УИХ-ын дарга З.Энхболд Өвөрхангай аймагт ажиллаж байна

2016 оны 3 сарын 18

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын орон нутгийн томилолт өнөөдөр /2016.03.18/ Өвөрхангай аймагт эхэлж байна. Аймгийн удирдлагууд Улсын Их Хурлын даргыг угтан авсан юм. 

Улсын Их Хурлын дарга дагалдан яваа албаны хүмүүсийн хамтаар Цэргийн гавьяаны Улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 256 дугаар ангид зочлон, үйл ажиллагаатай нь танилцсан юм. Улсын Их Хурлын даргыг 256 дугаар ангийн бие бүрэлдэхүүн хүндэтгэл үзүүлэн угтлаа.

Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн захирагч, хурандаа Ц.Дамдиндорж үйл ажиллагааныхаа талаар танилцууллаа. Бүх цэргийн зөвлөлийн 1921 оны 8 дугаар  сарын 01-ний  өдрийн 10 тоот  тушаалаар байгуулсан Зүүн хязгаарын 2 дугаар морин бригад /2МБ/ нь өнөөгийн Зэвсэгт хүчний 256  дугаар  ангийн  суурь байсан бөгөөд  2011 онд түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн гавьяаны Улаан тугийн” одон”-гоор шагнагджээ. 

Тус ангийн бие бүрэлдэхүүн 2010-2016 онуудад Зэвсэгт хүчний марш тактик тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээнд тогтмол амжилттай оролцож ирсэн талаар Улсын Их Хурлын даргад танилцуулсан юм. 2014-2015 онд Өвөрхангай аймгийн МСҮТ-д  “Хүнд машин механизмын операторч” мэргэжлээр-15, “Хөдөө аж ахуйн фермер” мэргэжлээр-6,  “Мужаан” мэргэжлээр-30 хугацаат цэрэг, тогоочийн дамжаанд-12 ахлагч, энгийн ажилчид, “В, С” ангиллын  жолооны дамжаанд офицер-3, ахлагч-9, гэрээт-6, хугацаат-11, “А” ангиллын мотоциклын дамжаанд-18  хугацаат цэргийн алба хаагчийг  сургажээ. Мөн ОХУ-ын цэргийн Академи, БНХАУ болон дотоодод гэрээт болон офицер, ахлагч нарыг албан тушаалын дамжаа, бакалавр, магистр, мэргэшил дээшлүүлэх  сургалт, гадаад хэлний бэлтгэл, МСҮТ-ийн мэргэжил олгох сургалтад хамруулж байгаа юм байна. Тус ангиас НҮБ-ын энхийг дэмжих болон олон улсын цэргийн ажиллагаанд давхардсан тоогоор 480 гаруй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэсэн байна. 

Мөн энэ үеэр ар тал, ахуй хангалт, төсөв санхүүжилтийн талаар танилцуулаад, урлаг, спортын цогцолбор төвийг барих хөрөнгийг шийдвэрлүүлэх шаардлагатай байгааг хэлж байлаа. 

“Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” Монгол Улсын хуульд жил бүрийн 3 дугаар сарын 18-ны өдрийг “Монгол цэргийн өдөр” болгон тэмдэглэж ирсэн бөгөөд Улсын Их Хурлын дарга энэ үеэр баярын мэндчилгээ дэвшүүлэв. Тэрээр “Монгол Улсынхаа тусгаар тогтнолын түүхийг бүтээлцэж ирсэн ахмад дайчид, нийт цэрэг эрс болон эх орныхоо дуудлагад хэзээд бэлэн байдаг нийт монгол эрчүүддээ “Монгол цэргийн өдөр”-ийн халуун мэндийг хүргэн мэндчилж байна. Монгол Улсын Зэвсэгт хүчин өвөг дээдсийнхээ үйл хэргийг нэр төртэй залгамжлан, улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангах үүргээ нэр төртэй биелүүлэхийн зэрэгцээ Монголын нийгмийн шинэчлэгч, манлайлагч, бүтээн байгуулагч хүчин нь байж улс орныхоо хөгжил, цэцэглэлтэд үнэтэй хувь нэмрээ оруулсаар ирснийг Монголын төр, засаг өндрөөр үнэлж ирсэн. Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх төрийн бодлогын үр дүнд Монголын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, хуулиар хүлээсэн үндсэн үүргээ гүйцэтгэх чадавх тасралтгүй дээшилж байна” гэв. Монгол цэргийн залгамж халаа болсон эх оронч дайчиддаа болон нийт ард иргэддээ “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндийг дэвшүүлж, эх орноо батлан хамгаалах үйлсэд өндрөөс өндөр амжилтыг хүслээ. 

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хурандаа Ц.Дамдиндоржийг Цэргийн гавьяаны улаан тугийн одон, О.Доржпүрэв, Л.Наранцэцэг нарт Цэргийн хүндэт медалийг гардуулсан юм. 

Үүний дараа Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын цэвэр усны байгууламж,  инженерийн шугам сүлжээний ажил байдалтай танилцсан. Аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн ажил байдлыг танилцуулсан юм. Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар “Хот байгуулалтын салбарын МОН2301” төслийн хүрээнд 7.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий цэвэр усны инженерийн шугам сүлжээ, байгууламжийн ажлыг “Одкон холдинг” ХХК гүйцэтгэжээ. Төслийн хүрээнд ус хангамжийн эх үүсвэрийн 4 гүний худаг, 1.14 км цуглуулах шугам, 14.6 км ус дамжуулах шугам, 100 м.кубын 2 усан сан бүхий өргөлтийн насос станц, хлоржуулалтын тоног төхөөрөмж, 1000 м.кубын усан сан, хотын дотор 11.98 км цэвэр усны цагираг шугам, 18 ус түгээх байр, 4.1 км бохир усны гол шугам, 4.8 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын ажлууд хийгдсэн байна. Ийнхүү ашиглалтад орсноор Арвайхээр сумын усан хангамжийн чанар, хүртээмж эрс нэмэгдэж усан хангамжийн найдвартай эх үүсвэртэй болсон талаар "Одкон Холдинг" ХХК-ийн инженер М.Дагвадорж танилцууллаа

Өнөөдрийн байдлаар Арвайхээр сумын 5411 өрхийн 21400 иргэн төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон ус түгээх байрнаас ундны усаар хангагдаж байгаа юм байна. Арвайхээр сумын гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох ажлын хүрээнд “Өнөр” хорооллын иргэдийн саналыг авсны үндсэн дээр 427 м цэвэр усны шугам тавих ажлыг орон нутгийн хөгжлийн сангийн 42.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Онги ус суваг” ОНӨХХК хийж гүйцэтгэн ашиглалтад өгсөнөөр 43 иргэн, аж ахуйн нэгж цэвэр усны төвлөрсөн шугаманд холбогдсон байна.

Улсын төсвийн 2.6 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалтаар 7.9 км цэвэр, 5.2 км бохир усны шугамын өргөтгөл шинэчлэлийн ажил, дулааны 3.2 км хос шугамын ажил хийгдсэн байна. Энэ үеэр тус байгууламжийг хамгаалалтад авах шаардлагатай байгаа талаар аймгийн ИТХ-ын дарга Г.Ганболд хэлж байсан юм. 

Улсын Их Хурлын даргыг дагалдан Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн, ИТХ-ын дарга Г.Ганболд болон албаны бусад хүмүүс ажиллав.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна