Европын холбоо Турктэй тохиролцоонд хүрэв

2016 оны 3 сарын 19

 

Европын холбоо болон Туркийн эрх баригчид дүрвэгсдийн асуудлаар хоёр өдөр зөвшилцсөний эцэст удаан хүлээсэн тохиролцоонд хүрчээ. Талууд Европ руу гарахаар хил дээр хүлээж буй хэдэн арван мянган цагаач, дүрвэгсдийг буцаахаар тохиролцсон байна. Гэвч энэхүү хэцүү даалгаврыг биелүүлж, төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд олон сая ам.доллар зарцуулах тоо гарчээ.

 

Европын холбоо, Туркийн эрх баригчид Грекийн арал дээр хилээр гарахаа хүлээн хэдэн арван мянгаараа цугласан дүрвэгсдийг Турк руу буцаана гэж мэдэгдсэний дараа байдгаараа инээд алдаж, нэгнийхээ нуруун дээр алгадацгааж байжээ.

 

Хариуд нь дүрвэгсдийн асуудлыг шийдэхэд Туркт олон тэрбумын тусламж амлаж, Туркийн иргэдийг Европ руу гарахад нь урьд хожид байгаагүй визийн хөнгөлөлт үзүүлж, тус улсын Европын холбоонд нэгдэх саналыг эргэж харахаа амласан байна.

 

Одоо гурван сая гаруй дүрвэгсдийн орон болоод буй Туркийн Ерөнхий сайд Ахмет Давутоглу талууд тохиролцоонд хүрч чадсан нь чухал үйл явдал боллоо. Өнөөдөр бол түүхт өдөр. Өнөөдрөөс хойш Турк, Европын холбооны зам нийлж, зовлон бэрхшээл, хувь тавилан нь адилхан боллоо гэж ойлгож байна” гэжээ.

 

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Европт нэг сая гаруй цагаач, дүрвэгч гарсан нь дүрвэгсдийн хямрал үүсгэсэн билээ. Харин Европ руу үеийн ус шиг цутгаж буй цагаачдын урсгалыг зогсоохоор Европын холбооны 28 орон ийнхүү нэгдээд байна.

 

Баасан гаригт гарын үсэг зурсан уг хэлэлцээр нь хүний эрхийн болон хүмүүнлэгийн байгууллагуудын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарчээ.

 

НҮБ-ын Дүрвэгсдийн агентлаг Туркийн цагаачлалын систем ийм их ачааллыг даах чадамжгүй гэсэн бол хүний эрхийн байгууллагууд Туркийг хэвлэлийн эрх чөлөөгүй, дээр нь Курдын босогчдын эсрэг цуст тэмцэл явуулдаг гэж шүүмжилсэн юм.

 

Харин дүрвэгсдээс салахын тулд яахаас ч буцахгүй болсон баян Европын орнууд Туркийг “дүрвэгсдэд хамгийн ээлтэй орон” гэж тунхаглахад бэлэн байгаа юм.

 

Тэр бүү хэл жилд нэг удаа Туркийн таван иргэний нэг тутамд Европ руу гарах виз олгохоор амласан байна.

 

Хүний эрхийн төлөөх Эмнести интернэшнл байгууллага Турк, Европын холбооны гэрээг “чихрээр бүрсэн цианит”  гэж тодорхойлсон юм.

 

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна