Өв залгамжлагчдын дайн

2016 оны 3 сарын 18

 

Эмэгтэй хүний цээж баримал, Пабло Пикассо, Канн, 1956 он

 

Нэрт зураач Пабло Пикассо хүүхдүүдээ, хүүхдийнхээ хүүхдийг бүх насаар нь тэжээх хангалттай өв хөрөнгө үлдээсэн юм. Пикассогийн өв залгамжлагчид бүгд тэрбумтнууд болсон билээ. Майя Видмайер Пикассо бол Пикассогийн уран бүтээлүүдийг эзэмшигч таван өв залгамжлагчийнх нь нэг юм.

 

Түүний ээж Мари-Терез Уолтер Пабло Пикассотой 1927 онд танилцжээ. Тэр үед Мари-Терез Уолтер дөнгөж 17 настай, харин нэрт зураач 45 нас шүргэж байжээ. Пабло Пикассо түүнд “Чиний царай их сонирхолтой юм. Би хөргийг чинь зурмаар байна” гэж хэлжээ. Харин Мари-Терез Уолтер Пабло Пикассо гэж зураач байдгийг ч мэдэхгүй байсан тул Пикассо түүнийг номын дэлгүүрт дагуулан очиж, өөрийнхөө тухай номыг  үзүүлжээ. Мари-Терез 1927-1935 оны хооронд нэрт зураачийн амраг бас модель нь болж байсан аж. Тэр үед Пикассогийн эхнэр нь  Дягилевийн бүжигчдийн нэг Ольга Хохлова гэгч бүсгүй байсан бөгөөд Пауло хэмээх нэг хүүтэй байжээ. Пикассогийн ээлжит шинэ модель амраг гарч ирэхэд  Пикассо Мари - Терез Уолтер нарын харилцаа дууссан юм. Майяг найман настай байхад эцэг эх хоёр нь хоёр тийш болсон ч Пикассо охиндоо сайн аав хэвээр үлджээ. Өдгөө 80 настай Майя Видмайер Пикассо Парист хүүхдүүдийнхээ хамт амьдарч байна.

 

Бусад өв залгамжлагч нар нь зураачийн модель, бас амраг байсан Франсуаза Жилогийн хүүхдүүд Клод, Палома Пикассо нар юм. Франсуаза Жило бол Пикассог хаясан цорын ганц эмэгтэй байжээ. Пикассогийн анхны эхнэр Ольга Хохловагийн хүү Пауло 1975 онд нас барахад түүний хүүхдүүд Марина, Бернард нар өв залгамжлагч нь болсон билээ.

 

Өнгөрсөн жил Пабло Пикассогийн “Алжир эмэгтэйчүүд” (Les Femmes d’Alger) уран зургийг нэгэн цуглуулагч 179.4 сая ам.доллараар худалдаж авсан нь дуудлага худалдаанд хамгийн өндөр үнэ хүрсэн бүтээл болж, дээд амжилт тогтоосон юм. Пикассогийн өв залгамжлагчдыг завгүй байлгадаг бас хамгийн дуртай ажил нь шүүхээр заргалдах ажил байдаг аж. Өнгөрсөн нэгдүгээр сард л гэхэд Майя Пикассогийн бас нэгэн үнэтэй бүтээлийн хууль ёсны эзэмшигчийг тогтоох шүүх хуралд дуудагдсан юм. Мари-Терез Уолтерт зориулан бүтээсэн  Пикассогийн 1931 оны эмэгтэй хүний цээж барималыг Майягийн төлөөлөгчид 2014 онд Катарын шейх Жассим бин Абдулазиз аль Танид 42 сая ам.доллараар худалдсанаас хойш хэдэн сарын дараа өөр нэгэн худалдан авагчид 105.8 сая ам.доллараар арилжсанаас дээрх маргаан дэгдсэн юм. Уг бүтээлийн хууль ёсны өмчлөгчийг тогтоох шүүх хурал одоо Нью Йорк, Швейцари, Францын шүүхэд үргэлжилж байна.

 

Пикассо гэр бүлийнхээ хамт, 1950-аад он

 

Пабло Пикассо 91 настайдаа нас барахдаа 45,000 гаруй бүтээл туурвисан байжээ. Тэдгээр бүтээлийг хадгалахад “the Empire State Building”-г бүхэлд нь түрээслэсэн ч болохоор байсан гэж Клод Пикассо хожим дурссан юм.

 

Пикассо 1,885 уран зураг, 1,228 баримал, 7,089 хар зураг, 30,000 хуулбар, 150 ноорог дэвтэр, 3,222  керамик бүтээсэн юм. Түүнийг нас барахад хоёр шилтгээн, гурван ордон үлдсэн билээ. Нэрт зураач амьдралынхаа турш 20 гаруй удаа нүүж суужээ. Пикассогийн өв хөрөнгийн хэмжээг 1980 онд 250 сая ам.доллар гэж тооцоолж байсан ч үл хөдлөх хөрөнгийн шинжээчид түүний хөрөнгийг саяар биш, тэрбумаар тоологдоно гэдэг. Хачирхалтай нь Пикассо ямар ч гэрээслэл бичээгүй билээ. Түүнийг нас барахад өв хөрөнгийг нь залгамжлах эрхийн төлөө хүүхдүүдийнх нь хооронд ширүүн тэмцэл өрнөж, хөрөнгийг хуваах ажил бүхэл бүтэн зургаан жил үргэлжилсэн юм. Нэрт зураачийн хөрөнгийг өв залгамжлагч нарт нь хуваах ажилд 30 сая ам.доллар зарцуулсан бөгөөд зураачийн кубизмийн үеийн бүтээлүүдийг нь санагдуулам тэр үеийг Бальзакийн туульстай зүйрлэж байв. Пабло Пикассогийн бүтээлүүд цаг хугацаа өнгөрөх тусам үнэ цэнэ нь өсч, дэлхийн өнцөг булан бүрт түүний бүтээлийг цуглуулагчид улам олон болж байна. Гэхдээ цуглуулагчдын дийлэнх нь Пикассогийн 1950-1960 оны хооронд туурвисан бүтээлүүдийг илүүд үздэг байна. Хэрэв Пабло Пикассо өдийг амьд сэрүүн байсан бол дэлхийн хамгийн баян хүний нэг байх байсан гэж Сотбигийн дуудлага худалдааны эзэн асан, урлагийн бүтээлийн худалдаачин Марк Блондо ярьсан юм.

 

1996 онд Клод Пикассо Пикассогийн бүтээлийн зохиогчийн эрхийн газрыг байгуулсан бөгөөд Францын шүүх түүнийг хуулийн төлөөлөгчөөр нэрлэсэн юм. Парист төвтэй энэ байгууллага одоо өв залгамжлагчдын эрх ашгийг хамгаалж, бүтээлүүдийн зохиогчийн эрхийг хангахаас гадна үзэсгэлэн зохион байгуулж, түүний бүтээлийг зар сурталчилгаанд ашиглах зөвшөөрөл олгож, хуурамчаар дуурайлган хийсэн тохиолдолд шүүхээр зарга үүсгэдэг.

 

Пабло Пикассо амьд сэрүүн ахуйдаа ч хамгийн баян, дээр нь хамгийн алдартай зураач гэгдэж байв. 2016 онд Пикассо бүтээл нь хамгийн олон удаа хуулбарлагдсан, үзэсгэлэн нь тоймгүй олон удаа гарсан, мэдээж бүтээл нь хамгийн их хулгайлагддаг, бас зургийг нь хамгийн их дуурайлгадаг уран бүтээлч гэж нэрлэсэн билээ.  Дэлхийн хамгийн үнэ цэнэтэй урлагийн бүтээлүүд дунд Пикассогийн бүтээл үргэлж багтдаг.

 

 

Өнгөрсөн онд л гэхэд Болгар, Франц, Герман, Япон, Испани, АНУ-д Пабло Пикассогийн уран бүтээлийн 34 үзэсгэлэн гарсан юм. Түүнээс гадна Парис, Барселон, Антиб, Малагад Пикассогийн музей байдаг. Парис, Леон хот дах Пикассогийн компаниуд болон бусад орны салбарууд нь түүний бүтээлийг хивс, тавагнаас авахуулаад цүнх, дэр зэрэг янз бүрийн бүтээгдэхүүн, сурталчилгаанд ашиглах эрх олгодог. Францын автомашин үйлдвэрлэгч Citroën л гэхэд Пикассогийн нэр болон гарын үсгийг сурталчилгаанд ашиглахын тулд 20 сая ам.доллар төлсөн гэдэг. Үүний ачаар тус компани 1999 оноос хойш дэлхийн 30 гаруй оронд 3.5 сая машин зарсан билээ. Пикассогийн өв залгамжлагчид бүтээлийнх нь зохиогчийн эрхийг эзэмшиж, сая саяыг олж байх зуур Пикассогийн уран бүтээлийг хуулбар, дуураймлын хар зах маш идэвхтэй хууль бус ажиллагаа явуулдаг. Пикассогийн зохиогчийн эрхийн газар дуураймал, хуурамч зургийн наймааг зогсоохоор тэмцэж байгаа хэдий ч дорвитой амжилт олоогүй юм. Кофены аяганаас авахуулаад гутал, загасны дэгээ, хүүхэлдэй, футболк, пиццаны хайрцган дээр хүртэл байдаг Пикассогийн хуурамч брэнд дэлхий даяар тархсан.

 

Пауло, Клод, Франсуаза Жило, Палома, Пабло, Май, 1954

 

Пабло Пикассо хүүхдүүдийн хамт,  1953.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна