Фракцийн толгойлогч нарыг татгалзахыг уриалав

2016 оны 3 сарын 17

Хууль зүйн үндэсний хүрээлэнд өнөөдөр /2016.03.17/ “Фракцийн бус бодлогыг дэмждэг нам болъё” уриан дор хэлэлцүүлэг болж, Хууль зүйн сайд Д.Дорлигжав оролцон Ардчилсан намыг фракциас нь салгаж, бодлогын нам болгон өөрчлөх чиглэлд дүрэмд хэд хэдэн өөрчлөлт оруулах санаачлага гаргаснаа танилцууллаа.

Тухайлбал, Бодлогын зөвлөлийг намын дарга даргална, бодлогын салбар зөвлөлийн даргыг намын дарга томилох, Бодлогын зөвлөлийн дарга нар нь Засгийн газар байгуулах тохиолдолд тухайн салбар хариуцсан сайдаар томилогдоно, Цөөнх болсон тохиолдолд тухайн асуудлаар намын бодлогыг төлөөлөх албан ёсны субьект байна гэсэн өөрчлөлт оруулахаар төсөл боловсруулсан аж.

Энэ асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей “Ардчилсан нам фракциас татгалзах ёстой. Ингэхэд фракцийн дарга нар эхэлж санаачлага гарган, фракциасаа татгалзаж, гарын үсгээ зурж, тунхаглах. Мөн фракци нь төрийн ажлыг цалгардуулж, ардчиллын үнэт зүйлсэд хор хохирол учруулж байгаа тул одоо л санаачлагыг ажил хэрэг болгох шаардлагатай” гэсэн юм.

Хотын дарга Э.Бат-Үүл Ардчилсан намыг удирдаж байхдаа фракцийг хатуу эсэргүүцдэг байснаа ярив. Ийм бодлого барьж байхад тус намд фракци нь далд хэлбэрийн улс төрийн нөлөө багатай байсан аж. Одоо бол фракци нь нам доторх нам болсон. Шаардлагыг нь намын дарга хүлээн авахгүй бол намаасаа гардаг, өөр нам байгуулна гэдэг. Үндсэндээ жудаггүй үйлдлийн орон зай болж хувирсан байна гэсэн юм.

Хэлэлцүүлэгт Ардчилсан намын 40 гаруй гишүүн оролцож, Хууль зүйн сайд Д.Дорлигжавын санаачлагын талаар байр сууриа илэрхийлсэн юм.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна