УИХ-ын дарга “Мах март” үйлдвэрийн нээлтэд оролцов

2016 оны 3 сарын 19

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд дагалдан яваа төлөөлөгчдийн хамтаар өнөөдөр /2016.03.19/ Баянхонгор аймагт ажиллаж байна.

Улсын Их Хурлын дарга энэ үеэр аймгийн төвд шинээр ашиглалтад орж буй мах боловсруулах үйлдвэрийн нээлтэд оролцов. Мах боловсруулах үйлдвэрийг “Баянхонгор констракшн” ХХК  2.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй өөрийн хөрөнгөөр гүйцэтгэж ашиглалтад оруулаад байгаа талаар тус компанийн захирал Б.Ууганбаяр танилцуулсан юм. 

Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат уг үйлдвэрийн нээлтийн үеэр хэлсэн үгэндээ, нутаг орноо дэмждэг бизнес эрхлэгчид 2008 онд ийм үйлдвэр байгуулах талаар анх ярилцаж байлаа. Өнөөдөр ашиглалтад орж байгаад тун баяртай байна. Монгол Улсын Засгийн газраас уул уурхайн бус экспортыг дэмжихэд онцгойлон анхаарч ажиллаж байгааг Та бүхэн мэдэж байгаа. Монголчуудын уламжлалт мал аж ахуйд түшиглэн экспортыг нь дэмжиж байгаа. Өнөөдрийн байдлаар таван аймаг Бургастайн боомтоор мах экспортлоод эхэлсний нэг нь манай Баянхонгор аймаг юм. Сүүлийн жилүүдэд баянхонгорчууд малаа таван төрлөөр нь өсгөн амжилттай ажиллаж байна. Ийнхүү өнөөдөр шинэ үйлдвэр ашиглалтад орж байгаа нь Монгол Улсын хөгжил, тэр дундаа Баянхонгор аймаг хөгжиж, эдийн засгийн шинэ гарцтай болсны илрэл юм  гэлээ. 

“Мах март” үйлдвэр нь одоогоор махыг ангилах, зоорилох, шулах үйл ажиллагаа явуулж байгаа агаад бүрэн хүчин чадлаараа ажиллахад өдөрт 600 бог, 80 бодын мах боловсруулах юм байна. Цаашид хүчин чадлаа нэмэгдүүлэн хиамны үйлдвэр, өлөнгийн цех, мах хөлдөөх агуулах, цусны болон ясны гурил хийх зэрэг боловсруулах үйлдвэрлэл эрхлэх аж. Одоогийн байдлаар үйлдвэр ашиглалтад орсноор 24 байнгын ажлын байр шинээр бий болж, цаашид хүчин чадалаа нэмэгдүүлж ажилласнаар ажлын байрны тоо нэмэгдэх юм байна. 

Үүнийн дараа Улсын Их Хурлын дарга дагалдан яваа төлөөлөгчдийн хамтаар Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус ангийн бие бүрэлдэхүүн төлөөлөгчдийг хүндэтгэл үзүүлж угтав.

Дараа нь тус ангийн захирагч Улсын Их Хурлын даргад үйл ажиллагааныхаа талаар танилцуулав. Монгол Улсын Засгийн газрын 2010 оны МН114 дүгээр тогтоол, Батлан хамгаалах сайдын 2010 оны МН 15 дугаар тушаал, ЗХЖШД-ын 20110 оны Н1444 дүгээр тушаалаар Барилгын инженерийн анги болж Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутагт байгуулагдсан байна. Байгуулагдсанаас хойш аймгийн цагдаагийн газар, Тагнуулын хэлтсийн барилгын өргөтгөл их засвар, Баянлиг суманд 8 сувилал, төрөхийн өмнөх эхчүүдийн амрах байр, Баацагаан сумын цагдаагийн кабон, Хүүхэд залуучуудын гурван бүс болон Хүүхэд залуучуудын мазаалай цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт, үндэсний сурын талбайн их засварын ажил, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх төвийн барилга угсралт засварын ажил, аймгийн нэгдсэн эмнэлгийн харьяа халдвартын эмнэлэг, Баян-Өндөр сумын Амарбуянт хийд, ангийн албан хаагчдын албан тушаалын 40 айлын орон сууц, Баянлиг, Бууцагаан сумдад "Шинэ сум" төслийн барилгын ажилд туслан гүйцэтгэгчээр оролцжээ. Мөн Баянлиг сум дахь Зэвсэгт хүчний 103 дугаар тусгай салбарын штаб уурын зуухны барилга, аймгийн Онцгой байдлын хэлтсийн барилгын их засвар, Баянхонгор хотын төвийн дулаан, цэвэр усны шугам сүлжээний байгууламжийн шинэчлэл, Ховд аймаг дахь Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн соёл спортын төв, Баянхонгор аймгийн төв цэнгэлдэх хүрээлэнгийн өргөтгөл, их засварын ажил, Баянхонгор аймгийн төвд байрлах Эрдэнэмандал хайрхны тохижилтын туслан гүйцэтгэх ажил, Баянхонгор хотын төв зам дагуух ногоон байгууламжийн усжуулалтын систем, Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн соёл, спортын төв, Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн гадна дулаан, цэвэр усны шугам сүлжээний шинэчлэлийн ажил, Зэвсэгт хүчний албан хаагчдын 300 айлын орон сууцны А2 блокийн 1-10 давхрын 70 айлын орон сууцны барилга угсралт засварын ажлууд зэргийг гүйцэтгэсэн байна. 

Танилцуулгын дараа Улсын Их Хурлын дарга цэргийн ангийн үйл ажиллаагаатай танилцаж, алба хааж буй хугацаат болон гэрээт цэргүүдтэй уулзлаа. 

Улсын Их Хурлын даргыг дагалдан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Л.Эрдэнэчимэг, Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан, ИХТ-ын дарга Д.Ширмэн болон албаны бусад хүмүүс дагалдан ажиллалаа.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна