанийнхантай хуйвалдсан гэж үзэж буйгаа мэдэгдсэн бол өнөөдөр ЦЕГ-аас мэдээлэл хийх үеэр “АТГ, ЦЕГ-аас хамтран гарсан ажлын хэсэг төмөр замын хэргийг шалгаж, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж байна. Гэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөх ажиллагаа, хэнийг, хэдэн хүнийг сэжигтнээр татаж байцааж эхэлсэн бэ гэдгээ цагдаагийнхан мэдээлэх боломжгүй” гэсэн юм. Мөн Д.Пүрэвбаатар энэ жишгийн дагуу ажиллаж чадахгүй, хуурамч баримт, мэдээлэл цуглуулж хуулийн байгууллагыг гүжирдэж байна" гэж ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү ярьсан юм.

Харин өчигдөр баривчилсан Х.Баттулга гишүүний туслах Л.Түвшинжаргал нь Сайншандын Аж үйлдвэрийн паркад ажиллаж байсан гэх мэдээлэл байна. Түүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэж эх сурвалж мэдээллээ.

Л.ХАЛИУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж