З.Энхболд Баянхонгор аймаг дахь Төрийн банкны үйл ажиллагаатай танилцав

2016 оны 3 сарын 19

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр Баянхонгор аймаг дахь Төрийн банкны үйл ажиллагаатай танилцаж, тус банкаар үйлчлүүлж буй иргэдтэй уулзав. 

Баянхонгор сумын иргэн Ж.Алагаа тооцооны төвөөс мэдээлэл авсныхаа дагуу 2 сая төгрөгийн зээл авахаар ирээд байгаа аж. Тэрээр Улсын Их Хурал, Засгийн газраас малчдын зээлийн хүүг бууруулсан нь цаг үеэ олсон, бодит дэмжлэг болсон шийдвэр байсан талаар хэлж, малчид тун сэтгэл хангалуун байгааг өгүүлэв. 

Мөн ипотекийн 8 хувийн хүүтэй зээл авсан иргэн Б.Лхагвасүрэн болон иргэн н.Жаргалмаа нар энэ сарын 15-ны өдрөөс зээлийн хүү нь 5 хувь болж буурсанд тун баяртай байгаагаа Улсын Их Хурлын даргад хэллээ. Иргэн Б.Лхагвасүрэн 2015 оны 11 дүгээр сард 8 хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагджээ. Анх Төрийн банкинд зээл авах хүсэлтээ өгөхөд долоо хоногийн дотор шийдвэрлэгдсэн байна. Үүнээс хойш дөрвөн сарын дараа зээлийн жилийн хүү 5 хувь болж буурсанд тун их баяртай байна гээд төр, засгийн шийдвэр талархаж байгаагаа хэлж байлаа. Тэрээр энэхүү шийдвэрийн хэрэгжилтийн үр дүнд 3.9  сая төгрөг хэмнэжээ. Харин иргэн н.Жаргалмаагийн хувьд зээлийн нийт төлөлтийн хугацаанд нийтдээ 10 сая төгрөгийн бодит хөнгөлөлт эдэлж байгаа болохыг банкны захирал танилцуулсан юм. 

Өнөөдрийн байдлаар Төрийн банкны Баянхонгор аймаг дахь салбарт 12 зээлдэгчийн 420 сая төгрөгийн зээлийн хүү буурч, жилийн 5 хувийн хүүтэй болжээ. Цаашид 105 зээлдэгчийн 1.8 тэрбум төгрөгийн зээлийг 5 хувийн хүүтэй болгож шилжүүлэх ажил үргэлжилж байгаа талаар салбарын захирал Б.Батбаяр танилцууллаа. 

Баянхонгор аймагт 2012-2015 онд нийтдээ 1164 орон сууц шинээр ашиглалтад оржээ. Тус банкнаас МИК руу шилжүүлсэн 183 ипотекийн зээлдэгчдийн 1.5 тэрбум зээлийн хүү 5 хувь болох юм байна. 

Улсын Их Хурлын дарга энэ үеэр иргэдэд малчны зээл болон орон сууцны зээлийн хүүг бууруулах болсон шалтгааныг тайлбарлаж хэллээ. Тэрбээр Монгол Улс хөрш орнууддаа мах экспортлох бодит боломж нээгдсэн хэдий ч эрүүл ахуйн шаардлагыг хангаж чадахгүй байна. Тиймээс төр, засгаас малчдын үйлдвэрлэл эрхлэх, орлогоо нэмэгдүүлэхэд бодит дэмжлэг үзүүлэхээр зээлийн хүүг сарын 0.8 хувь болгон бууруулж байна. Малаа эрүүл байлгаж, нийгмийн даатгалын шимтгэлээ төлдөг, малчны данс ашигладаг малчин бүр энэ хөнгөлөлтийг эдлэх боломжтой гэдгийг онцлон хэлж байлаа. Мөн ипотекийн зээлийн хувьд иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн зэрэгцээ барилгын салбар, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид гээд олон мянган хүнийг ажлын байртай болгодог тул улс орны эдийн засгийн боломжид тулгуурлан зээлийн хүүг бууруулж байгааг онцолж байв. 

Улсын Их Хурлын даргыг дагалдан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Л.Эрдэнэчимэг, Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан, ИХТ-ын дарга Ширмэн болон албаны бусад хүмүүс ажиллаж байна.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна