Арабын Нэгдсэн Эмират Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

2016 оны 3 сарын 18

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Арабын Нэгдсэн Эмират Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Абдулла Абдулрахман Абдуллабин Рабияа Аль-Тинижийг хүлээн авч уулзлаа.

Ерөнхий сайд ноён Абдуллад Арабын Нэгдсэн Эмират Улсаас Монгол Улсад суух анхны Элчин сайдаар томилогдсонд нь баяр хүргээд, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Өнгөрсөн оны 5 дугаар сард Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тус улсад айлчилсан бөгөөд тэр үеэр хөндөгдсөн хоёр улсын хооронд агаарын шууд нислэгтэй болох, халал мах экспортлох зэрэг асуудлыг ажил хэрэг болгоход анхаарч, дэмжиж ажиллахыг Элчин сайдаас хүслээ.

Элчин сайд Абдулла Монгол Улсад суух анхны Элчин сайдаар томилогдсон минь нэр төрийн хэрэг хэмээгээд Монгол Улсын Ерөнхий сайдыг албан ёсоор хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлье гэсэн юм. Тэрээр Монгол-Эмиратын харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахад хүчин чармайлт гарган ажиллах болно гэдгээ онцлоод хоёр талын бүх түвшний харилцан айлчлалыг зохион байгуулах, Засгийн газар хоорондын комиссын үйл ажиллагааг идэвхжүүлэхэд чухал ач холбогдол өгөхөө тэмдэглэлээ.

Уулзалтын үеэр Эмират улстай хөрөнгө оруулалтын сангийн чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа Ерөнхий сайд илэрхийлээд тус улсын Ерөнхий сайд Шейх Мохамад бин Рашид Аль-Мактумд өөрийн мэндчилгээ, Монгол Улсад тохиромжтой үедээ айлчлахыг урьсан урилгыг уламжлахыг хүслээ.

ЭХ СУРВАЛЖ: ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна