Алтайчууд шүүхийн шинэтгэлд ам сайтай байна

2016 оны 3 сарын 18

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржийн Говь-Алтай, Завхан, Ховд, Увс, Баян-Өлгий аймаг дахь шүүхүүдэд ажиллаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан эхлүүлсэн шүүхийн шинэтгэлийн талаар орон нутгийн иргэдтэй уулзалт хийх албан томилолт Говь-Алтай аймгийн Алтай хотод үргэлжилж байна. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө Баянхонгор, Өвөрхангай, Архангай аймаг дахь шүүхүүдийн үйл ажиллагаатай танилцаж, шүүгч ажилтнуудад Шүүхийн ерөнхий зөвлөлийн 3 жилийн ажлын тайлан, энэ хугацаанд Монголын шүүх эрх мэдлийн засаглалын түүхэнд гарсан шинэтгэлийн 10 үр дүнгийн талаар илтгэж, 2000 гаруй иргэдтэй уулзсан юм.

2016 оны 3-р сарын 17-ны өдөр доктор, профессор Н.Лүндэндорж Говь-алтай аймгийн шүүхэд ажиллаж, шүүгчид болон хуулийн байгууллагын төлөөлөлд "Хууль тайлбарлах онол, арга зүй” лекцээ уншсаны дараа Алтай чуулгад иргэдтэй уулзалт хийлээ. 600 хүний суудалтай тус чуулгын танхимд цугласан иргэдтэй Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж "Миний бие Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын албаа авснаас хойш Хан Хэнтий нутгаас эхлэн эх орноо нар зөв тойрон Монгол улсын бүх шүүхэд албан томилолтоор ажиллаж, шүүгч ажилтнуудын санаа бодлыг сонсохын зэрэгцээ Төрийн тэргүүний санаачлан эхлүүлсэн шүүхийн шинэтгэлийн үйлсийн талаар иргэдтэй уулзалт хийх, тэдний шүүхэд итгэх итгэлийг тандах том зорилгоо хэрэгжүүлж явсаар Алтай сайхан нутагт анх удаа айлчлан ирж та бүхэнтэй уулзаж байгаадаа баяртай байна. Би бол улс төрч биш. Их сургуулийн профессор хүн. Олон жилийн өмнө хувь заяаны оноолтоор шүүх эрх мэдлийг судалж, түүнд нүүрлээд байсан иргэдийн итгэлийг алдагдуулсан алдаа эндэгдлийг анх хөндөж, шүүх эрх мэдэл хямарлаа хэмээн дохио сануулга өгч, шүүхийг шинэтгэх үйлсэд өнөө ч зүтгэж яваа миний уулзалтад өргөнөөр хүрэлцэн ирсэн та бүхэнд талархлаа илэрхийлье” хэмээн мэндчилэв.

"УИХ-ын гишүүд хөдөө орон нутагт ажиллахдаа тойрогтоо хийсэн ажлаа ярьдаг бол Засгийн газрын гишүүд зөвхөн салбарын асуудлаа хөндөж ярих нь түгээмэл. Харин шүүхийн шинэтгэлийг ярих, иргэдийн санал сэтгэгдлийг сонсох, тэдэнд энэ талаарх бодит мэдээллийг өгөх ажил бол Шүүхийн ерөнхий зөвлөлд оногддог” гэсэн Н.Лүндэндорж профессор шүүхийн шинэтгэл зөвхөн шүүхээр эргэлддэг, хэрэг маргаанаа шийдүүлэх гэсэн хэдхэн хүний асуудал биш гэдгийг дэлгэрэнгүй ярилаа. Тэрбээр "Хараат бус шүүх бол хүн төрөлхтний асуудал.Та бүгдийн уух ус, идэх талх, амь нас, оюун санааны эрх чөлөөтэй салшгүй холбоотой шударга шүүхийг цогцлоохын төлөөх үйлсэд та бүхний хурц хараа хяналт, итгэх итгэл асар их ач холбогдолтой” гээд шүүхийн бие даасан байдал гэх ойлголтыг "судас шөрмөсөөр” нь ялгаж, салгаж иргэдэд тайлбарлав.

Монгол Улсад 2013 оны 4 дүгээр сарын 15-наас Шүүхийн тухай багц хуулийн хэрэгжилтийн хүрээнд шүүхийн шинэтгэлийг эхлүүлснээс хойш тун удахгүй 3 жилийн ойндоо хүрэх гэж байна. Энэхүү богино хугацаанд Монголын шүүхэд урьд өмнө байгаагүй цоо шинэ олон эргэлтүүд гарсныг шүүх эрх зүйн хомсдлоос гарсан, шүүгчийн хараат бус байдал, эдийн засгийн баталгаа, цалин хангамж хэрхэн хангагдсан, түүнд хүрэхийн тулд Шүүхийн ерөнхий зөвлөл ямар "зам” туулсан, шүүхэд хүний нөөцийн эргэлт хийгдэж, цус ойртсон гэгдэх ужиг шүүмжлэлээс хэрхэн ангижирсан, шүүх хаалга цонхоо нээж иргэдэд ямар түвшинд ойртож цаг мөнгийг нь хэмнэх болсон, шүүгч ажилтнуудын харилцаа хандлагын түвшинд ямар ахиц өөрчлөлт гарсан зэргийг Алтайчууд энэ удаагийн уулзалтаар илүү мэдэж авлаа.

Гэвч шүүхийн шинэтгэлийн ололт амжилт дардан замаар ирээгүй, түүнийг эсэргүүцэх хангалттай гадаад, дотоод хүчин зүйлс байсан, байгаа, байсаар ч байх болно гэдгийг ч Н.Лүндэндорж профессор нуусангүй. "Шүүмжлэл үгүй бол шинэтгэл биш” гэж нэгэнтээ хэлсэн нь ч бий. Түүний хэлснээр Монголын шүүхэд бий болоод байгаа шинэ соргог бүхэн, ололт үр дүн бүрийг хамгаалж, бэхжүүлж, дархалж авах өмнөхөөс ч амаргүй даваа шинэтгэлийг хүлээж байгааг энд дурьдахгүй өнгөрч болохгүй. Ярианыхаа төгсгөлд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга " Шүүхэд итгэх иргэдийн итгэл дээшилж эхэллээ. Үүнийг би тархи угаалт маягаар, хийсэн ажилдаа алга ташуулах гэж хэлж байгаа юм биш. Шүүхэд хандсан 10 иргэний 8 нь, шүүхийг сурагаар мэддэг 10 хүний 6 нь шүүхэд итгэж байна гэж судалгаагаар гарсан дүнг би энд ишлэж байна” гээд иргэдийн сонирхсон асуултад хариулсан юм. Алтай хотын иргэд аймгийнхаа шүүхийг прокурорын байгууллагатай нэг байранд байрлах нь зөв үү, дэлхийд шүүгчийн хөдөлмөрийг хэрхэн үнэлдэг, шүүх хуралдаанд шинжээчийг сэжигтэнтэй адил байцаадаг тухайд ямар эрх зүйн өөрчлөлт орох, шүүхийн шийдвэрийн хэрэгжилт хангалтгүй байгаа, намын харьяаллаар ажлаас халах асуудал гаарч буй, шүүгч шүүгчдээ нөлөөлөх асуудал гардаг эсэх зэрэг асуудлуудыг хөндөн асуухын зэрэгцээ шүүхийн шинэтгэлийн гарт баригдаж, нүдэнд харагдаж, амьдралд биелэлээ олж байгаа олон өөрчлөлтүүдэд талархал илэрхийлж байлаа.

"Шүүхийн шинэтгэлийг 3 байтугай 30 жил хийхэд ч дуусахгүй ажил их бий. Энэ танхимд хүрэлцэн ирсэн та бүхний шүүхийн шударга шийдвэр биелэгдэхгүй байна гэж дахин дахин хэлж байгаад би туйлын баяртай байна. Шүүгч буруу шийдвэр гаргалаа гэж гомдол, шүүмж хэлэхвий гэж миний яс үс хавталзаж суулаа. Энэ бол шүүгчийн хариуцлага, ёс зүй, мэргэшсэн ур чадвар гээд шүүхийн шинэтгэлийн бас нэг үр дүн мөн” хэмээн уулзалтаа өндөрлөсөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржийг Алтайчууд алга ташилтаараа амжилт ерөөн үдлээ.

Ардчилсан нийгэмд олон жил "хаягдаж” ирсэн шүүхийг Монгол Улсын Ерөнхийлөгч зовлон үзсэн настантай зүйрлэж, өөд дээш нь татах шинэтгэлийн үйлсийг эргэлт буцалтгүй эхлүүлж, "жолоо цулбуурыг” нь эрдэмтэн профессор хүнд атгуулж яваа нь ийнхүү иргэдээс үнэлгээгээ сонсч явна. Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн 5 гишүүн ажлын тайлангаа тавьж, хөдөө орон нутгийн шүүхүүдэд ажиллаж буйн нэгээхэн хэсэг Алтай нутагт ийнхүү өрнөлөө. Томилолтын ажлын хэсэг Завхан, Ховд, Увс, Баян-Өлгий аймагт үргэлжлүүлэн ажиллана.

Ш.ОТГОНЦЭЦЭГ

 

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна