Намууд “ХҮН”-ээс айхын учир

Хуучирсан мэдээ: 2016.03.17-нд нийтлэгдсэн

Намууд “ХҮН”-ээс айхын учир

АН-ынхан “1990 онд улс төрийн товчоог  огцруулах үедээ МАН-ыг татан буулгачих ёстой байсан юм” гэж харуусна. МАН-ынхан болохоор “2000 оны сонгуулиар ялалт байгуулаад өмч хувьчлалаар хулгай хийсэн АН-ынханг шоронд хийгээгүй уршиг өнөөг хүртэл үргэлжилж байна. Тэд өмчтэй, мөнгөтэй болчихлоо” хэмээн санаашрах. Тамхи ширхэглэн зарах нэг гудамжны хоёр ТҮЦ шиг бие биенээ үзэн ядах авч эрх ашиг дээрээ тэврэлдэж чаддаг, бизнесээ хамгаалдаг  хар хүч бол МАНАН юм.

Үзэл баримтлал, туг далбаа тусдаа, улаан цэнхэр өнгө болон харагдавч “Илт дүр нь өөр боловч идэх хүсэх  сэтгэл агаар нэгэн буй”.Сүүлдээ бүр  бие биенээ хүлээн зөвшөөрч “Улс орны  хоёр багана болсон АН, МАН” хэмээн  тунхаглах болов. Үүнээс цааш газаргүй гэдэг шиг АН, МАН-аас өөр улс төрийн хүчингүй мэт олон жилийн нүүрийг үзлээ. Сонгууль болонгуут “Та хэдийгээ хаусанд жаргаагаад өгнө, мөнгө цутгана. Монголчууд минь цөөхөндөө” гэж эвийлэх. АН, МАН-ын үүлдэр угсааг нь сайжруулж байгаа мэт эвцэлдүүлэн  төр бариулаад ч  хүссэн ардчилал, шударга ёс ирсэнгүй.

26 жил шударга ёс, ардчилал, баялагийн тэгш хуваарилалт, "Төрөө хямралаас гаргая, Түмнээ ядуурлаас аварья"-ыг хүлээсэн. Үүний оронд улс төр, бизнесийн бүлэглэл бүхнийг шийдэж үндэстэн дамнасан уул уурхайн гадны панзчид уул толгод, ус мөрнийг наймаалцахыг үзлээ бид. Тийм учраас  хэсэг залуус Хөдөлмөрийн Үндэсний нам гэгчийг дуу шуугиан ихтэй байгуулаад орхив. Нийгэмд  ийм улс төрийн хүчний хүлээлт байсан уу, ойрын хэдэн жил улс төрийн хүрээнд гараагүй чимээ байв.

Энэ чимээ шуугиан унтаа, уйтгартай улс төрийг сэрээж МАНАН бүлэглэл бизнесийн талбараа хамгаалахын тулд чавганцын улс төрөө хийгээд эхэлжээ. АН, МАН хоёрт харуусал, айдас бий. Насан туршдаа “Татан буулгачихгүй яав даа, шоронд хатаах байсан юм" шаналж яваа хоёр. Дахиад шаналахгүйн тулд, харуусахгүйн тулд Хөдөлмөрийн Үндэсний намыг хөлд орохоос ньөмнө нухах сонирхол бий. Бидний хоолыг, эрх мэдлийг булааж, хулгай луйварыг илчлэхвий гэхээс айж байгаа.

Маш их айдастай учраас Хөдөлмөрийн Үндэсний намд өөрсдийн гар хөлөө шургуулж  тэвэрч байгаад хутгалах эртний заншил ёсоор ажиллах  нөхрийг явуулсан. Матросав шиг их бууны ам тэвэрчихээд бусдыг ч алдаггүй, бусдад алагдахгүй баатараар тодорсон хүн бол АН-ын угшилтай, банк санхүүгийн мэргэжилтэй Б.Найдалаа гэх залуу. Энэ залуу МАНАН-д гайхалтай тус хүргэж байна. Хөдөлмөрийн Үндэсний намыг тэвэрч байгаад хутгалаагүй  бол С.Ганбаатар зэрэг нөхдүүд дотооддоо гардан тулаан хийх биш гадагшаа галлах байв.

Ийм ач тустай Б.Найдалаа хүүд МАНАН талархал илэрхийлэх ёстой. Хөдөлмөрийн үндэсний намын дотоодын тэмцлийг шатлан өргөжүүлэхийн тулд  Улсын Дээд шүүх дээр нөлөөлөх болов уу. Тэгвэл улс төрийн гуравдагч хүчний орон зай нинжа нарын ухсан талбай шиг болж С.Ганбаатар гудамжны улс төрөө(улс төрчдийн хэллэгээр)хийгээд эхлэв болов уу. Уг нь бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч гэдэг шиг Хөдөлмөрийн Үндэсний намын 21 аймаг, есөн дүүргийн гишүүдийнхээ дэмжлэгийг авсан цорын ганц дарга нь С.Ганбаатар юм билээ.

Гэвч Орос Хятад нийлээд Манж-Го гэдэг тоглоомын улс байгуулж байсан шиг МАНАН бүлэглэл Хөдөлмөрийн Үндэсний намын хүчийг барахын тулд Б.Найдалааг өөд татаж мэдэх юм. Хэсэг нөхдийн хамт Хөдөлмөрийн Үндэсний нам гээчийг давхардуулан байгуулах гэж зүтгэж буй Б.Найдалаагийн хувьд алдах зүйл байхгүй. Анхны амьдрал бүтээгүй, дараагийн нь бас болоогүй гэдэг шиг дахиад улс төрийн  хүчинд элсээд явчихад гарзгүй нөхөр л дөө. Хүрээ маягийн завхай дуунд “Бор саарал илжиг нь урагш нь чангаанаа, Богдын шавийн дүвчин унзад хойш нь чангаана” гэж гардаг шиг Б.Найдалаа тэргүүтэй залуусаар МАНАН сонгуулийн бие халаалт хийж орхилоо. 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж