Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хуультай болсонд талархаж байна

2016 оны 3 сарын 19

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт өнөөдөр Ховд аймгийн Буянт, Мянгад сумдадүргэлжлүүлэн ажиллаж байна. Тэрээр өчигдөр аймгийн Зэвсэгт хүчний 95 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээнд оролцсон. Мөн аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлтэй уулзаж УИХ-аар батлагдсан хуулийн талаар мэдээлэл хийлээ. УИХ-ын намрын чуулганаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг баталсан. Энэхүү хуулийг батлахдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тал бүрийн төлөөллийг оролцуулсан нилээд чамбай хууль болсон гэдгийг УИХ-ын гишүүн Д.Батцогт онцолж байв.  

Улсын хэмжээнд 111 орчим мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдгаас Ховд аймагт л гэхэд 3000 орчим иргэн байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 40 хувь нь төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй байгаа бол 60 хувь нь олдмол бэрхшээл эзэлж байгаа юм.

Уулзалтад ирсэн иргэд УИХ-ын гишүүн, НББСШУБХ-ны дарга Д.Батцогт аймагтаа байнга ирж ажилладаг, аймаг орон нутгийнхаа хөгжлийн төлөө чамгүй сайн ажиллаж буйд талархаж байгаагаа илэрхийлж байлаа. Мөн Хөгжлийн бэрхэшээлтэй иргэдэд чиглэсэн  тусгайлсан хуультай болсонд талархаж байлаа. Харин энэ хууль маань зөвхөн цаасан дээр буусан  “цаасан” хууль болчих вий. Хуулиа сурталчилж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалаарай гэв. Мөн Ховд аймагт  хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвтэй болох, ийм төрлийн бэрхшээлтэй иргэд нийтийн тээврээр зорчиход хүндрэлтэй байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эх хүн ажил хийх боломжгүй үндсэндээ насан туршдаа өвчтэй хүүхдээ хараад суух болдог гэх мэт олон асуудлыг анхаарч ажиллахыг УИХ-ын гишүүнд хандан хэллээ.

УИХ-ын гишүүн Д.Батцогт Буянт, Мянгад сумдад ажиллаж байгаа бөгөөд маргааш Дуут суманд ажилласнаар сумдын иргэдтэй хийх уулзалт өндөрлөнө. Харин гуравдугаар сарын 21-23-ны өдрүүдэд аймгийн төвд ажиллах юм.

Г.БОЛОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна