М.Энхсайханыг шалгуулах хүсэлт гаргажээ

2016 оны 3 сарын 18

12.52

“Жудагт Монгол” холбооноос Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ. Тус хэвлэлийн хурал дээр “Жудагт Монгол” холбооны дээд зөвлөлийн гишүүн Б.Чулуунбат хэлэхдээ “Тавантолгой төсөл зогссон нь Монгол Улсын сайд М.Энхсайхантай холбоотой. Энэ асуудлыг бид эдийн засагчидтай хамтраад судалсны үндсэн дээр маш ноцтой баримт материалуудыг олсон. Тиймээс судалгаагаа багцалсан 90 хуудас материалыг Монгол Улсын сайд М.Энхсайханыг шалгуулах хүсэлтийн дагуу Тагнуулын ерөнхий газарт өгч байгаагаа мэдэгдэж байна. ТЕГ бидний хүсэлтэд хариу өгнө гэж найдаж байна” хэмээсэн юм.

Г.Түвшинжаргалыг шүүхээс үргэлжлүүлэн 14 хоног баривчлах шийдвэр гаргасан бөгөөд “Натур фрэйндли” компанийн гурван эмэгтэйг үргэлжлүүлэн баривчлах эсэхийг яг одоо хэлэлцэж байна. Эдгээр эмэгтэйчүүдийн хоёр нь тус компанийн мэргэжилтэн бол нэг нь удирдах албан тушаалан юм байна.


12.41

Х.Баттулга: Эрх мэдэлгүй хүмүүс рүү дайрч байна

УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан Г.Түвшинжаргал болон “Натур фрэйндли” компанийн гурван эмэгтэй ажилтныг энэ сарын 16-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн ажилчид баривчилж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна.Тэднийг үргэлжлүүлэх хорих эсэх талаар шүүгч захирамж гаргахаар хэлэлцэж байна. Шүүхийн байранд УИХ-ын гишүүн Х.Баттулга очсон бөгөөд “Эрх мэдэлгүй, туслах, нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүнээс юу гарах юм бэ? Ингэж сэтгэл санаа руу нь дайрч байна. Хамгийн гол зүйлийг нь та нар мэднэ. Тавантолгойн ордыг 60, цаашлаад 100 жилээр нэг компанид өгөх гэсэн оролдлогыг илчилсний төлөө ийм эрүү шүүлтэд орж байна. Би энэ талаар удаа дараа хэлсэн” гэдгийг хэлээд  “Нүүрстэй нам гэж би байнга хэлдэг. Тэд намууд руу шургалчихсан. Цаашид би илүү ихийг илчилнэ. Шүүх хурал хэрхэн өндөрлөхийг харж л байя. Монгол цагдаа нар хөхүүл эмэгтэйчүүдэд хэрхэн хүчээ гаргадгийг гамин цэргийг ялсан өдөр харъя” гэлээ.  


12.18

Г.Түвшинжаргал нарыг хэлэлцэж байна

УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан Г.Түвшинжаргал болон “Натур фрэйндли” компанийн гурван эмэгтэй ажилтныг үргэлжлүүлэн цагдан хорих захирамж гаргах эсэхийг хэлэлцэж байна. Харин “Түмэн хишигтэн”-гийн захирал Ш.Эрдэнэтуяаг түр саатуулсан бөгөөд энэ талаар шүүх хурал хэлэлцээгүй юм.

Г.Түшинжаргалын ар гэрийнхэн энэ үйл ажиллагааг хууль бус гэж үзэж байна. Шүүхийн хуралдаан 11.58 минутад эхэлсэн бөгөөд үргэлжилж байна.


11.30

Шүүх хуралдааны танхимд УИХ-ын гишүүн Х.Баттулга орлоо. Гэсэн ч шүүх хурал эхлээгүй байна.


11.05

Шүүх хуралдаанд Г.Түвшинжаргал хорих ангиас онлайнаар холбогдох бөгөөд техникийн саатал гарсан учраас шүүх хуралдаан эхлээгүй байна. Х.Баттулга гишүүн "Үндэсний мэдээлэл" төвд 12:00 цагт мэдээлэл хийхээр болжээ.


10.39

“Түмэн хишигтэн”-гийн захирлыг баривчилжээ

УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан Г.Түвшинжаргал болон “Натур фрэйндли” компанийн гурван эмэгтэй ажилтныг энэ сарын 16-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн ажилчид баривчилж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр Түмэн хишигтэн-гийн захирал Ш.Эрдэнэтуяаг 04.00 цагийн орчимд гэрээс нь баривчилсан байна. Тэднийг улсаас их хэмжээний мөнгө шамшигдуулсан, мөнгө угаасан хэргээр зүйлчилжээ.

Энэ хэрэгтэй холбогдуулан тэднийг хорих эсэхийг шийдэх шүүх хурал яг одоо Баянзүрх дүүргийн шүүхт болох гэж байна. Таван минутын өмнө УИХ-ын гишүүн Х.Баттулга шүүх хуралдаанд оролцохоор ирээд байна.

Г.Түвшинжаргалын нөхөр Н.Мөнхбаатар шүүх хуралдаанд оролцохоор ирэх үед нь уулзаж лавлахад "Энэ сарын 16-ны өдрийн 12:00 цагт цагдаагийнхан ирж 2 цаг хэртэй нэгжлэг хийсэн. Манайхаас хоёр ipad хурааж авсан. Прокурорын нэгжлэг хийх зөвшөөрөл үзүүлсэн ч гэрчгүйгээр нэгжсэн" гэж мэдэгдлээ.

Г.Түвшинжаргал шүүх хуралдаанд онлайнаар оролцох бөгөөд шүүгч хуралдаанд орж ирээгүй байна. УИХ-ын гишүүн Х.Баттулга Монгол эр цэргийн баярын өдөр эрчүүдэд нь халдаж чадаагүй байж эмэгтэйчүүдийг нь дээрэлхлээ гэсэн утгатай үг хэллээ.


10.01

Х.Баттулга гишүүний туслахыг шүүнэ

УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан Г.Түвшинжаргал болон “Натур фрэйндли” компанийн гурван эмэгтэй ажилтанг энэ сарын 16-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн ажилчид баривчилж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна. Тэднийг улсаас таван тэрбум төгрөг шамшигдуулсан, мөнгө угаасан хэргээр зүйлчилжээ.

Энэ хэрэгтэй холбогдуулан тэднийг хорих эсэхийг шийдэх шүүх хурал яг одоо Баянзүрх дүүргийн шүүхт болох гэж байна. УИХ-ын гишүүн Х.Баттулга энэ шүүх хуралдаанд оролцоно гэсэн мэдээлэл байна. Гэхдээ шүүх хурал 10.00 цагаас эхэлнэ гэсэн ч хараахан эхлээгүй байна.

Энэ хэргийг мөрдөхөөр ЦЕГ болон АТГ-аас хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллаж буй бөгөөд УИХ-ын гишүүн Х.Баттулга, УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа нарыг сэжигтнээр татаад байгаа юм.

Д.УЛАМ, Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна