Камерун 89 хүнд цаазын ял оноожээ

2016 оны 3 сарын 18

 

Камерун улсад “Боко Харам” бүлэглэлийн гишүүн 89 хүнд цаазын ял оноожээ. Тэднийг Камеруны хойд хэсгийн нутагт удаа дараа халдлага үйлдсэнд буруутгасан байна. Камерун улс 2014 онд терроризмын эсрэг хууль баталсан юм. Хууль батлагдсанаас хойш анх удаа хэрэгтнүүдэд цаазын ял оноосон нь энэ болж байна. Камерунд “Боко Харам” бүлэглэлтэй холбоотой хэмээн сэжиглэн 850 хүнийг баривчилсан байгаа аж. Камеруны засгийн газраас өнгөрсөн онд нутгийн хойд хэсэгт терроризмын эсрэг цэргийн ажиллагаа явуулснаас олон зуун хүн амь үрэгджээ.

 

Хойд Африкт хүчээ авсан “Боко Харам” бүлэглэл 2002 онд Нигерид байгуулагдсан юм. Барууны соёл, боловсролыг хүчтэй эсэргүүцдэг “Боко Харам” бүлэглэл Нигерийн олон зуун оюутан охидыг барьцаалан хүчээр богтолж, боолоор худалджээ. “Боко Харам” бүлэглэл 2009 оноос хойш Нигерид алан хядах, хүн барьцаалах зэрэг гэмт үйлдлээр дэлхийд танигдах болсон юм. “Боко Харам” өнгөрсөн онд “Исламын улс” бүлэглэлтэй нэгдэж, эзлэн авсан газартаа исламын халифатыг тунхаглаад байгаа юм.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна