Үерээс ч айдаггүй үхэр монголчууд

2016 оны 3 сарын 18

Зөвхөн Улаанбаатар хотод л гэхэд 2507 айл үер усны аюултай бүсэд аж төрж байна гэсэн тоо гарчээ. Тэдний ихэнх нь буюу 80 хувь нь зөвшөөрөлгүйгээр суурьшлын бус газарт дураараа буусан  гэнэ. Дээрх айлууд дунджаар дөрвөн ам бүлтэй гэж тооцвол нийслэлийн 10 мянган иргэн аюулын ам тосон аж төрж байна.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Сэлбийн голын зүүн эрэгт өвөлжиж буй айл өрхүүд голын халианд автаж, гэр нь тэр чигтээ мөстэй барьцалдан өвөлжсөн тухай бид өмнө нь мэдээлж байсан. “Анх уг газрыг цэвдэгтэй гэдгийг мэдэлгүй олон сая төгрөгөөр худалдан авсан, одоо заръя гэх нь ээ, газрын бичиг нь хуучин эзний нэр дээр байдаг” гэхчлэн зовлон тоочиж байгаа айл өрхийн тоо 19 болжээ. Гэртээ бүл муутайгаас зурагт хөргөгчөө ч авч амжилгүй таг хөлдөөсөн гэх мэт хорвоогийн хамаг зовлонг нэгэн биедээ хураан ярих гэрийн эзнийг хөөрхийлөх хүмүүс цөөнгүй. Гэвч хүн амьдрах орчин, газраа өөрөө л сонгодог. Хэн нэгэн зальтанд сая сая төгрөг гардуулахаасаа өмнө сайтар нягтлах үүрэг нь тухайн иргэнийх. Энэ мэт түмэн зовлон, буман бэрхшээл тоочлоо ч  үерийн аюултай бүсэд суурьшсан айлуудыг албадан нүүлгэхээс аргагүйд хүрснийг ОБЕГ-аас мэдээлж байна.

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны Сэлбэ голын эрэг цагтаа мод үржүүлгийн газар байсныг мэдэх хүн олон бий. Хашаан дотор тарьж суулгасан зулзаган моднуудыг нэг л өдөр хуу татан газар олгож, иргэд ч шөнөжин банз дүнз зөөн хашаа хатгаж орхисон харамсалтай түүхийн үр дүн өдгөө энэ. Тэр үед газрын зөвшөөрлийг УИХ-ын гишүүн асан Т.Ганди, дүүргийн засаг дарга /өдгөө НИТХ-ын төлөөлөгч/ Т.Гантөмөр нар олгож байсан юм. Мөнхийн цэвдэгтэй, голын эрэг дагуух газарт суурьшиж болохгүйг улстөрчид мэддэг ч сонгуульд санал авахын тулд ирээдүйн эрсдэлийг тооцдоггүйн хамгийн том жишээг дээр дурдлаа.

Үерийн аюул нийслэлд өнөөдөр үүссэн хүндрэл биш. Жил жилийн хавар, зунд шар усны болоод их хэмжээний аадрын улмаас олон арван айл үерт автаж, эрдэнэт хүмүн эрсдсэн тохиолдол ч цөөнгүй. Гэтэл хийсч бус хэлж дохиолсоор ирдэг үерийн аманд аз сорин амьдарсаар байгаа хэнэггүй монгол занг яалтай. Хэдий хол боловч айх аюулгүй орчинг нийслэлээс бүрдүүлж өгсөн.  Сэлбийн эрэг дэх айлуудыг гачууртын Шар хоолой хэмээх газар руу нүүлгэн шилжүүлье гэхээр “Хүүхдүүдийн сургууль, цэцэрлэг, өөрсдийн ажил албанаас хол аж төрж чадахгүй. Ямар аюул тохиолдсон бид гомдолгүй” гэсэн хариу хэлдэг гэнэ. Үнэхээр ч өнөөдөр тэд нүүсэн ч маргааш дахиад нөгөө нь очоод буучихна шүү дээ.

Одоогийн байдлаар Чингэлтэй дүүргийн 10,11 дүгээр хороонд орших 1,3 дугаар суваг, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Толгойтын үерийн далан суваг  дүүрч хальснаас аюултай нөхцөл байдал үүсээд байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Үерийн далан суваг цэвэрлэх, хамгаалалт хийх ажлыг Улаанбаатар нэгтгэл хариуцан ажилладаг бөгөөд өвөл нь халиагаар, зун нь хогоор дүүрдэг суваг шуудуу айл өрх, иргэдийг үерээс хамгаална гэдэгт итгэх аргагүй. Тиймээс ч нийслэлийн Онцгой байдлын  “Цаг агаар дулаарч гол, мөрний мөс, уулын цас хайлж байгаатай холбогдуулан уулын жалга, суваг,  шуудуу, голын сав газар буусан айл өрх, усанд ойр нутаглаж буй  малчид, ард иргэдийг хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэх, анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна” гэсэн сэрэмжлүүлгийг ард иргэдэд хаяглан гаргажээ.

Гал усны гашуун зовлонг заавал биеэр туулж байж хашрах нь илүүц билээ. Урьд нь  үер бууж байсан газарт энэ жил буухгүй гэх баталгаагүй, шар усны халиа, мөнхийн цэвдэгтэй газар гэнэтхэн эрүүлжих нь үгүйгээс хойш амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө гарздан байж, түгшүүр дунд аж төрдөг хэнэггүй монгол занг хэзээ гээх вэ.

Д.ЦЭЭПИЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна