БНБелУ-ын Ерөнхий сайдын орлогч В.И.Семашко айлчилж байна

Хуучирсан мэдээ: 2016.03.18-нд нийтлэгдсэн

БНБелУ-ын Ерөнхий сайдын орлогч В.И.Семашко айлчилж байна

Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатарын урилгаар Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхий сайдын орлогч В.И.Семашко 2016 оны 3 дугаар сарын 16-19-ний өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна.

Айлчлалын эхний өдөр БНБелУ-ын Ерөнхий сайдын орлогч В.И.Семашко Монгол Улсын Зам, тээврийн сайд М.Зоригт, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа нартай тус тус уулзаж, тухайн салбаруудад Монгол, Беларусийн хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжуудын талаар санал солилцов.

Айлчлалын үеэр Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн яам, Бүгд Найрамдах Беларусь Улсын Хөдөө аж ахуй, хүнсний яам хоорондын Ажлын хэсгийн анхдугаар хурлыг зохион байгуулж, хурлын дүнгээр протокол байгуулав. Ажлын хэсгийн хуралдааныг монголын талаас ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд, беларусийн талаас ХААХ-ий дэд сайд А.М.Субботин нар даргалан явуулав. Ажлын хэсгийн хуралдаанаар ойрын жилүүдэд хамтран хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг тохиролцож батлав.

3 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар, БНБелУ-ын Ерөнхий сайдын орлогч В.И.Семашко нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцлоо. Монгол, Беларусийн найрсаг харилцаа сүүлийн жилүүдэд идэвхжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа талууд илэрхийлээд цаашид хоёр талын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах өргөн боломж байгаа бөгөөд энэхүү боломжийг цаг алдалгүй ашиглахаар тохиролцов. Ялангуяа, Монгол Улсад хэрэглэхэд тохиромжтой Беларусийн машин, техник, тоног төхөөрөмж, тухайлбал, нийтийн тээврийн автобус, хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж зэргийг нийлүүлэлэхэд бэлэн байгаагаа Беларусийн Ерөнхий сайдын орлогч В.И.Семашко илэрхийлэв. Түүнчлэн хоёр талын харилцааг барилга, хот тохижилт, зам засвар, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, боловсон хүчин бэлтгэх зэрэг олон чиглэлд идэвхжүүлэх боломжтойг талууд онцлов. Хоёр талдаа ашигтай байх хамтын ажиллагааны төслүүдийг ажил хэрэг болгохын тулд санхүүжилтийн тохиромжтой хэлбэрийг хоёр тал судалж тохиролцохоор болов.

Албан ёсны хэлэлцээний дараа БНБелУ-ын Ерөнхий сайдын орлогч В.И.Семашко Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт бараалхав. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг беларусийн талаас тавьж буй хамтын ажиллагааны тодорхой саналуудыг ойрын үед шийдвэрлэх боломжтойг тэмдэглээд, Монгол Улсын Засгийн газрын зүгээс анхааран ажиллахаа илэрхийлэв.

Мөн өдөр БНБелУ-ын Ерөнхий сайдын орлогч В.И.Семашко Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлтэй уулзав.

3 дугаар сарын 18-ны өдөр БНБелУ-ын Ерөнхий сайдын орлогч В.И.Семашко Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй уулзаж хоёр талын харилцааны асуудлаар санал солилцов.

Энэхүү айлчлал нь Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхий сайдын орлогчийн түвшинд хийж буй анхны айлчлал юм.

ЭХ СУРВАЛЖ: ГХЯ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж