Ц.Цолмон: Өнөөдрийн зэвсэгт хүчний өнгө төрх, амжилт бүтээл бүхэн цэрэг эрсийн маань уйгагүй хөдөлмөрийн шим юм

2016 оны 3 сарын 18

"Монгол цэргийн өдөр", орчин цагийн Зэвсэгт хүчний 95 жилийн ойн баярын хуралд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонгийн хэлсэн үгийг бүрэн эхээр хүргэж байна.

 

 

Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхий сайд аа!
Монгол Улсын Их хурлын эрхэм гишүүд ээ ! 

Монгол Улсынхаа тусгаар тогтнол, аюулгүй байдлыг сахин хамгаалах үйлсэд гар бие, сэтгэл зүрх нийлэн зүтгэж ирсэн, хамтран зүтгэж байгаа дайчин нөхөд өө!

Эрхэмсэг хатагтай, ноёд, хүндэт зочидоо!

Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгаж, “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 95 жилийн ойн баярын дайчин цогтой халуун мэндийг өргөн дэвшүүлье!

Монголчууд эрт дээр үеэс эх нутаг, газар шорооныхоо төлөө, туурга тусгаар Монгол Улсынхаа төлөө амь биеэ үл хайрлан тэмцэж ирсэн баатарлаг түүх, дайчин уламжлалтай ард түмэн билээ.

 

Монгол Улс төрийн тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгал, 1921 оны ардын хувьсгалаас хойшхнэгэн зууны турш Монгол Улсын Зэвсэгт хүчин улс орны нийгэм, улс төрийнтогтолцоо, гадаад, дотоодын нөхцөл байдал, хүчин зүйлүүд ямар байхаас үл хамааран цаг ямагт Монголын тусгаар тогтнолын баталгаа нь, нийгмийн шинэчлэгч, манлайлагч, бүтээн байгуулагч хүч, Монголын ард түмний эрх чөлөөг хамгаалагч нь байсаар ирсэн бахархам түүхтэй билээ. 

 

1921 оны Ардын хувьсгалд оролцсон “Ардын журамт цэрэг”, 1939 оны Халхын голын тулалдаан, 1945 оны Чөлөөлөх дайнд ялалт байгуулсан “Морьт механикжуулсан цэрэг”, Монгол Улсын Зэвсэгт хүчний шинэ үеийн эхлэлийг тавьсан “Мотобуудлагын цэрэг”, ардчилсан төрийн “Мэргэжлийн цэрэг”-ээр залгамжлан хөгжсөн “МОНГОЛ ЦЭРЭГ”-ийн өдөр өнөөдөр тохиож байна.

 

Энэ түүхэн замнал нь Монгол Улс хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулж буй өнөө цагт уламжлагдан шинэ агуулгаар баяжин боловсорч, аливаа зөрчил, маргааныг улс төр-дипломатын аргаар шийдвэрлэхийг урьтал болгохын зэрэгцээгээр шаардлагатай тохиолдолд бүх нийтийн орон нутгийн хамгаалалтад тулгуурласан батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог бүрдүүлэн улс орноо гадны зэвсэгт халдлагаас хамгаалах төрийн бодлого болж төгөлдөржсөн байна.

 

Монгол Улсад 1990-ээд оноос эхэлсэн ардчиллын үйл явц амжилттай өрнөхүй дор ардчилал, хүний эрхийг дээдэлсэн, эдийн засгийн хөгжлийн шинэ чиг баримжаагаар улс орноо хөгжүүлэхийг зарлан тунхагласан шинэ Үндсэн хуулиа баталж, түүндээ “Эх орныхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалж, аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангах нь төрийн үүрэг мөн”, “Монгол Улс өөрийгөө хамгаалах Зэвсэгт хүчинтэй байна” гэдгийг баталгаажуулснаар улс орноо батлан хамгаалах бодлого, үйл ажиллагаа, Зэвсэгт хүчний цаашдын хөгжилд зарчмын шинэ өөрчлөлт орох үндэс суурийг тавьсан юм. 

 

Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалаас гадна дэлхий дахинаа өрнөсөн эргэлтийн шинжтэй үйл явдлууд, уламжлалт бус аюул заналын тархалт зэрэг гадаад хүчин зүйлс ч манай батлан хамгаалах бодлого, үзэл номлол, Зэвсэгт хүчний бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгож, өөрчлөлт шинэчлэлтийг зайлшгүй хийх шалтгаан нөхцлийг бүрдүүлсэнюм.

 

Энэ үеэс Зэвсэгт хүчнийг цомхон, чадварлаг, мэргэжлийн чиг баримжаатай болгон хөгжүүлэх шинэ зорилт шинэчлэлийн тулгуур зарчим болон дэвшигдэн гарч ирж, Монгол Улсын батлан хамгаалах бодлого, нэгдмэл тогтолцооны эрх зүйн үндсийг шинэчлэн бүрдүүлж чадсан юм. 

 

Монгол Улс батлан хамгаалах бодлогоо хэрэгжүүлэх, нэгдмэл тогтолцоог бүрдүүлэх үйл ажиллагааныхаа хүрээнд бусад улс оронтой тогтоосон гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, улс орны эдийн засаг, нийгмийн харилцаа, цэргийн байгуулалтыг төгөлдөржүүлэхэд чиглэсэн олон талт арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна.

 

Батлан хамгаалах салбарынхан бид түүхт ойгоо амжилт бүтээлээр дүүрэн угтаж байна. Тухайлбал, төрийн тулгуур үзэл баримтлалын нэг болох “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичгийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн батлууллаа. Энэхүү баримт бичиг нь үндэсний язгуур ашиг сонирхолд тулгуурласан; бодит хэрэгцээ, шаардлагад нийцсэн; батлан хамгаалах цогц үйл ажиллагааг хангахад чиглэсэн, дэлхий нийтийн жишиг, хөгжилтэй нийцүүлсэн Төрөөс батлан хамгаалах талаар баримтлах тулгуур баримт бичиг болж чадсан гэдэгт би итгэлтэй байна. 

 

Төрийн батлан хамгаалах бодлогодоо нийцүүлэн шинэчилсэн батлан хамгаалахын багц хуулийн төслүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Улсын Их Хуралд өргөн барилаа. Энэ хаврын чуулганаар хэлэлцүүлэн батлуулахаар төлөвлөн ажиллаж байна. Батлан хамгаалахын багц хуулиудыг батлуулснаар эрх зүйн шинэчлэл жинхэнэ утгаараа хэрэгжиж, салбарын үйл ажиллагаанд тулгамдаад байгаа олон асуудлыг шийдвэрлэх эрх зүйн таатай орчин бүрдэх юм.

 

Монгол Улс бүх нийтээр цэргийн алба хаах хуулийн заалтыг хэрэгжүүлж, нийт залуусыг цэргийн алба хаалгадаг тогтолцоонд шилжүүлэх арга хэмжээний хүрээнд “Оюутан цэрэг” хөтөлбөрийг 3 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. Цар хүрээг нь өргөжүүлж энэ жил орон нутагт буюу Улаанбаатар хот, Ховд, Дорнод аймгуудад хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. 

 

Монгол цэрэг нум, саадгаа агсан дэлхийн талыг эзэлж байсан бол, өнөөдөр энхийн үйлсэд хүчин зүтгэж, өвөг дээдсийнхээ өлмий хүрээгүй дэлхийн дайдад үүрэг гүйцэтгэж байгаа нь бидний бахархал юм. Энэхүү завшааныг ашиглан дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн алба хаагчиддаа энэхүү баярын хурлын индэрээс Монгол цэргийн өдрийн баярын мэнд хүргэе ээ.

 

Монголын Зэвсэгт хүчин Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх оролцоо нэмэгдэхийн зэрэгцээ, чанарын ахиц гарч дарга, удирдлагын бүрэлдэхүүн штабын офицер, зөвлөх, цэргийн ажиглагчид, цэргийн багууд, цэргийн эмч, сувилагч нар дэлхий дахинаа энх амгалан байдлыг сахиулах, шинэ тулгар тусгаар улсын ард түмний нийтлэг эрх ашгийг хамгаалах, тусгаар тогтнол, ардчиллыг бэхжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлж ирснээр манай Зэвсэгт хүчний нэр хүнд өсөн нэмэгдэж, дэлхийн олон улс орон, олон улсын хамтын нийгэмлэгт Монгол Улсын эзлэх байр суурь баталгаажин бэхжиж байна. 

 

Өнгөрсөн онд бид Батлан хамгаалах салбарын хэмжээнд дэвшүүлсэн зорилго, зорилтоо бүрэн хэрэгжүүлж, цэргийн зэвсэглэл, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах, бие бүрэлдэхүүний нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар ихээхэн дэвшил гарч, ОХУ, БНХАУ-д зохион байгуулагдсан цэргийн ёслолын жагсаалд анх удаа амжилттай оролцон дэлхийн II дайнд Монголын ард түмний оруулсан хувь нэмэр, Зэвсэгт хүчнийхээ сүр хүч, цог золбоог олон улсад таниулсан амжилт бүтээлээр дүүрэн жил болж түүхийн хуудаснаа үлдлээ.

 

Өнөөдрийн Монгол Улсын Зэвсэгт хүчний өнгө төрх, үйл ажиллагааны үр дүн, гаргасан амжилт, бүтээл бүхэн та бүхний хүч хөдөлмөрийн үр дүн гэдгийг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Эрхэм нөхөд өө!
Хүндэт зочид оо!
Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол цэргийн залгамж халаа болсон халуун эх оронч дайчиддаа, Монголын нийт ард түмэн, төрийн цэргийн байгууллагын алба хаагчид, хамт олонд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсч, эх орноо батлан хамгаалах үйл хэрэгт улам их амжилт гаргахыг хүсэн ерөөж, Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойн баярт зориулсан хүндэтгэлийн хурлын ажиллагааг нээснийг мэдэгдье.