Х.Баттулга ямар нууц дэлгэх вэ?

2016 оны 3 сарын 19

Туслахуудыг нь баривчлан саатуулах шийдвэр гаргасантай холбоотойгоор УИХ-ын гишүүн Х.Баттулга илүү ихийг илчлэх болно гэдгээ мэдэгдээд байна. Түүний тайлбараар туслах Г.Түвшинжаргал, “Натур фрэйндли” компанийн удирдлагыг хоёр эмэгтэйн хамтаар энэ сарын 16-нд  Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн ажилчид баривчилж, саатуулсан явдлыг Тавантолгойн ордтой холбож буй. Энэ тухай тэрээр “Тавантолгойн ордыг 60, 100 жилээр нэг компанид өгөх оролдлогыг таслан зогсоосны төлөө хамт ажиллаж байсан нөхдийг маань баривчилж, эрүү шүүлтэд тулгаж байна” хэмээн мэдэгдсэн юм.

Харин өчигдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхээс саатуулагдсан нэр бүхий эмэгтэйчүүдийг үргэлжлүүлэн хорих хугацааг 14 хоногоор сунгах захирамж гаргасан юм.

Х.Баттулга гишүүний хувьд шүүхийн шийдвэрийг харж байна гэдгээ мэдэгдсэн. Тиймээс ирэх долоо хоногоос эхлэн түүнийг Тавантолгой тойрсон асуудлаар, мөн төмөр замтай холбогдох ямар нууцыг дэлгэх вэ гэдэг олны анхаарал татаж эхлээд байна.

Дээрх үйл явдалтай зэрэгцэж “Жудагт Монгол” холбооноос Монгол Улсын сайд М.Энхсайханыг шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт хандсанаа мэдэгдсэн. Сайд М.Энхсайханы хувьд Тавантолгой төслийг гардаж хөрөнгө оруулагч нартай хэлэлцээ хийж, УИХ-д Тавантолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг мэдүүлж байсан ч УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг төслийг төрхөмд нь буцаах шийдвэрийг гаргаж байсан юм. Л.Эрдэнэчимэг гишүүнээр ахлуулсан тус ажлын хэсэг “Тавантолгойн ордыг ашиглах төслийг энэ хэлбэрээр дэмжих боломжгүй, Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц байна” хэмээн үзсэн юм.

Харин төслийг боловсруулсан сайд М.Энхсайхан Монгол ашигтай төсөл гэдэг тайлбарыг хийж байв. Тодруулбал, эхний таван жилд дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ. Хөрөнгө оруулагч тал төмөр замыг 2.5 жилд барьж дуусгах. Хоёрдугаарт, далайн боомт дээр Монголын нүүрсийг үнэ хүргэж өрсөлдөх чадвартай болгож зарах. Монголын аж ахуйн нэгж 51 хувиас дээш менежмэнтээр орж ирж ажиллах болж байгаа нь Монгол руу мөнгө урсаж орж ирэх боломжийг нээнэ гэж үзсэн юм.

Үүний дараа Засгийн газар дахин Тавантолгой ордыг ашиглах төсөл УИХ-д оруулж ирэхээ мэдэгдэн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтоор ахлуулсан ажлын хэсэг байгуулсан ч одоо хэр нь төслөө УИХ-д өргөн мэдүүлээгүй.

Мөн УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Тавантолгой ордыг ашиглах төсөл боловсруулан Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн ч хариу өгөөгүй. Иймэрхүү байдалтайгаар Тавантолгой төсөл үндсэндээ зогсож энэ хооронд нүүрсний үнэ ч дэлхийн зах зээлд навс унан, М.Энхсайхан сайдын хэлсэнчлэн Монгол Улс моментоо алдаад буй.

Харин Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасаг дээрх эмэгтэйчүүдийг баривчлан саатуулах болсон шалтгаан нь УИХ-ын гишүүн Х.Баттулгыг Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байх үетэй нь холбогдож байгаа.

Үйл явдлын дэлгэрэнгүй мэдээллийг ЭНЭ линкээс үзэх боломжтой.  

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна