Төмөр зам, Сайншандын төслүүдэд эрүү үүсгэжээ

Хуучирсан мэдээ: 2016.03.18-нд нийтлэгдсэн

Төмөр зам, Сайншандын төслүүдэд эрүү үүсгэжээ

УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан Г.Түвшинжаргал болон “Натур фрэйндли” компанийн удирдлагыг хоёр эмэгтэй ажилтны хамтаар энэ сарын 16-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн ажилчид баривчилж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан билээ. Тэгвэл өнөөдөр 11.58 цагт Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүх саатуулагдсан дөрвөн эмэгтэй үргэлжлүүлэн хорих эсэхийг шалгаад Г.Түвшинжаргалыг саатуулах хугацааг 14 хоногоор сунгах захирамжийг гаргалаа. Хуулиараа ирэх мягмар, лхагва гаригуудад Г.Түвшинжаргалд эргэлт  оруулах боломжтой аж. Г.Түвшинжаргал нь УИХ-ын гишүүн Х.Баттулгыг Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байх үед Хүнд үйлдвэрийн газрын мэргэжилтнээр ажиллаж байжээ. Тухайн үед үйлдвэр хөдөө аж ахуйн яамны Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга ажлаасаа гарсан тул Г.Түвшинжаргалыг Үйлдвэр хөдөө аж ахуйн Төрийн нарийн бичгийн дарга асан Х.Золжаргалын тушаалаар тус яамны Үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар томилсон байна. Үнэлгээний хороо нь Сайншанд орчимд байгаль орчны үнэлгээ хийхтэй холбоотой тендерийн ажлыг хариуцаж байсан байна. Харин Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасаг тус компанийг дээрх газруудад үнэлгээ хийгээгүй, зөвхөн нэг талбайд буюу 3000 га газарт үнэлгээ хийж, улсаас таван тэрбум төгрөг шамшигдуулсан гэж үзэн дээрх дөрвөн эмэгтэйг баривчилжээ. Тэднийг Эрүүгийн хуулийн 148 буюу Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийг 148.4-т зааснаар “…зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан” гэдгээр буруутгаж байна. Мөн Эрүүгийн хуулийн 166.1 дүгээр зүйлд зааснаар залилан мэхэлж олсон мөнгөө угаасан гэж үзэж байгаа юм.

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн байранд УИХ-ын гишүүн Х.Баттулга 10.30 цагт очиж, 11.58 цагт эхэлсэн Г.Түвшинжаргал нарыг саатуулах хугацааг сунгах эсэх шүүх хурлыг хүлээлгийн танхимаас шүүх хурлын үйл явцыг ажигласан. Тэрбээр шүүхийн хүлээлгийн танхимд орохоосоо өмнө сэтгүүлчдэд “Эрх мэдэлгүй, туслах, нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүнээс юу гарах юм бэ? Ингэж сэтгэл санаа руу нь дайрч байна. Хамгийн гол зүйлийг нь та нар мэднэ. Таван толгойн ордыг 60, цаашлаад 100 жилээр нэг компанид өгөх гэсэн оролдлогыг илчилсний төлөө ийм эрүү шүүлтэд орж байна. Би энэ талаар удаа дараа хэлсэн” гэж мэдээлсэн юм. Мөн тэрбээр өөрийг нь тойрсон баривчилгааны талаар “Нүүрстэй нам гэж би байнга хэлдэг. Тэд намууд руу шургалчихсан. Цаашид би илүү ихийг илчилнэ. Шүүх хурал хэрхэн өндөрлөхийг харж л байя. Монгол цагдаа нар хөхүүл эмэгтэйчүүдэд хэрхэн хүчээ гаргадгийг гамин цэргийг ялсан өдөр харъя” гэж мэдэгдсэн юм.  

Г.Түвшинжаргалын гэрт өнгөрсөн Лхагва гаригт өдрийн 12.00 цагийн үед прокурорын бичиг үзүүлсэн гурван цагдаагийн албан хаагч нэвтэрч хоёр цаг хэртэй нэгжлэг хийжээ. Улмаар Г.Түвшинжаргалыг ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газар байцаалт өгөхийг үүрэгдсэн байна. Байцаалт өгөхөөр гарсан эхнэр нь 19.00 цагийн үед саатуулагдахаар болсноо нөхөр Н.Мөнхбаатар руугаа утсаар холбогдож хэлжээ. Цагдаагийнхан Н.Мөнхбаатарын гэрт нэгжлэг хийхдээ хөндлөнгийн гэрч байлгаагүй. Мөн хоёр ”ipad”-ыг баримт болгон хураан авч байгаа мэдэгджээ. Н.Мөнхбаатар “Бичиг цаасны ажил хийдэг байсан эхнэрийгээ яав ч мөнгө угаах хэрэгт холбогдох үндэсгүй” гэж ярилаа. Г.Түвшинжаргал нь жирэмсний амралтаа аваад ой таван сартай хүүхдээ хардаг байжээ.

“Шинэ төмөр зам”-ын төслийг хэрэгжүүлэх замаар 55 тэрбум төгрөгийг Х.Баттулга болоод түүний доор ажилладаг байсан албан тушаалтнууд угаасан гэж Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар үзэж хэргийг шалгах хамтарсан ажлын хэсэг гаргажээ. Улмаар тус хэрэгт ЗТЯ-ны төрийн нарийн бичгийн дарга байсан Г.Батзаяа болон ажил гүйцэтгэгчээр шалгарсан компаниудын удирдлагуудыг цагдан хорьж, дөрвөн эрэгтэйг интерполоор эрэн сурвалжилж байна. Г.Түвшинжаргал нарыг “Сайн шанд аж үйлдвэрийн парк”-ийн төсөл дээр ажиллаж байхдаа улсын мөнгө хувьдаа завшсан гэх хэрэгт сэжиглэж ийнхүү саатуулан байцаах болжээ. Харин өнөөдөр үүрээр 04.00 цагт гэрээс нь баривчилсан “Түмэн хишигтэн” төслийн захирал Ш.Эрдэнэтуяаг яг ямар зүйл ангид буруутган саатуулсан нь одоогоор тодорхойгүй байна.

Харин энэ талаар ЦЕГ-аас ингэж мэдээлж байсан юм.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ


12.52

М.Энхсайханыг шалгуулах хүсэлт гаргажээ

“Жудагт Монгол” холбооноос Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ. Тус хэвлэлийн хурал дээр “Жудагт Монгол” холбооны дээд зөвлөлийн гишүүн Б.Чулуунбат хэлэхдээ “Тавантолгой төсөл зогссон нь Монгол Улсын сайд М.Энхсайхантай холбоотой. Энэ асуудлыг бид эдийн засагчидтай хамтраад судалсны үндсэн дээр маш ноцтой баримт материалуудыг олсон. Тиймээс судалгаагаа багцалсан 90 хуудас материалыг Монгол Улсын сайд М.Энхсайханыг шалгуулах хүсэлтийн дагуу Тагнуулын ерөнхий газарт өгч байгаагаа мэдэгдэж байна. ТЕГ бидний хүсэлтэд хариу өгнө гэж найдаж байна” хэмээсэн юм.

Г.Түвшинжаргалыг шүүхээс үргэлжлүүлэн 14 хоног баривчлах шийдвэр гаргасан бөгөөд “Натур фрэйндли” компанийн гурван эмэгтэйг үргэлжлүүлэн баривчлах эсэхийг яг одоо хэлэлцэж байна. Эдгээр эмэгтэйчүүдийн хоёр нь тус компанийн мэргэжилтэн бол нэг нь удирдах албан тушаалан юм байна.


12.41

Х.Баттулга: Эрх мэдэлгүй хүмүүс рүү дайрч байна

УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан Г.Түвшинжаргал болон “Натур фрэйндли” компанийн гурван эмэгтэй ажилтныг энэ сарын 16-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн ажилчид баривчилж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна.Тэднийг үргэлжлүүлэх хорих эсэх талаар шүүгч захирамж гаргахаар хэлэлцэж байна. Шүүхийн байранд УИХ-ын гишүүн Х.Баттулга очсон бөгөөд “Эрх мэдэлгүй, туслах, нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүнээс юу гарах юм бэ? Ингэж сэтгэл санаа руу нь дайрч байна. Хамгийн гол зүйлийг нь та нар мэднэ. Тавантолгойн ордыг 60, цаашлаад 100 жилээр нэг компанид өгөх гэсэн оролдлогыг илчилсний төлөө ийм эрүү шүүлтэд орж байна. Би энэ талаар удаа дараа хэлсэн” гэдгийг хэлээд  “Нүүрстэй нам гэж би байнга хэлдэг. Тэд намууд руу шургалчихсан. Цаашид би илүү ихийг илчилнэ. Шүүх хурал хэрхэн өндөрлөхийг харж л байя. Монгол цагдаа нар хөхүүл эмэгтэйчүүдэд хэрхэн хүчээ гаргадгийг гамин цэргийг ялсан өдөр харъя” гэлээ.  


12.18

Г.Түвшинжаргал нарыг хэлэлцэж байна

УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан Г.Түвшинжаргал болон “Натур фрэйндли” компанийн гурван эмэгтэй ажилтныг үргэлжлүүлэн цагдан хорих захирамж гаргах эсэхийг хэлэлцэж байна. Харин “Түмэн хишигтэн”-гийн захирал Ш.Эрдэнэтуяаг түр саатуулсан бөгөөд энэ талаар шүүх хурал хэлэлцээгүй юм.

Г.Түшинжаргалын ар гэрийнхэн энэ үйл ажиллагааг хууль бус гэж үзэж байна. Шүүхийн хуралдаан 11.58 минутад эхэлсэн бөгөөд үргэлжилж байна.


11.30

Шүүх хуралдааны танхимд УИХ-ын гишүүн Х.Баттулга орлоо. Гэсэн ч шүүх хурал эхлээгүй байна.


11.05

Шүүх хуралдаанд Г.Түвшинжаргал хорих ангиас онлайнаар холбогдох бөгөөд техникийн саатал гарсан учраас шүүх хуралдаан эхлээгүй байна. Х.Баттулга гишүүн "Үндэсний мэдээлэл" төвд 12:00 цагт мэдээлэл хийхээр болжээ.


10.39

“Түмэн хишигтэн”-гийн захирлыг баривчилжээ

УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан Г.Түвшинжаргал болон “Натур фрэйндли” компанийн гурван эмэгтэй ажилтныг энэ сарын 16-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн ажилчид баривчилж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр Түмэн хишигтэн-гийн захирал Ш.Эрдэнэтуяаг 04.00 цагийн орчимд гэрээс нь баривчилсан байна. Тэднийг улсаас их хэмжээний мөнгө шамшигдуулсан, мөнгө угаасан хэргээр зүйлчилжээ.

Энэ хэрэгтэй холбогдуулан тэднийг хорих эсэхийг шийдэх шүүх хурал яг одоо Баянзүрх дүүргийн шүүхт болох гэж байна. Таван минутын өмнө УИХ-ын гишүүн Х.Баттулга шүүх хуралдаанд оролцохоор ирээд байна.

Г.Түвшинжаргалын нөхөр Н.Мөнхбаатар шүүх хуралдаанд оролцохоор ирэх үед нь уулзаж лавлахад "Энэ сарын 16-ны өдрийн 12:00 цагт цагдаагийнхан ирж 2 цаг хэртэй нэгжлэг хийсэн. Манайхаас хоёр ipad хурааж авсан. Прокурорын нэгжлэг хийх зөвшөөрөл үзүүлсэн ч гэрчгүйгээр нэгжсэн" гэж мэдэгдлээ.

Г.Түвшинжаргал шүүх хуралдаанд онлайнаар оролцох бөгөөд шүүгч хуралдаанд орж ирээгүй байна. УИХ-ын гишүүн Х.Баттулга Монгол эр цэргийн баярын өдөр эрчүүдэд нь халдаж чадаагүй байж эмэгтэйчүүдийг нь дээрэлхлээ гэсэн утгатай үг хэллээ.


10.01

Х.Баттулга гишүүний туслахыг шүүнэ

УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан Г.Түвшинжаргал болон “Натур фрэйндли” компанийн гурван эмэгтэй ажилтанг энэ сарын 16-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн ажилчид баривчилж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна. Тэднийг улсаас таван тэрбум төгрөг шамшигдуулсан, мөнгө угаасан хэргээр зүйлчилжээ.

Энэ хэрэгтэй холбогдуулан тэднийг хорих эсэхийг шийдэх шүүх хурал яг одоо Баянзүрх дүүргийн шүүхт болох гэж байна. УИХ-ын гишүүн Х.Баттулга энэ шүүх хуралдаанд оролцоно гэсэн мэдээлэл байна. Гэхдээ шүүх хурал 10.00 цагаас эхэлнэ гэсэн ч хараахан эхлээгүй байна.

Энэ хэргийг мөрдөхөөр ЦЕГ болон АТГ-аас хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллаж буй бөгөөд УИХ-ын гишүүн Х.Баттулга, УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа нарыг сэжигтнээр татаад байгаа юм.

Д.УЛАМ, Т.НОМИН

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж