“Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аяныг улс орон даяар эхлүүллээ

2016 оны 3 сарын 18

“Монголын медиа корпораци”, “Нэг Монгол” ТББ, Монголын зөвлөлдөх ардчиллын хүрээлэнтэй хамтран орон даяар “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аяныг эхлүүллээ. Энэ талаар өнөөдөр холбогдох албаныхан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд “Монголын медиа корпораци”-ийн гүйцэтгэх захирал Д.Бадамдаш, Стэнфордын их сургуулийн Зөвлөлдөх ардчиллын хүрээлэнгийн ахлах зөвлөх Г.Занданшатар, “Монголын медиа корпораци”-ийн Нийтлэлийн бодлогын зөвлөлийн хараат бус гишүүн Р.Батсайхан, Ийгл телевизийн сэтгүүлч, тоймч Ө.Золбаяр нар оролцсон юм.

“Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аяны хүрээнд Монголын медиа корпораци, Монголын зөвлөлдах ардчиллын үндэсний хүрээлэн, холбогдох бусад байгууллагуудтай хамтран улс орон даяар иргэдийн санаа, бодлыг сонсох, бодлого шийдвэрт тусгах зөвлөлдөх уулзалтуудыг цувралаар зохион байгуулах юм. Цаашдаа ийм маягаар ард иргэдийн санаа, бодлыг төрийн бодлогод тусгах тогтворжсон институци, байнгын механизмыг бүрдүүлэх нь “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аяны гол зорилго гэдгийг “Монголын медиа корпораци”-ийн гүйцэтгэх захирал Д.Бадамдаш мэдэгдсэн юм.

Дэлхий дахинаа ардчиллын олон хэлбэр бий. Үүнээс хамгийн түгээмэл нь төлөөллийн ардчилал. Гэвч төлөөллийн ардчиллын үед эрх баригчид ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргадаг, ард иргэдийнхээ санаа, бодлыг сонсдоггүй, сонссон ч бодлого, шийдвэртээ тусгадаггүй гэх зэрэг шүүмжлэл бий. Энэхүү шүүмжлэлийг залруулахын тулд шууд ардчиллыг хэрэгжүүлсэн. Өөрөөр хэлбэл, аливаа асуудлаар иргэдийн саналыг сонсоод, түүнийхээ дагуу шийдвэр гаргах үйл явц юм. Гэвч энэ тохиолдолд иргэд мэдлэг, мэдээлэл муутайгаас тухайн асуудалд зөвхөн сэтгэл хөдлөлөөр ханддаг, тэр хэрээр бодитой, зөв шийдвэр гаргахад хүндрэл учирдаг байна. 

Тэгвэл зөвлөлдөх ардчилал нь дээрх хоёр төрлийн ардчилалд буй дутагдалтай талуудыг нөхөж, аливаа асуудлаар иргэд олон нийт, шийдвэр гаргагчид нэг төвшинд, нэгдсэн, зөв, тэнцвэртэй мэдээлэлтэйгээр хэлэлцэж, шийдэвр гаргадаг байна. Тухайн улс, хотын нийт иргэдийг төлөөлж чадахуйц иргэдийг санамсаргүй түүврийн аргаар сонгож, зөвлөлдөх санал асуулгын хэлэлцүүлгийн зохион байгуулдаг. Улмаар иргэдэд тухайн асуудлаар эерэг, сөрөг, дутагдал болон давуу талтай бүх талын мэдээллийг өгдөг. Дараа нь иргэд жижиг бүлгүүдэд хуваагдан асуудлыг дахин хэлэлцээд, бодлого, шийдвэр гаргагчдаас асуулт асууж, тодруулсны дараа нууц санал хураалтаар шийдвэр гаргадаг юм.

Энэ нь төрийн бодлого, шийдвэрт ард иргэдийн санаа бодлыг тусгах хүн төрөлхтний бодож олсон хамгийн шилдэг технологи гэдгийг “Монголын медиа корпораци”-ийн Нийтлэлийн бодлогын зөвлөлийн хараат бус гишүүн Р.Батсайхан онцоллоо.

“Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аяны хүрээнд Монголын медиа корпораци, Монголын зөвлөлдах ардчиллын үндэсний хүрээлэн, холбогдох бусад байгууллагуудтай хамтран улс орон даяар иргэдийн санаа, бодлыг сонсох, бодлого шийдвэрт тусгах зөвлөлдөх уулзалтуудыг цувралаар зохион байгуулах юм. Цаашдаа ийм маягаар ард иргэдийн санаа, бодлыг төрийн бодлогод тусгах тогтворжсон институци, байнгын механизмыг бүрдүүлэх нь “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аяны гол зорилго гэдгийг “Монголын медиа корпораци”-ийн гүйцэтгэх захирал Д.Бадамдаш мэдэгдсэн юм. Энэ үйл явцад төр засаг, олон нийт, хэвлэл мэдээллийнхэн идэвхтэй оролцож, мэдээ, мэдээллийг шуурхай хүргэх нь чухал гэдгийг мөн онцоллоо.

Д.Бадамдаш: Дэлхийн 23 улсад зөвлөлдөх санал асуулгыг ашигладаг

-Зөвлөлдөх ардчиллын гол санаа нь иргэдэд тухайн асуудлын талаар олон талтай мэдээллийг хүргэдэг. Мөн маш сайн хэлэлцүүлэг явсны үндсэн дээр шийдвэр гаргадаг. Шийдвэр гаргагчид болон иргэд ижил төвшинд очиж, харилцан зөвшилцөж шийдвэр гаргадаг. Асуудлынхаа шийдлийг өнөөдрийн боломж, бололцоог маш сайн мэдэрч, анзаардаг. Тэр хэрээрээ шууд ардчилал болон төлөөллийн ардчиллын сул талуудыг нөхдөг. Дэлхийн 23 улсад зөвлөлдөх ардчиллын элементийг идэвхтэй хэрэглэж байна. Монгол Улс 23 дахь улс нь болж, иргэдийн зөвлөлдөх санал асуулгын уулзалтыг нэг удаа зохион байгуулсан. Бид энэ аяныг өрнүүлснээр монгол орон даяар орон нутгуудад тулгамдаж байгаа асуудлууд, тэрнийг шийдэх ямар гарц байж болох вэ гэдгийг хэлэлцэх зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна. Мөн томилогдсон болон сонгогдсон албан тушаалтнуудын тайланг сонсъё гэж байгаа юм. Нэг талаас сонгогдсон, томилогдсон хүмүүс нь ажил хийчихсэн байдаг. Нөгөө талаас иргэд нь ийм асуудал шийдээч ээ гэж хүсдэг. Энэ хоёрын дундын эргэх холбоог бий болгоно гэсэн үг. Цаашдаа шийдвэр гаргах үйл явцад иргэдийн санал бодлыг сонсдог байнгын механизмыг бүрдүүлнэ гэж харж байгаа.

Р.Батсайхан: Санамсаргүй түүврийн арга 95 хувийн итгэлцэлтэй

-Төр засаг иргэдийнхээ санал бодлыг сонсох гэж янз бүрийн оролдлого хийсээр ирсэн. Санал хүсэлтийн хайрцаг, санал хүсэлтийн дэвтэр гэх мэтчилэн. Гэхдээ одоогоор иргэдийн саналыг авч байгаа бүх аргад дутагдал бий. Юу гэхээр нийт иргэдийг төлөөлж чаддаггүй. Санамсаргүй түүврээр аваагүй, тохиолдлын байдлаар хүмүүс хандаж байгаа учраас. Хоёрдугаарт, одоо хүртэл хэрэгжиж байгаа иргэдийн санал бодлыг авдаг аргуудыг тусгайлсан санаа, зорилго бүхий хүмүүс өөрсдийн санал бодлыг нийтийнх юм шиг харагдуулах гэж хичээдэг. Үүнийг бид монголд өрнөж байгаа янз бүрийн эсэргүүцлийн хөдөлгөөнүүдээс харж болно. Жишээ нь цөмийн эсрэг хөдөлгөөн, гацууртын ордыг ашиглуулахгүй байхын төлөөх хөдөлгөөн гэх зэрэг. Нийт иргэдийг төлөөлж чадахгүй хэр нь өөрсдийгөө нийт иргэд гэж харагдуулах гэж оролдож, хичээдэг. Энэ байдлыг нэг мөсөн шийдээд, бүх иргэдээс санамсаргүй түүврийн аргаар сонгож, оролцуулаад, асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэнэ. 95 хувийн итгэлцлийн төвшин, 5 хувийн алдаа байх магадлалтай системчилсэн түүврийн арга юм. Ингээд түүврээр сонгогдсон хүмүүстээ бид урилга явуулна. Урилгыг хүлээж аваад, зөвлөлдөх санал асуулгад оролцсон хүмүүс нь “Ардын эксперт” буюу иргэдийг төлөөлж эксперт хийх хүн болно.

Г.Занданшатар:  Зөвлөлдөх ардчилал Монголын эртний уламжлал

-Гана улсад бичиг үсгийн тайлагдалт 50 гаруй хувьтай улсад иргэд нь зөвлөлдөөд, хамгийн зөв шийдвэр гаргасан. Усны асуудал гэх зэрэг олон асуудлаа ингэж шийдэж чадсан. БНХАУ улс төрийн зөвлөлдөх хорооноосоо эхлээд, Шанхай хотын том төслүүдийг хэрэгжүүлэхдээ ийм зарчмаар ард түмэнтэйгээ зөвлөлдөж шийдсэн. Энэ ардчиллын хамгийн зөв арга байна гэж Хятадын коммунист нам үзээд, том төслүүдээ хэрэгжүүлж байна. Сингапур улсад ирэх тавдугаар сард Азийн зөвлөлдөх ардчиллын хурал болно. Азийн улсуудад энэ хамгийн зөв ардчиллын хэлбэр байна гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Африкийн бичиг үсэг тайлагдаагүй, ядарсан улсад хүртэл хэрэгжүүлээд амжилтад хүрч байгаа. Энэ зөвхөн Их Британи, Америк, Грек зэрэг ардчилал өндөр хөгжсөн орнуудад хэрэглэдэг зүйл гэх шүүмжлэлийг эрс няцааж байгаа юм. Монголд ч бас энэ хэрэгжих бүрэн боломжтой. Монголын уламжлал энэ юм. Монголчууд хүчирхэг байх үедээ ардын үгийг сонсдог байсан. Түүний хамгийн тод жишээ нь “Өнчин хүүгийн есөн өрлөгтэй цэцэлсэн шастир” гэж байна. Өнчин хүүгээр ард түмнийг төлөөлүүлээд, Чингис хааны цэцдийн зөвлөлөөр хэлэлцүүлээд сархадын хэрэглээний талаар зөв шийдвэр гаргаж байсан. Европын парламентаас өмнө Монголын хуралдайгаар зөвлөлддөг байж. Тэгэхээр Монголын уламжлалд ч байна, дэлхий нийтийн практикт ч байна. Ардын үг ашиг сонирхлын зөрчилгүйгээр, асуудлыг зөв шийддэг.

Ө.Золбаяр: “Ардын үг” аян чухал ач холбогдолтой

-Ардын үг аян хоёр чухал ач холбогдолтой гэж би харж байгаа. Тухайлбал, одоо 2016 оны УИХ-ын сонгууль болох гэж байна. 2012 онд ард иргэдээс санал авч, итгэл хүлээсэн хүмүүс тухайн үед иргэдийн бодитой ярьж, хэлж байсан саналуудыг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд төрийн бодлого, шийдвэрт хэрхэн тусгасан бэ. Тусгасан бол хэрхэн ямар байдлаар, тусгаагүй бол яагаад вэ гэдэг учир шалтгааныг ард иргэд өөрсдөө хэлэлцэж, дүгнэнэ. Хоёрдугаарт, 2016 оны сонгуульд оролцох нам, эвслүүд цаашдаа ямар бодлого хэрэгжүүлж, юу хийх вэ. Тэр мөрийн хөтөлбөрт нь ард иргэдийн санаа бодлыг тусгах ач холбогдолтой. Энэ бол зөвхөн Монголын медиа корпораци, эсвэл нэг ТББ, хэсэг бүлэг хүмүүстэй холбоотой асуудал биш. Яагаад гэвэл эрх баригчид юу амласан бэ, тэрнийгээ хэрэгжүүлж чадсан уу гэдэг бол нийт ард иргэд, нийт монголын сонгогчдын асуудал. Үүнийхээ хэдэн хувийг биелүүлж, хэдэн хувийг биелүүлж чадаагүй байна вэ гэдэг дээр ард иргэдээр нь, орон нутгийн хүмүүсээр нь дүнг нь тавиулах гэж байгаа.

Дашрамд дурьдахад, “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аяны хүрээнд орон нутгийн нэгж бүрээс нийт оршин суугчдыг төлөөлөх чадамжтай 400 хүртэлх хүнийг түүврийн аргаар сонгон авч ардын эксперт болгох бөгөөд тэд олон түмний санаа, бодлын илэрхийлэл болж орон нутгийн тулгамдсан асуудлаар зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлэг хийж тодорхой шийдлүүдийг гаргаж ирэх юм. 

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.ДАШДУЛАМ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна