В.Путин хохирогчдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлэв

2016 оны 3 сарын 19

16.47

 

 

ОХУ-ын Донын Ростов хотод осолдсон Flydubai компанийн FZ981 онгоц ослын 62 хохирогчийн ар гэрийнхэнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин эмгэнэл илэрхийлснийг Кремлийн төлөөлөгч дамжуулжээ. Тэрээр мөн хохирогчдын ар гэрийнхэнд шаардлагатай бүх мэдээлэл, тусламжийг үзүүлэх болно гэж мэдэгдсэн байна. Ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж буй ОХУ-ын Мөрдөн шалгах товчооны төлөөлөгч Оксана Ковризная хэлэхдээ шинжээчид “цаг агаарын нөхцөл байдлыг зөв үнэлж чадаагүйгээс нисгэгч алдаа гаргасан, эсвэл техникийн саатал гарсан байж болзошгүй” гэдэг хоёр таамаг дэвшүүлээд байгаа гэнэ.

 

Flydubai компани 2009 оноос хойш нислэг үйлдэж байгаа бөгөөд FZ981 онгоцны осол тус компанийн түүхэн дэх анхны осол ажээ. Онгоцны зорчигчид нь бүгд ОХУ-ын иргэд байсан бол нисэх багийн гишүүд нь Колумб, Киргиз, Испани болон Арабын нэгдсэн Эмиратын иргэд, ахмад нь кипр хүн байсан гэнэ.  Flydubai компани  FZ981 онгоц осолдсонд хохирогчдын гэр бүлийнхнээс уучлал гуйж, онгоцонд нийт 62 хүн байсныг баталжээ.

 


 

13.05

 

Ослын газарт 500 гаруй хүн ажиллаж байна

 

 

ОХУ-ын Доны Ростов хотод осолдсон Flydubai компанийн FZ981 онгоцны ослын шалтгааныг тодруулахаар 500 гаруй хүн, 60 гаруй машин техник ажиллаж байна.

 

Агаарын хөдөлгөөний хяналт болон орон нутгийн онцгой байдлын албаны баталж буйгаар Boeing 737-800 онгоц үзэгдэх орчин муу байсны улмаас хоёр дахь удаа буух оролдлого хийж байхдаа осолдсон гэнэ. Ослын шалтгааныг тогтоогоогүй байгаа боловч үзэгдэх орчин  муу байсны улмаас нисэх зурвасаас 50-100 метрийн наана осолдсон гэдэг урьдчилсан таамаг дэвшүүлээд байна. Орон нутгийн онцгой байдлын албаны мэдээлснээр онгоцны багийн долоон хүнтэй нийлээд нийт 62 хүн бүгд амиа алдсан байна.

 

Онгоцны зорчигчид нь бүгд ОХУ-ын иргэд байсан бөгөөд нисэх багийн гишүүдийн зарим нь гадаадын иргэд байжээ.

 

Ослын бичлэгээс харахад онгоц газардах үедээ дэлбэрчээ. Ослын газар ажиллаж буй онцгой албаныхан галыг унтрааж дуусаад эрлийн ажлыг эхлүүлсэн байна.

 

FZ-981 FlyDubai  нислэгийн онгоц баасан гаригийн 22:37-д хөөрч 01:40-д газардах байжээ. Гэсэн хэдий ч онгоцны буудал Москвагийн цагаар өглөөний 9:00 минутад хаалттай байжээ. Ослын улмаас зургаан нислэг хойшлогдсон гэнэ.

 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар онгоц буух эхний оролдлого хийх үеэр сүүл нь гэмтсэн байна. Ингээд хоёрдах оролдлого хийх үеэрээ осолдож, дэлбэрчээ.

 

Орон нутгийн онцгой албаны газрын сайд шинжээчдийн баг болон амь үрэгдэгсдийн гэр бүлийнхнийг тайвшруулахаар сэтгэлзүйчдийг илгээжээ.

 

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна