Ц.Цолмон: Манай салбарынхан түүхт ойгоо амжилт бүтээлээр дүүрэн угтлаа

2016 оны 3 сарын 17

 

Засгийн газрын "Сайдын цаг"-т УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон оролцож “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 95 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд ямар ажил хийж байгаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрээр мэдээллийн эхэнд "Энэ жил их онцлогтой жил болж байна. Орчин цагийн 95 жилийн ой тохиож байгаа, УИХ-аар Батлан хамгаалах бодлогын баримт бичгээ батлуулсны дараах ой гээд хийх ажил, зохион байгуулах арга хэмжээ олон байсан. Батлан хамгаалах салбарынхан бид түүхт ойгоо амжилт бүтээлээр дүүрэн угтаж байна. 2015 онд УИХ-аар Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичиг батлагдсантай уялдуулан батлан хамгаалахын багц хуулиудыг шинэчлэх эрх зүйн үндэс тавигдлаа. Энэ хүрээнд Батлан хамгаалах тухай хууль, Зэвсэгт хүчний тухай хууль, Цэргийн албаны тухай хууль, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн боловсруулж Монгол Улсын Ерөнхийлөгчөөс УИХ-д өргөн бариад байна. “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төслийг санаачлан боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлэн болсон. Зэвсэгт хүчин маань өргөжин бэхжиж шинээр зургаан анги байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргууллаа. Салбартаа хүлээлттэй байсан барилга, байгууламжууд ашиглалтад орж, батлан хамгаалах салбар дахь гадаад хамтын ажиллагаа улам өргөжиж, цэргийн албанд ажиллаж байгаа 600 гаруй өрх айл орон сууцны нөхцөлөө сайжрууллаа. “Оюутан цэрэг” хөтөлбөрийг энэ жил уламжлал болгон зохион байгуулахдаа анх удаа орон нутагт хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Цэргийн алба хааж байгаа залуучуудад иргэний мэргэжил эзэмшүүлснээр цэрэг эрс маань эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцох боломж бүрдлээ. Дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгэж байгаа манай цэргийн алба хаагчид Монгол Улсынхаа нэр хүндийг өндөрт өргөж, монгол цэргийн ур чадварыг гайхуулан үүргээ нэр төртэй биелүүлж “Дэлхийн цэрэг” болсноо дэлхий дахинд илтгэн харуулсаар байгаа зэрэг салбарт маань өрнөсөн сайхан мэдээг баярын энэ өдөр бахархан дурсахад таатай байна.

 

Цаашид бидний өмнө Батлан хамгаалах салбарын багц хуулийн шинэчлэл, Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх урт хугацааны хөтөлбөрийг тодорхойлон хэрэгжүүлэх, цэргийн шинэчлэлийн бодлогыг гүнзгийрүүлэх, энхийг дэмжих ажиллагаанд оролцох чадавхийг дээшлүүлэх, улс орны томоохон бүтээн байгуулалтын ажилд идэвхийлэн оролцох зэрэг зорилтууд тавигдаж байна. Зэвсэгт хүчний 95 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Батлан хамгаалахын сайдын тушаалаар Ажлын хэсэг байгуулагдан ажиллалаа. Түүнээс онцлог ажлуудыг тоймлон хүргэвэл, нэгдүгээрт БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо Монгол Улсын Батлан хамгаалах бодлого, зорилтыг сурталчилах, гадаад улсын Элчин сайдын яамны дэргэд хавсран суугаа Батлан хамгаалахын атташе нарт хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг энэ сарын 13-15-ны өдрүүдэд зохион байгууллаа. ОХУ, БНХАУ болон бусад оронд суралцаж байгаа манай сонсогч эх орноо, зэвсэгт хүчнээ сурталчилсан хэд, хэдэн арга хэмжээг зохион байгуулсан. Түүнчлэн УИХ-ын 2015 оны 85 дугаар тогтоолоор “Батлан хамгаалах бодлогын үндэс” бодлогын баримт бичиг шинэчлэгдэн батлагдсан билээ. Энэхүү бодлогын баримт бичигт орсон өөрчлөлт шинэчлэл, түүний онцлог, Батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааны хэрэгжилтийн талаар Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон холбогдох ажлын хэсгийнхэн Зэвсэгт хүчний ангиуд, салбарын харъяа нэгж байгууллагын алба хаагчдад танилцуулж байна. Хоёрдугаарт, баярын өдөр нийслэлийн таван цэгээс Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагын Үлээвэр хөгжимчид хөгжимтэй парад алхаж монгол цэргийн сүр хүчийг хөг, ая эгшигтэй хамт үлгэрлэн харууллаа. Түүнчлэн Эх орны сэдэвт явуу найргийн өв санг баяжуулах, шилдэг бүтээлүүдийг олны хүртээл болгох, цэргийн алба хаагч, ард иргэд, хүүхэд залуучуудад төрөлх нутаг, тусгаар тогтнол, түүх соёлоороо бахархах сэтгэл, эх оронч үзэл төлөвшүүлэх зорилготой "Эх орны цэрэг яруу найргийн наадам"-ыг зохион байгууллаа. 26 жилдээ уламжлал болсон энэхүү наадамд 40 гаруй яруу найрагч оролцлоо. Мөн Зэвсэгт хүчний 25 ангийн 170 гаруй ажилтан алба хаагчдын "Яруу алдарын дуулал" тоглолтыг амжилттай болж өндөрлөлөө. "Монгол цэргийн музей"-д үе, үеийн цэрэг эрсийн зэвсэг хэрэгсэл, түүхэн баримтуудыг дэлгэхээс гадна цэрэг эрсийн агшин бүрийг тод харуулах "Монгол цэрэг" гэрэл зургийн үзэсгэлэнг гаргалаа.

 

Мөн "Зэвсэгт хүчний сургалтын тогтолцоонд хийсэн шинжилгээ" сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа. Энэхүү хуралд одоо ажиллаж байгаа Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүн, ажилтан алба хаагчид, эрдэмтэн багш нар оролцож боловсон хүчний асуудлаар дэлгэрэнгүй ярилцлаа. Манай улсад суугаа Элчин сайдын яамдын ажилтнуудын дунд спортын хоёр төрлөөр, Үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагуудын дунд спортын гурван төрлөөр спортын тэмцээнийг зохион байгууллаа. Түүнчлэн Зэвсэгт хүчний анги, байгууллагууд, аймаг нийслэлийн цэргийн штабууд орон нутагт болон харъяа дүүрэгтээ ой угтсан олон арга хэмжээ зохион байгуулан ажилласан. Тухайлбал, энэ сарын 16-нд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас "Ахмад, залуу гурван үеийн уулзалт"-ыг амжилттай зохион байгууллаа. Аймаг, нийслэлийн дүүргүүд ахмад дайчдаа хүндэтгэн бахархах, оюутан залууст эх оронч хүмүүжил олгох, батлан хамгаалах бодлогын сурталчлахад санаачлагатай ажиллалаа. "Монгол цэргийн өдөр", орчин цагийн Зэвсэгт хүчний 95 жилийн ойн энэ өдрүүдэд Зэвсэгт хүчний зарим ангийн түүхт тэгш ой давхар тохиож, тэмдэглэн өнгөрүүлж байна. Зэвсэгт хүчний 017 дугаар анги-80 жил, Зэвсэгт хүчний 186 дугаар анги-80 жил, Зэвсэгт хүчний 011 дүгээр анги-80 жил, Зэвсэгт хүчний 015 дугаар анги-95 жил, "Алдар" спорт хороо-70 жил, "Монгол цэргийн музей"-50 жил гээд олон анги салбарын маань түүхт ой тохиож байна" гэсэн юм. Ц.Цолмон сайдтай хамт ЗХЖШ-ын Бодлого, стратеги төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Ж.Бадамбазар оролцсон юм.