Ж.Батзандан: Төр байдаг бол иргэдээ хамгаалах ёстой

2016 оны 3 сарын 18

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан өнөөдөр /2016.03.18/ Монгол Улсад шашны гаж үйл ажиллагаа явуулж буй Мүүн-тэй холбоотой байгууллагуудын үйл ажиллагаа, данс, санхүүжилт, орлого зарлагыг шалгуулах тухай өргөдөл тус байнгын хороонд ирүүлсэнтэй холбогдуулан өргөдөл гаргагч иргэн Э.Цэрэндолгорыг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Ж.Батзандан Монгол Улсад Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль, тогтоомж байдаг гээд иргэн Э.Цэрэндолгорын хөндөж ирүүлсэн асуудал нь чухал болохыг онцолсон юм. Тэрээр, дэлхийн олон улс орнуудад шашны гаж урсгалуудыг хориглосон тохиолдол цөөнгүй байдаг гээд шашны буруу урсгалуудаас болж үндэсний аюулгүй байдал алдагдах, хүн амын амьд явах эрх зөрчигдсөн тохиолдол олонтаа гарсан хэмээлээ. Түүнчлэн, Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль өнөөдөр хэрхэн хэрэгжиж байгаа талаар санал солилцохоор Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулалтын газрын дарга Б.Үнэнбат, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын албаны зөвлөх О.Баяраа нарыг байлцуулж иргэн Э.Цэрэндолгортой уулзаж буйгаа дуулгалаа.

Иргэн Э.Цэрэндолгор, Мүүн хэмээх шашны гаж урсгал монгол оронд хориод жилийн турш бугшиж, хүүхэд, залуучуудын оюун санаанд сөргөөр нөлөөлөөд зогсохгуй цаашлаад хөдөлмөрийн мөлжлөг, хүний наймаа, мөнгө угаах зэрэг ноцтой зөрчлүүд гарч болзошгүй тул Хууль зүй болоод Боловсролын салбар, мөн Төрийн эрх барих дээд байгууллагын Өргөдлийн байнгын хороо энэ асуудлыг судлан шийдвэрлэж өгөхийг уулзалтын үеэр хэлсэн юм.

Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулалтын газрын дарга Б.Үнэнбат, Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль, тогтоомжийн дагуу Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй шашны байгууллагуудад шалгалт хийхээр тус газраас ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа гэлээ.

Уулзалтаар, Байнгын хорооны дарга Ж.Батзандан өргөдөл гаргагч иргэн болоод холбогдох албаны хүмүүсийн байр суурийг сонссоны дараа уг асуудлын хүрээнд тус Байнгын хорооноос Ажлын хэсэг байгуулж, Монгол Улсын Их Хурлын 2016 оны хаврын нэгдсэн чуулган эхэлмэгц нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулахаар тогтлоо.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна