Нам доторх нам болсон фракцыг яах вэ?

2016 оны 3 сарын 18

Ардчилсан намын гишүүд дунд фракцаасаа татгалзах давалгаа хүчтэй өрнөж байна. Улс төрийн намуудад бодлого, үйл ажлаараа нэгдсэн бүлэг, фракц байх нь буруу зүйл биш боловч гишүүдийнх нь тайлбараар фракц нь зөвхөн албан тушаалд дэвших гүүр болж хувирчээ. Төрийг чадамжгүй болгож, авлига хээл хахуультай тэмцэх тэмцлийг ч сааруулж байгаа энэ үзэгдэлтэй тэмцэхэд бодлого чухал хэмээн үзэж, Ардчилсан намыг бодлогын нам болгон өөрчлөх байр суурьтай гишүүд олон болж байна. Тодорхой санал дэвшүүлсэн нь ч бий. Энэ асуудлаар Хууль зүйн сайд Д.Дорлигжав, УИХ-ын гишүүн А.Бакей, хотын дарга Э.Бат-Үүл нарын байр суурийг онцоллоо.


Д.Дорлигжав: Фракц гамшиг болсон

Фракц байгуулж байж улс төр дотор орон зай бий болгож байна. Ийм байж асуудлаа шийдэж байна. Фракцад нөлөө бүхий байж, фракцад арай илүү мөнгө төлж, фракцыг санхүүжүүлж байж, дараагийн алхамдаа ахиу явж болж байна. Нэг үгээр хэлбэл, энийг харчихсан, энэнд тодорхой хөрөнгө оруулалт хийчихсэн хүмүүсийн хувьд фракцыг байхгүй болгохыг учиргүй зөв гээд уухайлахад хэцүү байх шиг. Гэхдээ хортой талыг нь байнга санах хэрэгтэй. Нэг хүн шагнасан ч миний хүн чиний хүн. Нэг асуудал нааштай шийдсэн ч танай хүн байна уу, манай хүн байна уу гэдэг. Нэг юм шийдье гэхэд гацаадаг. Гацаад байгаа шалтгааныг харахаар их энгийн. Манай фракцынх биш, энэ надад таалагддаггүй гэдэг. Хэмжээ хязгааргүй мөнгө цацдаг. Түүнийгээ буцааж олохын тулд төрийн хуулийг завхруулдаг. Тэрийгээ хамгаалахын тулд албан тушаалд очсон нь нөгөөдүүлийгээ хамгаалж өмгөөлж эхэлнэ. Төрийн гүйцэтгэх чадвар, шийдвэр гаргах чадварыг алдуулж , хөгжил дэвшилд саад болж байгаа үндсэн шалтгааны уг үндсийг лавшруулаад хөөхөөр фракц гэдэг юмнаас эхэлж байгаа. Энэ бол гамшиг болсон. Ийм цаг дээрээс буруу хөдөлж болохгүй. Ийм зүйлийг бид хараад зүгээр явж болохгүй.  Фракц гэдэг юмнаас бүх юм явсаар гамшиг болж хувираад байна. Аливаа нам бодлогын нам байх ёстой. Үйл ажиллагаагаараа бодлогын шинж чанартай, зарчимтай байж бодлогын нам болно. Тийм учраас би төсөл санаачилсан. Бодлогын зөвлөл  нь 10-12 даргатай байх болов уу. Бодлогын зөвлөлийг хэн удирдахыг намын дарга өөрөө тодорхойлох хэрэгтэй. Нам сонгуульд ялбал бодлогын зөвлөлийн дарга нь сайд болдог байх. Бодлогын зөвлөлийн дарга нар нь шууд Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн байх. Нам ялагдах юм бол бодлогын зөвлөлийн дарга нар нь парламентад гишүүнээр сонгогдсон бол бодлогын асуудлаар шүүмж тавьдаг. Шийдвэр гаргах төвшинд 3-4 хүн болчхоод бүлэг, фракц яриад суудгийг хориглоё. Тийм асуудал байгаа бол бодлогын зөвлөл дээрээ очоод ярь. Бодлогын зөвлөлийн ажиллах зарчмыг Үндэсний зөвлөлдөх хороогоор батлаад өгдөг байх ёстой. Дээр нь Улстөрийн намын тухай хуульд фракцын хэлбэрээр үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэсэн заалт оруулах. Ийм санал дэвшүүлж байгаа.


Э.Бат-Үүл: Нам жудаггүй үйлдлийн орон зай боллоо

Фракцыг байхгүй болгох ёстой. Би намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, эвслийн удирдлага байхдаа ч фракцыг хатуу эсэргүүцдэг байсан. Тухайн үед фракцууд нь далд хэлбэрийн улс төрийн нөлөө багатай байсан. Одоо харин фракц нь нам доторх нам болсон. Намыг хагалах бэлэн бүтэц болж хувирсан. Шаардлагыг нь намын дарга хүлээж авахгүй бол тусдаа нам байгуулаад давхиад явчихна. Нам доторх намын хэлбэрт орчихсон, фракц гэдэг үг ч жижигддэг болсон. Ардчилсан намын дэд намууд болж хувирсан. Ардчилсан хүний холбоо, Алтан гадас, хамгийн сүүлд Ардчилсан намын санагалзагчдын холбоо гарлаа. Яагаад өнөөдөр аль ч намыг сонгосон сонголт ийм их болов. Яагаад гэвэл нам гэдэг хүний жудаггүй үйлдлийн орон зай, орон байр болчхоод байна.  Нэг намаас нэг тойрогт нэр дэвшсэн хоёр биеэ шургаад явж байхад иргэд, сонгогчдод тэрнээс илүү муухай юм юу байдаг юм. Намын жагсаалтад орох гэж фракцууд алалцаж байгаа. Энэний хор уршиг суусан онгоцоо л живүүлэх гэж байна. Сайд Д.Дорлигжавын санаачилгыг дэмжиж байгаа. Харин яаж хэрэгжүүлэх вэ?. Ардчилсан намд анх Гүйцэтгэх зөвлөл байгаагүй, Үндэсний зөвлөлдөх хороо байсан. Ардын намынхан Удирдах зөвлөл гэдэг юм гаргангуут коммунист нам шиг Гүйцэтгэх зөвлөл гэгчийг бий болгосон. Хэрвээ намд Гүйцэтгэх зөвлөл байх юм бол зөвхөн сонгуулийн асуудлаа л ярьдаг байгууллага болох ёстой. Бодлогын зөвлөл нь бодлогоо яриг, зангидаг. Тэгвэл болж байна. Тэгтэл Д.Дорлигжавын энэ төслөөр Гүйцэтгэх зөвлөл Улс төрийн товчоо маягаар байх нь, болих хэрэгтэй. Фракц нь Гүйцэтгэх зөвлөлдөө орох гээд квот нэхээд байгаа биз дээ. Бодлогын зөвлөл гарц байж мэднэ. Түүнд хүмүүсээ оруул. Гүйцэтгэх зөвлөл нь зөвхөн сонгуулийн менежментээ ярьдаг байгууллага болгох хэрэгтэй. Ардчилсан орнуудад ийм л байдаг.


А.Бакей: Манай фракцууд бодлого ярьдаггүй

Фракц, бүлэглэл төрийн ажлыг цалгардуулж байна. Ардчиллын үнэ цэнэтэй зүйлд хор хохирол учруулж байна. Нам дотроо бие биетэйгээ хөлөө жийлцэж байна. Ийм учраас Ардчилсан нам фракцгүй болъё гэж санаачилга гаргасныг дэмжинэ.

Гадаад орнуудад фракц байна. Гэхдээ манайд байдаг хэлбэрээр биш. Улс төрийн соёл төлөвшсөн орнуудад намын дотор жинхэнэ бодлого, ажил хэргийн асуудлаар лобби бүлэг, фракц байна. Өөрөөр хэлбэл, фракц нь хэтэрхий явцуу зөвхөн албан тушаалын төлөө байдаггүй. Харин манайд байгаа фракц нь Засгийн газар байгуулагдах үед албан тушаал хуваарилах үед гарч ирдэг, бусад үед унтаж байдаг. Бодлогын асуудал ярьдаггүй, хөгжлийн асуудал ярьдаггүй. Тийм учраас Бодлогын зөвлөл нь үйл ажиллагаагаараа маш тодорхой байх ёстой. Салбарын төрөлжсөн, мэргэшсэн байх ёстой. Уул уурхайг хүн бүр мэдэхгүй, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, боловсролын салбарыг ч хүн бүр мэдэхгүй. Тэгэхээр мэддэг чаддаг салбараараа энэ зөвлөлөө байгуулаад ажил хэрэг болгоод улс орны хөгжилд хувь нэмэр оруулаад явбал үүн шиг сайхан юм байхгүй. Одоо гол нь нам дотор байгаа фракцын дарга нар, манлайлж байгаа хүмүүс санаачилгаа гарга, гарын үсгээ зур, нийтэд зарла. Тэгвэл би хоёр гараа өргөөд дэмжинэ.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна