Баянхонгор аймгийн бүтээн байгуулалтын ажлуудтай танилцав

2016 оны 3 сарын 19

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2016.03.19/ Баянхонгор аймгийн бүтээн байгуулалтын ажлуудтай танилцав. 

Тус аймгийн хувьд бүтээн байгуулалт сүүлийн жилүүдэд эрчимжиж байгаа талаар аймгийн удирдлагууд хэлж байлаа. Аймгийн хэмжээнд 2013-2014 онд нийт 32 багийн төв шинээр баригдаж ашиглалтад орсон агаад Баянхонгор сумын 2, 3, 5, 6, 7, 9 дүгээр багт спорт заал бүхий иж бүрэн багийн төвийг барьж ашиглалтад оруулжээ.

Багийн төв нь соёл, спортын бүх төрлийн арга хэмжээ зохион байгуулахад тохиромжтой бөгөөд багийн Тамгын газар, цагдаа, эмнэлэг багтсан томоохон байгууламж юм байна. Багийн төв, спорт заалыг 2015 онд орон  нутгийн хөгжлийн сангийн 422 сая төгрөгийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулсан болохыг аймгийн удирдлагууд Улсын Их Хурлын даргад танилцууллаа. Тус төв ашиглалтад орсноор 7,9 дүгээр багийн ард иргэд төрийн үйлчилгээг ойроос авах нөхцөл бүрджээ. 

Улсын Их Хурлын дарга З.Энхболд мөн энэ үеэр Баянхонгор сумын 11 дүгээр цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцсан юм. Тус цэцэррлэг нь 2013 онд ашиглалтад орсон бөгөөд 7,9 дүгээр багийн гэр хорооллын хүүхдүүдийн 90 хувь нь сургуулийн өмнөх боловсролд хамрагддаг байна. Дээрх хоёр баг нь  нийтдээ 2000 гаруй өрх, 6000 гаруй иргэнтэй аж. 11 дүгээр цэцэрлэг нь одоогоор бага оврын уурын зуухаар ажилладаг бөгөөд ирэх жилээс төвийн шугамд холбохоор төлөвлөөд байгаа юм байна.

Баянхонгор аймаг сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд шинээр 8 цэцэрлэгийг ашиглалтад оруулсан байна. Мөн хувийн хэвшлийн цэцэрлэгийг бодлогоор дэмжсэнээр аймгийн хэмжээнд цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 90 хувь нь сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байгаа аж. Түүнчлэн боловролын чанарыг сайжруулах зорилгоор олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагаа энэ үеэр Улсын Их Хурлын даргад танилцуулсан юм.

Улсын Их Хурлын дарга дараа нь өрхийн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцав. Уг өрхийн эмнэлэгт 2 эмч, 3 сувилагч ажилладаг бөгөөд оргил ачааллынхаа үеэр өдөрт 80-90 хүн үйлчлүүдэг байна. 

Үүний дараа нь Улсын Их Хурлын дарга З.Энхболд дагалдан ажиллаж буй төлөөлөгчдийн хамтаар агаарын бохирдол, элсний нүүдлийг багасгах зорилгоор байгуулж буй ойн зурвастай танилцлаа.

Аймгийн төвийн баруун болон баруун хойд хэсэг буюу 7, 3, 2, 6 дугаар багийн ар хэсгээр 5,6 км урттай, 50 м-ийн өргөнтэй 26 га талбайд 10 эгнээгээр жигд, чацаргана, шар хуайс, хайлаас, улиас зэрэг таван төрлийн 25.200 ширхэг модыг төрийн албан хаагчдын хүчээр 2014 оны 10 дугаар сард тарьжээ. Ингэхдээ хайсжуулах ажлыг зохион байгуулж, цэнэг усалгаа хийж ойн зурвас байгуулсан байна. Уг ажлыг зохион байгуулахад орон нутгийн хөгжлийн сангаас 70 сая төгрөг зарцуулжээ.

Мөн 2015 онд тус ойн зурваст Чандмань-Баянхонгор ТӨХК-иар 1300 м3-ийн багтаамжтай усан сан хийлгэж, “Хот тохижилт” ОНӨК 80.000 м урттай услалтын систем хийжээ. Энэ оны 4 дүгээр сараас байнгын усалгааны ажлыг хийж эхлэхээр төлөвлөсөн бөгөөд үүнд 414.471.900 төгрөг зарцуулаад байгаа аж. Үүний 50 сая төгрөгийг орон нутгийн хөгжлийн сангаас гаргасан бол үлдсэн санхүүжилтийг аж ахуйн нэгж, байгууллагуудын хөрөнгө оруулалтаар гүйцэтгэсэн талаар мэргэжилтнүүд Улсын Их Хурлын даргад танилцууллаа. 

Улсын Их Хурлын даргыг дагалдан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Л.Эрдэнэчимэг, Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан, ИХТ-ын дарга Д.Ширмэн болон албаны бусад хүмүүс дагалдан ажиллалаа.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна