Эмэгтэйчүүдээ өмөөрөхүй...

2016 оны 3 сарын 18

“Ээжээ” хэмээн уулга алдаж, эмзэг мөчид хүн бүр л “ээжийгээ” дуудан аврал эрдэг. Гэтэл задарсан үедээ эрэгнэг савнаас төрсөн юм шиг эмэгтэйчүүдэд элдэв нэр хоч өгч, инээдэм наргианы бай болгодог муу зан бидэнд байна. Гэвч хэлүүлж байгаагийн ч, хэлж байгаагийн ч ард ээж нь, эгч нь, дүү нь буяныг ерөөн, бурууг холдуулан сүү өргөн залбирч суудгийг яагаад умартдаг юм бэ? Сүүлийн үед “моодонд” ороод байгаа нэг зүйл бол аливаа бодлого, шийдвэрийг тойрон ярилцахаасаа илүү, хэн нэгэн хувь хүн тэр дундаа эмэгтэй хүний талаар элдэв янзын шуугиан тарьж, нүд өвдөж сэтгэл сэмрэм зураг эвлүүлэн тарааж, үүнийгээ тренд /trend/  хэмээн нэрлэдэг болжээ. Муугийн бай, муухайгийн жишээний дийлэнх эмэгтэйчүүд байх юм. Яагаад дийлэнх нь эмэгтэйчүүд гэж? Эрэгтэйчүүд яагаад дайралтад бага өртөөд байдаг юм бэ? Эрэгтэйчүүд алддаггүй, өндөг шиг өөгүй, арилгасан сонгино шиг хүмүүс үү? Үгүй л дээ.

Эмэгтэйчүүдээ өмөөрчихье. Яадаг юм, эмэгтэйчүүд алдаа л биз, андуураа л биз. Тэглээ гээд зөвхөн тэрийг нь томруулдаг шилээр харж, эмзэг нандин нэр төрийг нь харлуулахын учир юунд вэ? Эмэгтэйчүүдэд нэр хоч зүүх сонирхол хэнд байгаад байдаг юм бэ? Та бүхэн сүүлийн үеийн сенсаци шуугианыг хараад үзээрэй. Сэтгүүлч биш хөтлөгч, бенз, сайд ахын сайн дүү, тачаангуй дуучин улс төрч болох нь, ногоон малгайт, гадаад нөхөртэй, мүүнчин, за тэгээд цааш нь хөврүүлбэл бурхан минь дуусашгүй урт цувааг олж харж цочирдон балмагдах болно.

Яах вэ, сайхан нэвтрүүлэг санаачиллаа, хийлээ, хөтөллөө, олны таашаалд нийцэж байна  сэтгүүлчийн боловсрол эзэмшээгүй л байгаа биз.

Яах вэ, баярхсандаа биш, сүүлийн үеийн техник технологийн гайхамшгийг  буруу саналгүй бусадтайгаа хуваалцахыг хүсээ л биз.  

Яах вэ, хууль зөрчсөн биш, залуу сайхан биеэ урлагтай хослуулсан дуучин бүсгүй эхчүүд эмэгтэйчүүдийнхээ төлөө дуу хоолойгоо улс төрд гаргах санаа төрөө л биз.

Яах вэ, толгойгоо сольсон биш, нэг малгай өмсөөд баярын мэндчилгээ дэвшүүлээ л биз.

Яах вэ, эх орноо худалдсан биш, хувь заяаны эрхээр гадаад хүнтэй ханилсан л биз.

Яах вэ, залуу цагтаа нэг шашинд Мүүнд ч юм уу ороод гараа л биз, ер нь Монгол ардчилсан улс биз дээ гээд эмэгтэйчүүдээ өмөөрөх сэтгэл өөрийн эрхгүй төрөх юм. Монголд өнөөдөр хөтлөгч эрэгтэйчүүд бүгд сэтгүүлчийн дипломтой гэж үү? Машин битгий хэл, гар утсаа гайхуулдаг эрчүүд байхгүй гэж үү? Малгайгаа биш, иргэншлээ андуурдаг улс төрч байхгүй гэж үү? Гадаад эхнэртэй улс төрч үнэхээр ганц ч байхгүй гэж үү? Ганцхан эмэгтэйчүүд Мүүнд холбогдоод байгаа гэж үү?

“Буруу” нь “зөвийгөө”, “хар” нь “цагаанаа”, “мөнгөтэй” нь “мөнгөгүйгээ”, “эрх мэдэлтэй” нь  “эрх мэдэлгүйгээ”, “олонх” нь “цөөнхөө” барьж идэх шахам “баалж” суухыгаа “АРДЧИЛАЛ” гээд андуураад байгаам биш биз дээ? Ингэж андуурсаныхаа буруутанг алган дээр тавьсан юм шиг дэлхийг “хавтгай” болгосон интернет орчин, сошиал ертөнцөөс хайгаад  хэрэггүй бизээ. Энэ нийгмийн буруу гэж “хялалзах” ч хэрэггүй, гагцхүү бид өөрсдөөсөө, дотроосоо л хайх хэрэгтэй байх. АРДЧИЛСАН УЛС гэдэг чинь уул шугамандаа АРДЫН ЗАСАГТ УЛС гэсэн утга юм билээ. Ард түмэн нь төлөөллийн зарчмаар Үндсэн хуулийн дагуу эрх барих дээд байгууллагадаа “элч”-ээ илгээж, тэд ард түмнийхээ төлөө, улс үндэстэнийхээ аюулгүй байдал, хөгжил дэвшлийн төлөө бие сэтгэлээ чилээн бодлого боловсруулан хэрэгжүүлж, түүнийхээ мэдээллийг нээлттэй ил тод олон нийтэд хүргэж, улмаар ард түмэн нь элч нарыгаа, элч нарынхаа бодлого, үйлдлийг хянаж, зөвлөлдөх ардчиллын зарчмаар хэлэлцэж шийдвэр гаргадаг байхыг хэлээд байх шиг байгаа юм. Гэтэл мэдээлэл гэгч үнэтэй зүйлийг “тархи угаах” хэрэгсэл болгон ашиглаж байгааг нийгмийн сүлжээгээр л нэг шуугих юм. Аливаа нэг асуудлыг олон өнцгөөс харсан, өөр өөр “бөндөгөр”-өөр бодсон, түм буман янзын сэтгэгдлийг өөрийнхөөрөө шүүж тунгаахад нийгмийн сүлжээний сайн тал оршдогийг миний хувьд бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрдөг, тиймдээ ч энэ хязгааргүй боломжийг олгосон ардчилалд баярлаж явдаг юм.

Эмэгтэйчүүдээ өмөөрчихье, эмэгтэйчүүдийн энэ мэтийн зүйлийг дэвэргээд байгаа хэн ч бай “өөрийн толгой дээрх бухлыг харахгүй байж, хүний толгой дээрх өвсийг харна” гэдэг шиг юм болоод байгаам биш үү? Дэлхийн хошой аварга болж Монголын чөлөөт бөхийн түүхэнд нэгэн хосгүй амжилтын эзнээр МУГТ С.Батцэцэг тодорлоо. Дуучин Р.Номин-Эрдэнэ хүүхдийн эрхийн төлөө дуу хоолойгоо хүргэх зорилгоор “Бяцхан зүрх” ТББ-ыг байгуулан ажиллаж байна. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол өрх толгойлсон эцэг, эхчүүдийг дэмжих нийгмийн халамжийн тухай хуулийн төсөл санаачиллаа. Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Д.Энхжаргалыг АНУ-ын ЭСЯ ОУ-ын эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан манлайлагчаар онцолж байна. Хөдөө орон нутаг дахь эмэгтэйчүүдийн төлөө олон талт,  үе шаттай тасралтгүй үйл ажиллагааг НАМЭХ-ны Ерөнхийлөгч Ц.Цогзолмаа зохион байгуулж байна. НИТХ-ын төлөөлөгч Б.Саранчимэг Улаан шороо нь эргэсэн газрыг нийслэлчүүд бидний чөлөөт цагаа өнгөрөөдөг “Үндэсний цэцэглэгт хүрээлэн” хөгжүүлсэн байна. Цаашилбал Форбес сэтгүүлийн нэрлэсэн 2015 оны Азийн хүчирхэг 50 бизнес эмэгтэйн нэгээр “Монполимет” группийн удирдах зөвлөлийн дарга Ц.Гарамжав шалгарсан байна. Мэргэжлийн дуучдын мөрөөдөл болсон сонгодог урлагийн эх орон гэгддэг Италийн төдийгүй дэлхийн дуурийн тайзнаа У.Уранцэцэг, Д.Баясгалан нар  дуулж явна. 2004-2008 онд Харвардын их сургуульд, 2008 оноос одоог хүртэл Дэлхийн нэр хүндтэй их сургуулиудын жагсаалтыг тэргүүлж буй Массачусетсийн Технологийн их сургуулийн профессор багш Б.Мандухай зэрэг эмэгтэйчүүд  иргэн бүрийн эрх чөлөөний төлөө, тэгш эрхийн төлөө, эв нэгдлийн төлөө бүхий л салбарт Монголдоо төдийгүй гавъяа байгуулж явна. Энэ мэтчилэн гэр бүлдээ ч, нийгэмдээ ч манлайлан ажиллаж буй энд дурдагдаагүй олон эмэгтэйчүүдийг жагсааж болно. Эдгээрийг яагаад тренд болгож болдоггүй юм бол доо?

Эцэст нь УИХ-ын болон Орон нутгийн сонгуулийн халуурал дөнгөж эхэлж байна. Энэ халуун галдаа эмэгтэйчүүдийг маань илүү үзэн бүү “түлээрэй” хэмээн хичээнгүйлэн хүсье.

Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн хооронд хэрүүлийн алим өнхрүүлэх гэсэндээ үүнийг тэрлэсэнгүй. Эмэгтэйчүүдээ өмөөрөн, Жендэрийн Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргаар ажиллаж байхдаа Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг батлуулах, УИХ-ын сонуулийн тухай хуулинд эмэгтэйчүүдийн квотыг оруулах, УИХ дахь эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх зэрэг багагүй ажлуудыг санаачлан гардан хийлцэж байсны хувьд болон эмэгтэйчүүдийнхээ өмнөөс өмөлзсөн, өр нимгэн эмэгтэй хүний сэтгэлээр бичлээ.

Б.ЭНХСАЙХАН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна