Дэлхийн түгшүүр

2016 оны 3 сарын 18

 

Дэлхий 10 жилийн өмнөхөөс илүү түгшүүртэй болж байна. Терроризм энэ үгийг сонсоод тэсрэх бөмбөг, амиа золиослогч, олон хүн амь үрэгдсэн гэж шууд ойлгогдох болж. Терроризм 1980-аад оны дунд үеэс дэлхий дахинд тархаж эхэлжээ.  Гэхдээ 2001 есдүгээр сарын 11-ы халдлага  дэлхий дахинд терроризмын аюулыг бүрэн ойлгуулсан. Аль-Каида бүлэглэлийн амиа золиослогчид нисэх онгоц барьцаалан халдлага үйлдэж, 2977 хүний амийг хөнөөсөн юм. Хохирогчдын дунд дэлхийн 60 улсын иргэд байжээ. Халдлагын дараа АНУ-ын экс ерөнхийлөгч Жорж Буш “терроризмын эсрэг дайн”-д олон улсыг татан оролцуулан том хэмжээний дайралтыг Ойрхи-Дорнодод хийсэн юм. Терроризмын эсрэг дайны хүрээнд Америк тэргүүтэй холбоотны цэргүүд Иракийн ерөнхийлөгч Саддам Хуссейнийг түлхэн унагааж, Афганистан дахь Талибаны дэглэмийг нураахыг хичээжээ. Улмаар АНУ-ын тусгай албаныхан Лидер Осама бин Ладеныг устгаснаар аль-Каида бүлэглэл анхаарал татахаа больсон. Гэвч Ойрхи-Дорнодод “Исламын улс”, Хойд Африкт “Боко Харам” гэх зэвсэгт бүлэглэлүүд хүчээ авч байна. Өдгөө террорист халдлагын  золиос болж амь үрэгдэгсдийн 80 нь Афганистан, Пакистан, Ирак, Сири, Нигери гэх таван орны иргэд.

 

 

Харьцангуй амар тайван байдаг Европ тив ч “Исламын улс” бүлэглэлийн заналхийлэлд түгшүүрт автах болов. Францын нийслэл Парис хотноо өнгөрсөн арваннэгдүгээр сард “Исламын улс” бүлэглэлийн дайчид халдлага үйлдэж 130 хүний амийг хөнөөсөн юм. Үүний дараа Франц улс хэдэн сарын турш онц байдал зарлаж, Европын хөрш орнууд хамгаалалтаа чангатгах арга хэмжээ авчээ. Түүнчлэн Европын холбоо дүрвэгсдийн хамт ирэх терроризмын аюулаас сэргийлж, Шенгений бүсийг зогсоох гэж байна. Австри тэргүүтэй Европын  холбооны найман орон хэдийн хилийн хяналтаа түр хугацаагаар сэргээжээ. Европын холбооны засаг захиргааны төв байрладаг Бельгид аюулгүй албаныхан үе, үе тусгай ажиллагаа явуулах болов.

 

 

“Исламын улс” бүлэглэл манай хойд хөрш ОХУ-д цуст  халдлага үйлдэхээр заналхийлсэн. ОХУ нь 2012 онд терроризмын аюул өндөртэй 10 орны нэгээр нэрлэгдэж байв. ОХУ-д өнгөрсөн 10 жилийн хугацаанд 182 террорист халдлага гарч 159 хүн амь үрэгдэж, 431 хүн шархтсан аж. Харин  уйгур, түвдийн тэмцлээс үүдэн  терроризмын аюултай орны жагсаалтын эхний 20-д Хятад улс бичигджээ.

 

“Исламын улс” бүлэглэлийн үндсийг АНУ тавьсан гэж үздэг. АНУ, Барууныхны зэвсгээр хангаж, дадлагажуулсан дайчид хяналтаас гарч “Исламын улс” гэх бүлэглэлийг үүсгэсэн аж. Гэтэл өдгөө тэд Ирак, Сирийн газар нутгийн нэлээд хэсгийн эзэлж, Ливи рүү хүрээгээ тэлэхээр зэхэж байна. Өөрсдийн бүтээсэн “араатны” эсрэг АНУ холбоотнуудын хамтаар дайнд орсон юм.

 

 

“Исламын улс” бүлэглэлийн гишүүдийн олонх нь Сири, Иракийн иргэд биш. Дэлхийн өнцөг бүрээс ирсэн 20 мянган зэвсэгт дайчдын 3400 нь Барууны орнуудаас ирсэн. Энгийн жишээ л гэхэд “Исламын улс” бүлэглэлийн командлагчдын нэг Шишани бол Чечень хүн. Тэрбээр Америкийн цэргийнхний дор дадлага, сургуулилт хийж явжээ.

 

Б.АНХТУЯА

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна