Хяналтын байгууллагын санамж бичгийг шинэчилнэ

2016 оны 3 сарын 17

Бүгд Найрамдах Унгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны урилгаар МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж тус улсын төлөөлөгчийн газрын дэд тэргүүн Река Домонкош-Дьюгэтэй уулзлаа. МХЕГ,Унгар улсын хяналтын байгууллагуудтай хамтран ажиллаж байсан харилцаагаа хөгжлийн шинэ шатанд гаргах, хоёр талын хооронд байгуулсан санамж бичгийг шинэчлэн хамтын ажиллагаагаа хэрхэн өргөжүүлэх талаар санал солилцов.

МХЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Шаравдорж “Унгар улсын Элчин сайдын яамнаас цаг гарган урьж мэргэжлийн хяналтын байгууллагыг хүлээн авсанд баяртай байна. Хоёр орны хяналтын байгууллагын харилцааг сэргээхэд тодорхой алхам хийж, санал тавьж байгаа нь таатай санагдаж байна. Унгар, Монгол өнө эртний найрсаг харилцаатай улс. Өнөөдөр хоёр орны хамтын ажиллагаа шинэ түвшинд гарч, илүү нягт уялдаа, харилцаатай хөгжих ёстой гэж бодож байна. 2008 онд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хоёр орны хяналтын байгууллагууд маань хамтран ажиллаж ирсэн. Энэхүү санамж бичгийг шинэчлэн, хамтын ажиллагаагаа илүү өргөн хүрээнд, хөгжлийн шинэ шатанд гарган ажиллахыг хүсч байна” гэдгийг онцлон тэмдэглэсэн юм.

Бүгд Найрамдах Унгар Улсын Элчин сайдын яамны төлөөлөгчийн газрын дэд тэргүүн Река Домонкош-Дьюгэтэй хэлэхдээ “Юуны өмнө Монголын МХЕГ бидний урилгыг хүлээн авч ирсэнд баяртай байна. Монгол, Унгар улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жил болж байгаа. 2015 онд Бүгд Найрамдах Унгар Улс Монгол Улсад суух Элчин сайдын яамаа дахин нээн ажиллуулсан. Хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлж шинэ шатанд гаргахад МХЕГ оролцоо чухал. Бидний хувьд хоёр орны хяналтын байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах ажилд дэмжиж туслахдаа таатай байх болно” гэдгийг онцоллоо гэж МХЕГ-ын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлж байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна