Хөрөнгийн зах зээл хөгжих тулгуур тавигдсан

Хуучирсан мэдээ: 2016.03.18-нд нийтлэгдсэн

Хөрөнгийн зах зээл хөгжих тулгуур тавигдсан

Монголд томоохон аж ахуйн нэгжүүд эрсдэлд орохоос эмээж, хувьцаагаа борлуулахаас цааргалдаг нь хөрөнгийн зах зээлийн хөгжил удаашрах нөхцөлийг бүрдүүлдэг. Тиймээс энэ зах зээлийг хөгжүүлэхэд аж ахуйн нэгж, томоохон компаниудад итгэлцэл бий болгох нь чухал гэдгийг өнөөдөр болсон “Хөрөнгийн зах зээлийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хэлэлцүүлгийн үеэр салбарынхан онцолж байлаа. Аж ахуйн нэгжүүд хувьцаагаа борлуулахаас цааргалдаг гол хүчин зүйл нь ханшийн зөрүүний татвар юм байна. Тиймээс мэргэжлийн байгууллагынхан хөрөнгийн зах зээл дэх татварыг чөлөөлүүлэх саналыг УИХ-д хүргүүлжээ. Одоогоор эцсийн хариу нь гараагүй юм байна. Гэхдээ нааштай шийдвэрлэж өгнө гэдэгт найдаж байгаагаа салбарынхан дурдаж байлаа.

Үүнээс гадна хөрөнгийн зах зээлийн хөгжлийг хангахын тулд Монгол Улс, Жайка олон улсын байгууллагатай хамтран “Хөрөнгийн зах зээлийн чадавхыг бэхжүүлэх нь” нэртэй гурван жилийн төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Энэ төслийг хэрэгжүүлснээр нэн тэргүүнд дотооддоо хувьцаа гаргасан компаниуд гадны зах зээлд давхар гаргах боломж бүрдэх юм байна.

Өнөөдрийн байдлаар дотооддоо хувьцаа гаргасан 230 компани бий. Гэхдээ идэвхтэй ажилладаг нь цөөн байдаг аж. Төслийн үр дүнд хувьцааг давхар гадны зах зээлд гаргах боломж бүрдэнэ. Үүнийг дагаад хөрөнгийн зах зээлд оролцох аж ахуйн нэгжийн тоо нэмэгдэнэ хэмээн тооцоолжээ. Дараагийн эерэг үр дүн нь хувьцааг хөрвөх чадвартай болгож чанаржуулахад чиглэж байгаа юм.  Мөн төслийн хүрээнд олон нийтийн хөрөнгийн зах зээлийн мэдлэгийг сайжруулна. Мөн үнэт цаасны арилжаа эрхлэгч компаниудын үйл ажиллагааг бэхжүүлэхэд чиглэж байгаа юм.

Хэдийгээр Монгол Улсад хөрөнгийн зах зээлийн хөгжил удаашралтай байгаа хэдий ч өнгөрсөн онд багахан ч гэсэн ахиц гарсныг энэ үеэр дурдлаа. Тухайлбал, МИК, Монгол шуудан тэргүүтэй аж ахуйн нэгж өнгөрсөн оноос хувьцаагаа арилжаалж эхэлсэн нь хөрөнгийн зах зээл хөгжих тулгуур болсон хэмээн салбарынхан онцолж байна. Ямартай ч Жайка олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй төслийн хувьд мэргэжлийн компани, салбарын оролцогч, иргэд гээд бүх талыг хамарсан цогц арга хэмжээ болсон гэдгийг дурдсан. Мөн аж ахуйн нэгжүүдийн зүгээс эрсдэл хэмээн харж буй зарим татварыг чөлөөлснөөр энэ салбар хөгжих томоохон боломж бүрдэнэ хэмээн онцлон дурдаж байлаа.

Б.ЗАЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж