З.Энхболд Өвөрхангай аймагт ажиллалаа

2016 оны 3 сарын 19

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд энэ сарын 18-23-ны өдрүүдэд Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Архангай аймгуудад ажиллан, орон, нутгийн ажил байдал, үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцаж байна. Улсын Их Хурлын даргын Өвөрхангай аймагт ажилласан талаарх мэдээллийг багцлан хүргэж байна.


2016 оны 03 дугаар сарын 18. Баасан гараг.

УИХ-ын дарга З.Энхболд Өвөрхангай аймгаас “Монгол цэргийн өдөр”-ийн мэндчилгээ дэвшүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдын орон нутгийн томилолт Өвөрхангай аймагт эхэлж, Улсын Их Хурлын дарга дагалдан яваа албаны хүмүүсийн хамтаар Цэргийн гавьяаны Улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 256 дугаар ангид зочлон, үйл ажиллагаатай нь танилцсан юм.

Мөн энэ үеэр Улсын Их Хурлын дарга Монгол Улсынхаа тусгаар тогтнолын түүхийг бүтээлцэж ирсэн ахмад дайчид, нийт цэрэг эрс болон эх орныхоо дуудлагад хэзээд бэлэн байдаг нийт монгол эрчүүддээ баярын мэндчилгээ дэвшүүлэв.

Видео мэндчилгээг эндээс үзнэ үү.

Үүний дараа Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын цэвэр усны байгууламж,  инженерийн шугам сүлжээний ажил байдалтай танилцлаа. Аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн ажил байдлыг танилцуулах үеэр Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар “Хот байгуулалтын салбарын МОН2301” төслийн хүрээнд 7.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий цэвэр усны инженерийн шугам сүлжээ, байгууламжийн ажлыг “Одкон холдинг” ХХК гүйцэтгэсэн юм гэлээ.

Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.


УИХ-ын дарга З.Энхболд Өвөрхангай аймаг дахь Төрийн банкны салбарын үйл ажиллагаатай танилцав

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр Өвөрхангай аймагт Төрийн банкны салбарт ажиллан, Улсын Их Хурал, Засгийн газраас мал аж ахуйн салбарын хөгжлийг дэмжих, малчдын нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр хууль, тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн явцтай танилцлаа.

Төрийн банкны Өвөрхангай дахь салбар нь аймгийн төв болон  бүх сумд, Жаргалант, Баянтээг багийн төвүүдэд  нийт 23 салбар нэгжтэй, 132  ажилтантайгаар банкны бүх төрлийн үйлчилгээ үзүүлэн  үйл ажиллагаа  явуулж байна. Энэ оны 02 дугаар сарын 29-ний байдлаар нийт харилцагчийн тоо 138 мянга гаруй болсон бөгөөд нийт зээлдэгчийн тоо 11638-д хүрчээ. Нийт зээлийн үлдэгдэл 34.1 тэрбум төгрөг байгаа талаар салбарын захирал Д.Сүхбат Улсын Их Хурлын даргад танилцууллаа.

Улсын Их Хурлын дарга, 02 дугаар сард гаргасан шийдвэрийн дагуу 29.5 хувийн зээлийн хүү 18 хувь болж буурсан. Харин энэ сарын 15-наас гурван төрлийн баримт бүрдүүлсэн тохиолдолд 10 хувь болгохоор хүсэлт тавьсан хэчнээн зээлдэгч байгааг асуулаа. Одоогийн байдлаар шилжилт хийлгэх хүсэлт ирүүлээгүй байгаа гэдгийг банкны ажилтнууд хэлж байв.

Ипотекийн орон сууцны 8 хувийн хүүтэй зээлээс хэчнээн нь 5 хувийн хүүтэй зээл рүү шилжсэн талаар мөн тодруулахад, өнөөдрийн байдлаар 10 гаруй зээлдэгчийн 500 орчим сая төгрөгийн судалгааны ажил хийгдэж байгаа бөгөөд ирэх 7 хоногоос олгож эхэлнэ гэдэг мэдээллийг өгөв.

Үүний дараа Улсын Их Хурлын дарга БОЭТ-ийн халдвартын эмнэлгийн үйл ажиллагаатай танилцав. Тус эмнэлгийн барилгыг улсын төсвийн 1.793.811.801 төгрөгийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж, 2015 оны 11 дүгээр сард ашиглалтанд оруулсан талаар аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Сэрчмаа танилцуулсан.

Улсын Их Хурлын дарга дагалдан яваа албаны хүмүүсийн хамтаар тус аймагт шинээр баригдсан орон сууцны барилгуудын бүтээн байгуулалтын ажилтай мөн танилцлаа. 2011-2015 онд төр, засгаас хэрэгжүүлсэн “100 мянган айлын орон сууц”, “Аймаг бүрт 1000 айлын орон сууц хөтөлбөр”-ийн хүрээнд аймгийн хэмжээнд нийт 1136 айлын 31 орон сууцыг орон нутгийн барилгын компаниуд өөрсдийн болон хувийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулсан болохыг аймгийн Барилга хот байгуулалтын газрын дарга Ч.Гүнсэнхорол танилцуулав.

Улсын Их Хурлын даргыг дагалдан Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн, ИТХ-ын дарга Г.Ганболд болон албаны бусад хүмүүс ажиллалаа.

Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.


УИХ-ын дарга З.Энхболд Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзалт хийв

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр /2016.03.18/ Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын иргэдтэй уулзалт хийлээ. Улсын Их Хурлын чуулганы завсарлагааны  хугацаанд иргэдэд хууль, тогтоолуудын талаар мэдээлэл өгч, танилцуулахаар хөдөө орон нутагт ажилладаг хэмээн Улсын Их Хурлын дарга хэлээд Монгол Улсын Их Хурал 2015 оны намрын ээлжит чуулган 90 хоног үргэлжилж, нэгдсэн хуралдаан 38 удаа, Байнгын хороо 131 удаа хуралдсан болохыг танилцууллаа.

Энэ хугацаанд хүний эрх, эрх чөлөөг хангах чиглэлээр Эрүүгийн хууль, Захиргааны ерөнхий хууль, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Хамтын тэтгэврийн тухай хуулиудыг дурдав.

Мөн УИХ-ын дарга Монгол Улсын эдийн засгийн зарим асуудлаар танилцуулга хийлээ. Монгол Улсын эдийн засаг уул уурхайгаас шууд хамааралтай байсан бөгөөд дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн уналт нь манай экспортын орлогод сөргөөр нөлөөлснийг графикаар үзүүлэв.

Харин, уул уурхайн бус хөрөнгө оруулалт харьцангуй тогтвортой байсан ба дээрх хүчин зүйлээс болоод манайд орж ирэх ам.долларын урсгал 2013 оноос хойш эрс багассан юм. Ашигт малтмал, газрын тос ихтэй улс орнуудын хувьд ч гэсэн манайхтай адил гадаад валютын орлого нь буурч, мөнгөн тэмдэгтүүдийнх нь ханш огцом унасан жишээ олон байгаа талаар Улсын Их Хурлын дарга танилцуулгадаа дурдаж байв.

Мөн сүүлийн жилүүдэд Засгийн газраас хэрэгжүүлсэн автозам, орон сууцны бүтээн байгуулалтын талаар танилцууллаа. Тэрээр ипотекийн 8%-ийн зээлээс 5%-д шилжснээр нэг айлын хувьд хичнээн төгрөгийн хэмнэлт гарч буйг жишээ татан, тооцоолж үзүүлэв.

Түүнчлэн эдийн засгийн тулгуур болох мал аж ахуйн салбараа дэмжих үүднээс малчиддаа дэмжлэг үзүүлэн малчны зээлийн хүүг бууруулсан талаар дуулгав. Засгийн газрын 2016 оны 2 сарын 4-ний өдрийн хуралдааны шийдвэрийн дагуу Малчин өрхөд хөрөнгө худалдан авах өрхийн хэрэглээнд зориулан зээлийн хүүг 40 хувиар бууруулжээ. Сарын 2.5 хүүгээс 1.5 хүү хүртэл, жилийн 29.5 хүүг 18 болтол бууруулсан бол дахин 10 хувь хүртэл буурууллаа. Ингэснээр малчны зээлийн хүү сарын 0,8 болж байна. Цаашид малчид Засгийн газраас хэрэгжүүлж буй дунд хугацааны “Сайн малчин” хөтөлбөрийн шалгуурыг хангаснаар Төрийн банкнаас сарын 0.8 хувийн хүүтэйгээр малчны зээл авах боломж бүрдсэн. Малчид малаа эрүүл байлгаж, нийгмийн даатгалын шимтгэлээ төлж, малчин дансаараа гүйлгээ хийдэг малчид энэхүү зээлд хамрагдахыг уриалав.

Улсын Их Хурлын дарга 2015 оны намрын ээлжит чуулганы хугацаанд баталсан хууль, тогтоолын талаар танилцуулга хийсний дараа Арвайхээр сумын иргэдийн асуусан асуултад хариулт өгөв.

Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна