Машины захуудыг ирэх сард нүүлгэнэ

2016 оны 3 сарын 18

Авто худалдааны цогцолборт машины бүх төрлийн худалдаа, үйлчилгээг нэгтгэх үйл явц өрнөж байгаа билээ. Энэ хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй авто машины захуудыг ирэх сар гэхэд нүүлгэх талаар албаныхан мэдээллээ. Гэвч авто машины захын худалдаа эрхчлэгчид үүнд эсрэг байр суурьтай хэвээр л байна. Да хүрээ захын худалдаа эрхлэгчдийн хувьд л гэхэд  “Эрх баригчид бизнесийнх нь үйл ажиллагаанд шударга бусаар нөлөөлж байна. Гэсэн ч бид нүүхгүй” гэдгээ илэрхийллээ.

Тэгвэл Авто худалдааны цогцолборын дарга Д.Байдрагийн зүгээс ирэх сараас өмнө авто машины захуудад холбогдох шаардлага, захирамжаа танилцуулж дуусна. Улмаар дөрөвдүгээр сарын 1 гэхэд нүүлгэнэ. Хэрвээ нүүхгүй хэмээн эсэргүүцэл үзүүлбэл газар эзэмших эрхийнх нь хүрээнд асуудлыг шийдвэрлэхээр хэлэлцэж байна гэх мэдээллийг өглөө. Машины худалдаа эрхлэгчид, нийслэлийн удирдлага хооронд ийнхүү маргаан үүсэж байх хооронд Авто худалдааны цогцолборын үйл ажиллагаа нам гүмхэн үргэлжилж байна. Авто худалдааны цогцолборын эхний ээлж өнгөрөгч аравдугаар сард ашиглалтад орсон. Эхний ээлжид 30 га талбайд 6375 машин худалдах талбайг барьсан. Гэхдээ одоогоор цогцолборт машины худалдаачид олноор ирж төвлөрч амжаагүй байна. Биднийг очиход нэг эгнээ гучхан машиныг эс тооцвол талбай хоосон байв. Хэдийгээр машины худалдаа бага байгаа хэдий ч 300 иргэн 1000 гаруй зогсоол худалдаж авчхаад байгаа аж. Зарим нь хараахан ирээгүй байгаа гэлээ. Харин өдөртөө автомашины бүртгэл, дугаар олголт, оношилгоо хийлгэх иргэдийн цуваа тасардаггүй гэж байна.

Ямартай ч ирэх сараас нийслэл дэх машины захуудыг хаасан тохиолдолд цогцолборт машины худалдаачид төвлөрөхөөс аргагүй хэмээн тайлбарлаж байна.

Одоогоор Авто худалдааны цогцолборын хоёрдугаар ээлжийн бүтээн байгуулалтын ажлыг хийхээр бэлтгэж байгаа юм байна. Хоёрдугаар ээлжийн ажлыг энэ хавар эхлэхээр төлөвлөжээ. Дөрвөн талбайд барих барилгын гүйцэтгэгч компани шалгарч, зураг төслийн ажилдаа орсон байна. Үүнээс гадна хоёрдугаар ээлжийн бүтээн байгуулалтад Унгар улсаас 70 сая ам.долларын санхүүжилт авахаар болжээ. Үүний эхлэл  болгож ирэх долоо хоногт Унгар улсаас төлөөлөгчид Монголд ирж эхний ээлжийн 20-30 сая ам.долларын гэрээ байгуулахаар болсон байна.

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна