Ой цэвэрлэгээнд 15 тэрбумыг суулгажээ

2016 оны 3 сарын 17

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын салбарын 2016 оны удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр болж, салбарын бодлого, үйл ажиллагаа, цаашдын зорилтын талаар мэдээлэл сонсч, мөн аймгууд дахь газруудтайгаа цахим хурал хийлээ. Энэ үеэр аймгуудаас ойн цэвэрлэгээнд хэдий хэмжээний хөрөнгө суусан, түүнийг хэзээ шилжүүлэх талаар голчлон асуулаа.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны холбогдох албан тушаалтны тайлбараар бол Засгийн газраас ойн цэвэрлэгээнд зориулж 15 тэрбум төгрөг суулгасан нь аймгуудын зүгээс зардал нэхэх болсон аж. Өмнө нь ийм ажлыг аймгууд сайн дурын үндсэн дээр хөрөнгө мөнгөгүйгээр хийдэг байсан. Орон нутгийн иргэд ой цэвэрлээд тодорхой орлого олдог учраас зардлаа өөрсдөө гаргаад асуудалгүй шийдээд ирсэн аж. Тиймээс ойн цэвэрлэгээнд зориулж хөрөнгө ирнэ гэж аймгууд харж суухаас илүүтэйгээр ойг нөхөн сэргээх, хамгаалах чиглэлээр сургалт зохион байгуулахад зориулж хөрөнгө зарцуулна гэдгээ мэдэгдлээ.

Мөн энэ үеэр Архангай аймгийн зүгээс Тариат сумын цаг уурын өртөөнд зориулж 30 сая төгрөгийн дэмжлэг хүсэв. Ажлын байргүйгээс гэр түрээсэлж үйл ажиллагаа эрхэлдэг байна. Аймгаас нь 25 сая төгрөгийн санхүүжилт олгохоор болсон, үлдсэн 30 сая төгрөгийг шийдэх шаардлагатай гэв. Цаг уур орчны шинжилгээний газрын даргын тайлбараар бол энэ асуудлыг шийдэхэд амаргүй аж. Ажлын байрыг нь бэлтгээгүй байж, тодорхой сумдад станц байгуулсан нь эргээд зардал шаардах болжээ. Энэ оны төсөвт зардлыг нь суулгах чиглэлд саналаа хэлж, явсан ч бүтээгүй. Эдийн засгийн хямрал үүнд нөлөөлж байна гэдгийг тодотгосон юм.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна