Боксчдоос хэн хэн олимпийн эрхийн төлөө өрсөлдөх вэ?

2016 оны 3 сарын 18

“РИО-2016” олимпийн эрх олгох боксын тэмцээн БНХАУ-ын Цяньань хотноо гуравдугаар сарын 23-наас дөрөвдүгээр сарын 3 хүртэл болно. Ази болон далайн бүсийн орнуудын дунд болох олимпийн эрх олгох энэхүү тэмцээнд жин бүрэн эхний хоёр байрт орсон тамирчид Бразил зорих эрхээ авах юм. Тус тэмцээнд  оролцох манай боксчид урд хөршийг зориод байна. Багийн бүрэлдэхүүнд Ардын багш Д.Банди, эрэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч ОУХМ Д.Батсүрэн, Б.Эрдэнэбаяр, Гавьяат дасгалжуулагч А.Гантулга, Ё.Төмөрбатаа нарын удирдлагад баг тамирчид оролцоно.

Саяхан Германы “Химийн цом”-д амжилттай оролцсон эрэгтэй баг бүрэн бүрэлдэхүүнээрээ очсон бол манай шилдэг эмэгтэй боксчид олимпийн эрхийн төлөө өрсөлдөх юм.

Баг тамирчид:

Үүнд, эрэгтэй 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 52 кг-д Х.Энх-Амар, 56 кг-д Э.Цэндбаатар, 60 кг-д Д.Отгондалай, 64 кг-д Б.Чинзориг, 69 кг-д Б.Түвшинбат, 75 кг-д Н.Шинэбаяр, 81 кг-д С.Эрдэнэбаяр, 91 кг-д Т.Ерболат, эмэгтэйчүүдийн олимпийн жин болох 51 кг-д М.Нандинцэцэг, 60 кг-д О.Сувд-Эрдэнэ, 75 кг-д Э.Эрдэнэтуяа нар оролцоно.

AIBA буюу Олон улсын сонирхогчдын боксын холбооны шинэчлэгдсэн дүрмийн дагуу тивийн аваргад эхний долоод бичигдсэн боксчид олимпийн эрх олгох ДАШТ-д оролцох эрхийг авах байсан. 2015 онд Тайландад болсон тивийн аваргаас манай дөрвөн боксчин Катарт ДАШТ-д оролцох эрхээ авсан. Манай тамирчдын хоёр нь нэг хожилтойгоор тэмцээнийг дуусгаж, хоёр нь хүрэл медалийн төлөөх тулаанд ялагдал хүлээснээр РИО-гийн эрхээ авч чадаагүй юм. Катарт Г.Ган-Эрдэнэ, Д.Отгондалай нар хүрлийн төлөө тулалдсан бол Э.Идэрхүү, Б.Түвшинбат нар шөвгийн 16-д үлдсэн. Тиймээс БНХАУ-д болох тэмцээн боксчдын хувьд хамгийн хариуцлагатай тэмцээн болоод байна. Харин үүний дараа дахин нэг боломж бий. Тэр бол ирэх зургадугаар сарын эхээр Азербайжаны нийслэл Бакуд болох тэмцээн юм.

Ч.БОЛОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна