Батжаргалын Ганбат шиг...

2016 оны 3 сарын 18

НЭГЭН ЗҮЙЛ.

Аваргыг давж начин болсон бөх цөөнгүй. Мөнхүү, аваргыг хаяж заан цолд хүрсэн бөх цөөнгүй. Мөнхүү, аваргыг хазайлгаж арслан цол хүртсэн бөх цөөнгүй. Харин Батжаргалын Ганбат шиг дээрх гурван цолыг авахдаа гурвууланд нь аваргыг өвдөг шороодуулсан бөх ардын хувьсгалын жилүүдийн түүхэн дэх наадмуудад л лав байхгүй.

Тэрбээр 1998 оны наадмаар улсын заан С.Сүхбаатар, улсын арслан М.Мөнгөн, дархан аварга Х.Баянмөнх нарыг гурав, дөрөв, тавын даваанд унагаж начин, 1999 онд улсын начин И.Доржсамбуу /эдүгээгийн гарьд/, улсын заан Ж.Ганболд, улсын аварга О.Балжинням нарыг тав, зургаа, долоогийн даваанд давж заан, 2010 онд улсын заан М.Өсөхбаяр, улсын арслан Х.Мөнхбаатар, даян аварга Г.Өсөхбаяр /одоогийн дархан аварга/ нарыг долоо, найм, есийн даваанд өвдөглүүлэн түрүүлж арслан болсон бөлгөө.

Аваргыг давж аварга болдог гэсэн нэгэн ялгуун үг буй. Аваргыг даваад начин, аваргыг даваад заан, аваргыг даваад арслан болсон, жилдээ ганцхан болдог үндэснийхээ их баяр наадамд ганцаархнаа тахим өгөлгүй босоо үлдэж магнайлсан хүний тухайд нарийн яривал, аль ч спортын төрөлд түрүүлэх л юм бол аварга болдог дэлхий даяхны жишгийг бодолцох юм бол “аварга” л гэсэн үг.

НЭГЭН ЗҮЙЛ.

Манайд, эрэмбэ, чансаагаараа улсын их баяр наадмын дараа ордог, жил бүр болоод бүүр заншчихсан, олон жилийн хур түүхтэй уламжлалт барилдаан цөөнгүй. Ухаан нь, билгийн улирлын хаврын тэргүүн цагаан сарын шинийн нэгэнд зориулсан “бага наадам”, Бүрэн эрхт бүгд найрамдах улсаа тунхагласан өдөр, шинэ Үндсэн хуулийг баталсан өдөр, Тамирчдын баярын өдөр, Цэргийн баярын өдөр, Нийслэлийн өдөрт зориулсан... гээд л хөвөрч өгнө.

Эдгээр барилдаанд хамгийн олон түрүүлсэн үнэмлэхүй дээд амжилтын эзэн нь хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ.

Нэгэн цаг үеийг эзэгнэн төрсөн цуут аварга 1965 оноос эхтэй Тамирчдын өдөрт зориулсан барилдаанд долоо, 1963 оноос улбаатай цагаан сарын барилдаанд 13, 1990 оноос хойш тогтмолжсон Улс тунхагласан өдөрт зориулсан барилдаанд зургаа, 1992 оноос хойш тасралтгүй болж буй шинэ Үндсэн хуулийг баталсан өдөрт зориулсан барилдаанд дөрөв, 1994 оноос эхлэлээ авсан Нийслэлийн өдөрт зориулсан барилдаанд зургаа, 1977 онд анхных нь болсон Цэргийн баярт зориулсан барилдаанд тав магнайлсан байдаг.

Харин арслан Батжаргалын Ганбат шиг 2002, 2004, 2005, 2007, 2008, 2010 оны Цэргийн баярт зориулсан барилдаанд өвдөг шороодолгүй түрүүлж Баагий аваргын ноёрхлоо тогтоосон олон дээд амжилтын нэгийг эвдээд байгаа бөх өдгөө түүнээс өөр алга.

Ц.ГАЛБАДРАХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна