“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 25 жилийн ойд

2016 оны 3 сарын 18

Маргааш “Төрийн мэдээлэл” эмхэтгэл төрсөн өдөр. Өнөөдөр түүний 920 дахь дугаар хэвлэгдэн гарлаа. Энэ бол  25 жилийн хугацаанд хэвлэгдсэн эмхэтгэлийн нийт тоо. Тэдгээрт нийтлэгдсэн хууль тогтоол, зарлиг болон бусад эрх зүйн акт, хэвлэлийн хуудасны тоо зэргийг тооцож гаргасангүй. Их тоо гарах нь дамжиггүй.

Төрийн бүх хууль бусад шийдвэр нь гагцхүү “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд албан ёсоор нийтлэгдсэнээр /хуульд өөрөөр заагаагүй бол/ хүчин төгөлдөр болж мөрдөгддөг хуультай. “Улсын дээд шүүх, бусад шүүх нь Үндсэн хуульд нийцээгүй, албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэх эрхгүй”. “Монгол Улсын хуулийг Улсын Их Хурал албан ёсоор нийтлэх бөгөөд хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү нийтэлсэнээс хойш арав хоногийн дараа хүчин төгөлдөр болно”. Энэ бол Монгол Улсын Үндсэн хуулийн заалтууд. “Төрийн мэдээлэл” эмхэтгэл нь Үндсэн хууль холбогдох бусад хуулиар үйл ажиллагаа нь зохицуулагдсан монголын цорын ганц хэвлэл мөн болохыг нотолж эдгээр заалтыг эш татлаа.

Хууль бусад шийдвэрийг ямар ч алдаа мадаггүй, долоо хоног тутам хэвлэн гаргах нь эмхэтгэл хариуцсан ажилтны үүрэг. Төрийн хуулийг эмхэтгэн гаргахад уншигчийн сэтгэлийг илбэдэн татахуйц үг урлах, үзгийн цэц  шалгах шаардлагагүй. Ажилдаа маш их хянуур байхыг л шаардана. Алдаа гаргах эрхгүй ажил бол мөнөөс мөн.

Энэ ажлын гарааг 25 жилийн өмнө Улсын Бага Хурлын Тамгын газрын ажилтан байсан Б.Одонжил эхлүүлсэн. Өмнө нь Шүүх яаманд хууль тогтоомжийн системчилсэн эмхэтгэлд ажиллаж байсан болохоор түүнд “Төрийн мэдээлэл”-ийг хариуцуулан анхны редактор-нийлэгчээр томилсон ажээ.

Хамгийн олон жил эмхэтгэлд ажилласан нь Бажуудайн Ганбат байсан билээ. Уул шиг түшигтэй, өгөөмөр сэтгэлтэй, оюуны бэл бяртай, Монголын нэртэй зохиолч, шүүмжлэгчдийн нэг байв. Ажилдаа хандах хандлага, сэтгэлээрээ тэрээр үлгэр дууриалал болохуйц төрийн албан хаагч байсан юм.

Д.Алтангэрэл, Б.Янжинлхам, Сан.Жаргалсайхан, С.Батмөнх нарын зэрэг тодорхой цаг үед эмхэтгэлийг хариуцаж, хэвлэн гаргахад оролцож байсан хүмүүсийн зарим нь өнөөг хүртэл УИХ-ын Тамгын газарт ажилласаар байна.

Эмхэтгэлийг үсэг өрөгч линотип машинаар өрж дараа нь олсоор боон тугалган үсэг дээгүүр будагтай булыг гараараа өнхрүүлж дардас  гаргаж байсан үе тун саяхан мэт. Хэвлэлийн хуудаснаас хамааран заримдаа 240 кг. тугалга зөөх ч тохиолдол гардаг байжээ. Хүнд хэцүү, тун адармаатай ажил байсан гэдэг. 25 жилийн өмнө эмхэтгэлийг Засгийн газрын хэвлэх үйлдвэрт өрж хэвлэдэг байлаа. Эмхэтгэлийн анхны дугааруудын үсэг хянагчаар нь С.Итгэлт ажиллаж байв.

1999 онд УИХ-ын Тамгын газар өөрийн хэвлэх цехтэй болж түүнд эмхэтгэлийг хэвлэдэг болов. Тэр үед эх бэлтгэгчээр Д.Даваасүрэн /одоо хэвлэх цехийн ахлагч/, дэвтэрлэгчээр Э.Эрдэнэчимэг /Засгийн газрын хэвлэх үйлдвэр, УИХ-ын Тамгын газрын Хэвлэх цехэд тасралтгүй 31 жил ажиллаж байгаа/, техник редактораар Б.Оюундэлгэр, хэвлэгчээр Б.Баясан, туслах ажилтнаар Н.Гантуул нар ажиллаж байжээ.

Өнөөдөр “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийг Хэвлэх цехийн хамт олонгүйгээр төсөөлөхийн аргагүй. Цаг хугацаатай уралдан “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийг хэвлэж гаргах, хэрэглэгчид шуурхай хүргэх ажил энэ хамт олонтой салшгүй холбоотой. Д.Даваасүрэн, Э.Эрдэнэчимэг, Т.Цэнд-аюуш, Ж.Батхуяг, Д.Пүрэвхүү, У.Дамдинсугар, Г.Сугарсүрэн, Д.Баттөр нар ажлыг хүнд гэхгүйгээр амжуулж, нойр хоолоо умартан шантрахгүй хүчин зүтгэж явна. Ажлын төлөө гэсэн сэтгэлтэй, түшигтэй энэ хамт олны эрхэм чанар нь итгэл дааж чаддагт оршиж байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна