Дэлхийг сонсох уу, залуус аа?

2016 оны 3 сарын 18

Drone Bomb Me клипийн кадр

Трансжендерийн клипт уйлж байгаа Наоми Кэмпбелл, хөдөлмөр, амралтаа алдаршуулж байгаа хагас нүцгэн Рианна, карьераа шинээр үргэлжлүүлсэн  The Kills-ийн  оршуулгын ажил, японы бичлэг гээд л хөгжмийн шинэ үзэгдлийн тоймыг хүргэе.

Anthony And The Johnsons хамтлагийн Энтони Хэгарти нэрээр өмнө нь нэрд гарсан Британийн дуучин Anohni шинэ  Drone Bomb Me дууныхаа видеог гаргалаа. Клипт нь модель Наоми Кэмпбелл тоглосон бөгөөд тэрээр дуучны өмнө хэн ч сонсохгүй байгаа зүйлийг хамгаас чанга хэлэхийг оролдон уйлжээ. Anohni-ийн Hopelessness цомог нь тавдугаар сарын 6-нд худалдаанд гарах юм. Дуучин трансжендер болсноос хойших анхны бүтээл  нь энэ юм.

Anohni — Drone Bomb Me

Англи-америкийн хослол дуучид болох The Kills шинэ Ash & Ice цомог гаргаж буйгаа зарлав. Ирэх зургадугаар сард гарах  цомогт зориулан Doing It To Death дууных нь видео бичлэгээ танилцууллаа. Хамтлагийн сүүлийн  таван жилийн анхны шинэ дуу нь энэ ажээ. Дуу нь сайн биш л дээ, гэхдээ сонирхол татмаар... Бүтээлээ Майкл Жексонд зориулсан бололтой. Нөгөө ертөнцийн бүжиг тийм байдаг болов уу гэсэн таамаг төрүүлэм энэхүү клипийг өөрсдөө үзээрэй.  

The Kills — Doing It To Death

Британийн  хамтлагуудын хоёр гавьяатан болох Алекс Тернер (Arctic Monkeys),  Майлз Кейн (The Rascals) нарын шинэ төсөл нь The Last Shadow Puppets юм. Өөрсдийн анхдагч цомгоо энэ баг аль эрт 2008 онд гаргасан гэдгийг дурдах нь илүүц биз ээ. Харин ирэх сарын 1-нд тэдний хоёр дахь цомог Everything You've Come To Expect олны хүртээл болно. Энэ цомгийн шинэ сингл нь Aviation дуу болжээ. Зав байвал сонсоод үзээрэй.

The Last Shadow Puppets — Aviation

Рианнагийн Anti цомог олон хүнд гэнэтийн бэлэг болсон. Харин Дрейкийн оролцоотой Work дууны видео нь  үдэшлэг, бүжиг, клуб, диван гэсэн хэтэрхий бүрхэгдүү болов. Тэр нэгэн янзын уйтгартай зураглалаа яаж ийж байгаад чимэглэхийн тулд Рианна клипийн сүүл хэсгээр гэрэлтсэн хувцастайгаар үзэгдэнэ.

Rihanna — Work (feat. Drake)

Song For The Lovers дуугаараа дэлхийд танил болсон Ричард Эшкрофт хөгжмийн ертөнцдөө эргэн ирлээ. Тэрээр зургаан жил чимээгүй суужээ. Монголд тэр нь мэдэгдээгүй өнгөрсөн байх. Харин Их Британид түүнийг хүлээж байсан юм. Дуучин ярьснаар тэр  энэ хугацаанд гар утасгүй амьдарч, өмнөх “хий үзэгдлээсээ” салахаар оролджээ. Өөрийгөө хэрхэн хүмүүжүүлсэн нь ирэх тавдугаар сард гарч ирэх These People цомгоос харагдах биз. Одоогоор Эшкрофт шинэ дууны видеог танилцууллаа.

Richard Ashcroft — This Is How It Feels

Арванхоёр жилийн өмнө Faith No More хамтлагийн фронтмен Майк Паттон ба Норвегийн хөгжмийн зохиолч Жон Каада гайхалтай сайхан Romances пянзаа гаргасан билээ. Тэдний хамтарсан хоёр дахь цомог Bacteria Cult ирэх дөрөвдүгээр сарын 1-нд худалдаанд гарахын өмнө Imodium дууны видеогоор рекламаа хийлээ.

Kaada/Patton — Imodium

Британийн The 1975 тайзны шинэ баатрууд хал үзсэн рокерууд шиг харагдаж, наяад оны хашир суусан попууд шиг  тоглох аж. Хоёрдугаар сарын сүүлчээр тэдний хоёр дахь цомог I Like It When You Sleep, for You Are So Beautiful Yet So Unaware of It Их Британи, АНУ, Канад, Австрали, Шинэ Зеландын чартуудын нэгдүгээрт бичигдэх болжээ.

The 1975 — The Sound

Японы хөгжимчин, Qypthone хамтлагийн  гишүүн асан  Такеши Накатсүка шинэ Eye цомгоо гаргахаар бэлтгэж байна. Цомгийн анхны сингл Japanese Boy дууны клипийг  компьютерийн анимацийн мастер Хиронори Сүгие бүтээжээ.

Takeshi Nakatsuka — Japanese Boy

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна